Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчид өөрсдийгөө хамгаалах хөшүүрэгтэй болно

Б.Ану
2014 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллага бий болгох, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн хэрэгжүүлэхийг дэмжих зорилго бүхий “Медиа Консул Монголиа" (Media Council Mongolia) хэмээх клубийг хэсэг сэтгүүлч үүсгэн байгуулаад байна. 

“Хэвлэл мэдээллийн хараат бус зөвлөлийг жинхэнэ утгаар нь байгуулахын тулд сэтгүүлч бид мэргэжлийн хэм хэмжээний талаарх мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байгаа билээ. Үүнээс гадна салбар дотроо ойлголцох, эвлэлдэн нэгдэх нь маш чухал. Алийн болгон муугаа дуудуулж, дор дороо зөвхөн өнөөдрөө бодож амьдрах вэ” хэмээн клубийн идэвхтэй гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг, МҮОНТ-ийн тоймч Ж.Алтангэрэл хэллээ.

Клубийн гишүүнээр сэтгүүлч, сэтгүүлзүйн багш, судлаачид ажиллаж буйгаас гадна Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэшнл зэрэг хэвлэл мэдээллийн салбарын томоохон төрийн бус байгууллагууд дэмжиж, үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлж байгаа юм.

Ц.Чимэддондог "Монголд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болгоно гэдэг нь асар том, хэрэгжүүлэхэд тийм ч амаргүй зорилго юм"

2013 оны сүүлээр байгуулагдсан тус клуб эхний ээлжинд мэргэжлийн ёс зүйн зарчим, дүрэм, практик сэтгүүлзүйд гарч буй түгээмэл алдаа, тэдгээрийн шалтгааны талаар харилцан туршлага солилцож, гишүүдийнхээ мэдлэгийг дээшлүүлэх, ойлголтоо нэгтгэхээр ажиллаж буй. 

Үүний тулд тэд долоо хоног бүрийн Мягмар гарагт тогтмол уулзаж, дээрх асуудлуудтай холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын зарим заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, гадаадын ёс зүйн зарчимд ижил төстэй асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг талаар мэдээлэл сонсож, өөрсдийн ёс зүйн зарчмыг хэрхэн илүү оновчтой болгох талаар санал солилцож байна. 

Тус клуб цаашдаа олон улсын зарим байгууллагааас мэргэжлийн туслалцаа, зөвлөлгөө авахаар төлөвлөж байгаа юм. 

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, редакциудтай уулзаж, Монголын сэтгүүлзүйг эрүүл байлгах хүсэл зорилго бүхий хэн бүхэнтэй нээлттэй хамтран ажиллахыг зорьж байна.

“Монголд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болгоно гэдэг нь асар том, хэрэгжүүлэхэд тийм ч амаргүй зорилго юм. Гэхдээ ёс зүйн зөвлөл бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийгөө хамгаалах маш чухал хөшүүрэг мөн гэдгийг хэдий чинээ олон хүн ойлговол төдий чинээ богино хугацаанд бид энэ хөшүүргээ бодит зүйл болгож чадна” хэмээн Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүлзүйн багш, менежер Ц.Чимэддондог үзэж байна.