Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

"ХАЙРТАЙ" ЮУ?

Ч.Болортуяа
2014 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хэн нэгэнд "би сэтгүүлч" гэж хэлэхээс ч эмээх цаг иржээ. Учир нь энэ мэргэжлийн үнэ цэнэ тэгтлээ бууж. Амтай болгон цагдаа, багш, эмч нарын ёс зүй, чадварын асуудлыг ярьдаг шиг л сэтгүүлчдийг ч мөн чадваргүй, ёс зүйгүй, мэдлэггүй гэнэ. 

Гэтэл энэ салбарт хийж бүтээх эрмэлзлэлтэй, ёс зүйтэй сэтгүүлч олон. Хэдхэн хүний алдаа болоод ёс зүйн асуудлаас үүдэн энэ салбарын нэр хүнд унасаар. 

Шантааж, хаалтын гэрээ, захиалгат сэтгүүл зүй гээд хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндийг унагаж байгаа зүйл цөөнгүй. 

Мөн сэтгүүлч санамсаргүй хийсэн алдаанаасаа болж эсвэл эрх мэдэлтэй нэгний булайг дэлгэсэн тохиолдолд цагдаа, шүүхийн хаалга татах тохиолдол элбэг боллоо. 

Тиймээс хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалтыг хүлээсээр өдийг хүрчээ. Яг одоо үүнийг хийхгүй бол бид дахиад л 20 жил хүлээнэ. 

Өөрийн зохицуулалт бий болсноор:

  1. Хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн хэм хэмжээг зааглах, ялгах хэмжигдэхүүнтэй болно.
  2. Ёс зүйтэй, мэргэжлийн үнэ цэнээ ойлгож ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд өснө.
  3. Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах буюу алдаа гаргасан тохиолдолд шүүх, цагдаагийн хаалга татахаас өмнө эвлэрүүлэн зохицуулна.
  4. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүлээн авагч, нийт уншигчдын эрх ашгийг хамгаална.

НЭГДЭЛ ЮУНААС Ч ЧУХАЛ БАЙНА

Хэвлэл мэдээллийн салбарт түүчээ болсон эрхмүүд энэхүү өөрийн зохицуулалтыг бий болгохоор өмнө нь хэд хэдэн удаа оролдож байсан ч төдийлөн амжилт олж байсангүй. Гэхдээ амжилтгүй боллоо гээд бид хойш суугаад байж боломгүй нь. Одоо л хийх цаг иржээ. 

Монголын Медиа Консул Клуб санаачлан эхлүүлж өнөөдөр 20 гаруй байгууллага 40 орчим сэтгүүлч нэгдээд байна. 

Монголын хэвлэл мэдээлэл өөрийн зохицуулалттай болох үйлсийг Монголын Медиа Консул Клуб санаачлан эхлүүлж өнөөдөр 20 гаруй байгууллага 40 орчим сэтгүүлч нэгдээд байна. 

Долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг Монголын Медиа Консул Клуб энэ долоо хоногт Хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалттай болохыг дэмжсэн Санаачлагчдын бүлэг байгуулсан юм. 

Энэ үйл ажиллагааг дэмжиж, санаа сэтгэлээ зориулж байгаа байгууллагууд:

  • Монголын Медиа Консул Клуб,
  • Монголын сэтгүүлчдийн эвлэл,
  • Хэвлэлийн Хүрээлэн, 
  • Глоб Интернэшнл Төв, 
  • Парламентын Сэтгүүлчдийн Холбоо, 
  • Мидас ТББ, 
  • Мэдээлэл Холбооны Чадавхийн Хөгжлийн Форум, 
  • Монголын Үнэдсний Пресс Клуб, 
  • Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, 
  • Монголын Телевизийн Холбоо, 
  • Монголын Сайтын Холбоо, 
  • iKon.mn сайт 
  • Ньюс Агентлаг, 
  • Монгол ТВ, 
  • Монголын Чөлөөт Сонины Холбоо, 
  • Монголын Хүйн Радиогийн Холбоо, 
  • Монголын залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо, 
  • Монголын ФМ Радиогийн Холбоо, 
  • Хүний Эрхийн Үндэсний Комиссын Сэтгүүлч клуб, 
  • Ил тод байдал сан, 
  • МУИС-ын Сэтгүүлзүйн тэнхим, 
  • МУБИС-ын Сэтгүүлзүйн тэнхим зэрэг байгууллага МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРТ ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭН НЭГДЭЭД БАЙНА. 

СЭТГҮҮЛЧ ТА ЭНЭ МЭРГЭЖИЛДЭЭ "ХАЙРТАЙ" ЮУ?

Сэтгүүлч хэмээх энэ мэргэжлийг хүн бүр л хүсч, дурлаж сонгосон нь лавтай. Тэгвэл энэ хүсч дурласан мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож, хүндэтгэж байгаа билүү, бид. Энэ мэргэжлийн нэр хүндийг өсгөхийн тулд өмнөх ажлаа сайн хийхээс гадна хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг бий болгох энэ үйлсэд НЭГДЭХИЙГ БҮХ ҮЗЭГТ НЭГТ НӨХӨДДӨӨ УРИАЛЖ БАЙНА. 

Бүх эвсэл, холбоо, байгууллага, сэтгүүлчдийн хувьд энэ үүд хаалга нээлттэй. 

Хүн хайртай зүйлээ хүндэтгэн, дээдэлдэг. Тэгвэл СЭТГҮҮЛЧ гэх энэ алдрыг нэр хүндтэй авч явахын тулд ёс зүйтэй, хариуцлагатай ажиллаж чадварлаг байхаас гадна энэ мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ажилд сэтгэл юугаа зориулах цаг нь иржээ. 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд!