Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнхнасан: Хүүхдийн сурлага эрс муудахад нэг л шалтгаан байдаг

БСШУСЯ
2014 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.

Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.

Бид энэ удаад Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн бага ангийн  багш Г.Мөнхнасантай уулзаж цөөн хором ярилцлаа.

-Боловсролын салбарын чанарт шинэчлэл хийхийн тулд нэн тэргүүнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь зүйтэй гэж салбарын яам тодорхойлж, зорьж байгаа. Энэ ажлыг гардан гүйцэтгэж байгаа багшийн хувьд одоо харахад хүүхэд нэг бүрийг хөгжүүлж болж байна уу?

-Бололгүй яахав. Би боловсролын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байгаа хүн. Өнгөрсөн жил тавдугаар анги төгсгөөд энэ жил зургаан настнуудын нэгдүгээр ангитай хичээллэж байна. Одоо манай ангийн 31 хүүхэд дунд уншиж, бичиж чаддаггүй хүүхэд байхгүй. Хоёр л хүүхэд бусдаасаа арай удаан уншиж, бичиж байгаа. Тэр хоёртойгоо тусгайлан ажиллаж байна. Удахгүй бусадтайгаа адилхан болно.

-Хүүхэд бүрийг жигд хөгжүүлэхэд таны баримталдаг арга барил юу вэ?

-Ер нь бага ангийн багш нар математик, Монгол хэлний хичээлийг л голлодог шүү дээ. Эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурч байж л бусад хичээлдээ амжилттай сурдаг. Тоо ч мөн адил. Нэгдүгээр ангид нь багш сайн хичээсэн байхад бусад ангиудад нь багш нэг их түүртэхгүй. Би ер нь хоцрогдолтой хүүхдүүдтэйгээ илүү тулж ажилладаг. Хүүхэд бүрийн чадвар өөр шүү дээ. Багшийг ярьж байхад шууд хүлээж авдаг хүүхдүүд гэвэл ангийн 30 хүүхэд байлаа гэхэд 10 нь л тийм байдаг. Зарим нь нэг хэлүүлээд ойлгоно, зарим нь ганцаарчилж тайлбарлуулж байж ойлгоно. Тэр бүрийг л багш мэдэрч ажиллах хэрэгтэй гэж боддог.

Нэгдүгээр ангид нь багш сайн хичээсэн байхад бусад ангиудад нь багш нэг их түүртэхгүй.

Мөн эцэг эхчүүдтэй их хамтарч ажиллаж байна. Нэг үеэ бодоход эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа. Хүүхдийн хөгжилд эцэг эх бас голлох үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Тиймээс тэдэнтэй нягт холбоотой байх хэрэгтэй. Ер нь багш эцэг эх, хүүхэд бүгдийн оролцоо хангалттай байж гэмээнэ хөгжинө.

-Хичээлээ ямархуу байдлаар явуулдаг вэ? Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлэх хэцүү байх л даа?

-Зургаан настай хүүхдүүдийн анхаарал төвлөрөхгүй биш төвлөрнө. Гэхдээ үсрээд л 10 минут анхааралтай сууна. Үүнийг нь мэдэрч л хичээлээ явуулна даа. Хичээлдээ аль болох тод өнгийн содон, сонирхолтой хэрэглэгдэхүүн ашиглах хэрэгтэй. Миний хувьд “зургаар ярилцахуй” гэдэг арга хэрэглэдэг.

Жишээ нь, нэгдүгээр ангид нь хүүхэд бүр нэг зураг үзүүлнэ. Тэгээд түүнийхээ нэрийг л бичүүлнэ. Хурганы зураг байлаа гэхэд хурга гэж бичүүлээд, хурганы талаар яриулж, ярьж тухайн хүүхдэд мэдлэг болгоно гэсэн үг. Домбоны зураг үзүүлэхэд л хүүхдүүд мэддэггүй. Тэгээд л эхлээд бичүүлж сургаад дараа нь домбо гэж юу вэ гэдгийг тайлбарлаж таниулна. Хүүхдүүд дараа нь тэр зургийг хараад л домбо гээд бичиж чадаж байх жишээтэй.

Тэгээд л яваандаа байгалийн зураг гэх мэт илүү олон үг орсон зургууд үзүүлнэ. Хүүхэд харсан юмаа хурдан тогтоож, ойлгодог. Тэрнээс биш үзүүлэхгүйгээр домбо гэдэг үгийг бичүүлээд байвал хүүхэд тогтоохгүй шүү дээ. Энэ маягаар танин мэдэх хүсэлд нь тулгуурлаад бичиг үсэг заавал хүүхдүүд их дуртай байдаг. Нөгөө талаас хүүхдүүдийнхээ чилээг гаргах маягаар энэ хичээлийг явуулчихдаг юм. Тэгээд хоёрдугаар ангиас нь тухайн зургаар өгүүлбэр зохиолгоно.

Гуравдугаар ангид нь үйл явдалтай зураг харуулаад бяцхан эх зохиолгодог. Өмнө нь бол за үүнийг унш, бич, бод гэсэн даалгавар өгдөг байсан. Тэгэхээр хүүхдүүд маань зарим үед залхдаг. Энэ арга барил нь харин хүүхдүүдийн алжаалыг тайлна. Дээр нь сэтгэхүйг нь хөгжүүлнэ.

-Шинэчлэлийн бодлого хэрэгжээд нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд юу өөрчлөгдөв? Сайжирсан зүйл байна уу?

-Байлгүй яахав. Багш бүр заах арга зүйгээ өөрчилж байна. Аль болох хүүхэд бүртээ сонирхолтой, ойлгомжтой байдлаар хичээлээ явуулахыг эрмэлзэж байна. Өмнө сайн санаа олсон ч төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй байсан бол одоо тийм боломжууд гарч ирж байна. Үр дүнд нь өмнөх жилүүдэд шинээр элсдэг байсан хүүхдүүдээс энэ жил элссэн зургаан настнууд маань харьцангуй хичээлдээ дуртай, жигд ахиад сураад явж байна гэх мэтчилэн олон зүйл өөрчлөгдөж байна даа. Мөн багш нар маш их сургалтанд суудаг. Түүнээсээ олж мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэхийг илүү эрмэлздэг болсон.

-Эргээд бодоход хүүхэд муу сурах гол шалтгаан юу байж вэ?

-Би Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан сургалтаас нэг чухал зүйл ойлгосон. Хүүхдийн сурлага эрс муудахад нэг л шалтгаан байдаг. Юу вэ гэвэл, хүүхэд ойлгоогүй үлдсэн нэг үгнээс болоод л тухайн хичээлээ ойлгохгүй, сурахгүй үлдэж хоцордог юм билээ. Багш нар тухайн үгийг өөрсдөө мэддэг болохоор хүүхдийг мэддэг байх гээд тайлбарлаж өгөлгүй хичээлээ үргэлжлүүлдэг.

Хүүхэд ойлгоогүй үлдсэн нэг үгнээс болоод л тухайн хичээлээ ойлгохгүй, сурахгүй үлдэж хоцордог юм билээ.

Харин хүүхэд багш аа энэ үг ямар утгатай юм бэ гэж асуулгүй төсөөлж бодсоор мухарддаг. Тийм болохоор аль ч хичээл дээр ойломжгүй байж болох бүх л үгсийг сайн тайлбарлах хэрэгтэй юм билээ. Жишээ нь бид “хөрш тоо” гээд л заадаг. Гэтэл хүүхэд хөрш гэдэг үгийн утгыг мэдэхгүйгээр яаж ойлгох вэ дээ.

-Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

-Хамгийн гол нь хүүхэд бүрийгээ таних хэрэгтэй. Хэн ямар чадвар, авьяастай вэ, юу сонирхдог вэ гэх мэтчилэн. Ингээд таньсныхаа дараа тэр хүсэл, сонирхолд нь нийцэхүйц байдлаар хичээлээ явуулна даа.

-Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх шинэ журмын талаар та ямар бодолтой байна вэ?

-Яг журмынхаа дагуу үнэлвэл үнэхээр боломжийн санагдаж байгаа шүү. Яг л хүүхдийн ахицыг хараад, энэ багш ямар хүүхдийг ямар төвшинд хүргэв гэдгийг нь дүгнэвэл маш зөв. Хүүхдээ шалгаад л багшийг үнэлэх тухай журам шүү дээ.

-Гэтэл журмынхаа дагуу үнэлэхгүй байгаа юм уу?

-Үгүй л дээ. Гэхдээ зарим тал дээр багшийн юу хийж байгааг л шалгах гээд бас баахан цаас бэлдүүлэх гээд байдаг. Тэгээд л илүү их тайлан бэлдэж, өөрийгөө сайн “рекламдаж” чаддаг багш л урамшуулал авдаг байдал хэвээрээ үлдэх гээд байна уу гэсэн айдас байна. Гэхдээ одоо журам хэрэгжиж эхэлсэн ч гэсэн туршилтын хугацаандаа байна л даа.

Ирэх намраас ганц журам ч гэлтгүй бага боловсролын салбарт маш их өөрчлөлтүүд хийгдэх гэж байгаа. Би бол тэр их бичиг цаасны ажлыг нь нэг их хийхгүй, санаа тавихгүй байгаа. Өнгөрсөн жил Л.Гантөмөр сайд багш нартай уулзахдаа багшийн цаасны ажлыг хөнгөлнө. Багш бичиг цаасны оронд хүүхэд бүрээ хөгжүүлэхэд анхаарах ёстой гэсэн юм чинь /инээв/.

Багшийг цаасаар биш хүүхдийнх нь ахицаар үнэлэх болж байгаа нь маш их таалагдаж байгаа.

 

-Та 23 жил ажилласан гэхээр үе үеийн Засгийн Газраас хэрэгжүүлж байсан бодлогуудыг сайн мэднэ. Боловсролын бодлого хэзээ хамгийн зөв байсан бэ?

-Л.Гантөмөр сайдын үед л маш зөв зүйлс хийгдэж байна. Үүнийг бараг бүх багш нар дуу нэгтэй хэлнэ дээ. Хүүхдийн авьяас, чадвар, сонирхолд нь тулгуурлаж, хүүхэд нэг бүрийг орхилгүй хөгжүүлнэ гэдэг бол маш зөв. Дээр нь багшийг цаасаар биш хүүхдийнх нь ахицаар үнэлэх болж байгаа нь маш их таалагдаж байгаа. Бүх багшид л сайхан санагдаж байгаа байх.