Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдулам: Бид зөвхөн онц сурлагатан бэлтгэх “үйлдвэрлэл” явуулдаг байсан үе өнгөрсөн шүү дээ

ikon.mn
2014 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Бага ангийн багш Б.Пүрэвдулам

Боловсрол, шинжлэх ухааны яам шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаас хойш нэг л зүйлийг ярьж, хийхийг хичээж байгаа нь “Хүүхэд бүр”-ийг хөгжүүлэх.

Л.Гантөмөр сайд ч энэ тухай багш, эцэг эхчүүдийг цээжилтэл ярьсан.

Боловсролын салбарын чанарт үсрэнгүй шинэчлэл хийнэ гэж ам гарсан сайдын ам, ажил хоёр бодит байдал дээр хэрхэн нийцэж байна вэ гэдгийг сонирхохоор жирийн нэгэн бага ангийн багштай цөөн хором ярилцсан юм. 

-Та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Б.Пүрэвдулам гэдэг. Нийслэлийн 23-р сургуулийн бага ангийн багш. Багш мэргэжлээр төгсөөд 11 жил ажиллаж байна.

Тэд чинь одоо балчир болохоор багшаа би ядарч байна гэж хэлэхгүй л дээ.

-Танай анги их олон хүүхэдтэй юм. Ихэнх нь нэг ширээнд гурваараа сууж байна шүү дээ. Хэдэн хүүхэд байна вэ?

-Харин тийм. Манай анги 57 хүүхэдтэй. Олон хүүхэдтэй ангиудын нэг л дээ...

-Нэг ангид ийм олон хүүхэд суухаар хэцүү биз? Хүүхдүүд ч бас ядардаг байх даа?

-Амаргүй л дээ. Долоо, найман настай хүүхдүүд болохоор их хөдөлгөөнтэй. Хүүхдүүд ч бас ядардаг байх. Гэхдээ тэд чинь одоо балчир болохоор багшаа би ядарч байна гэж хэлэхгүй л дээ. Боломж бололцоо нь байдаг бол арай цөөн хүүхэдтэй ажиллавал амар байх даа гэж хааяа бодогддог л юм.

-Ийм олон хүүхэдтэй ажиллахаар “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” яамныхаа бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна уу? 

-Бас л амаргүй. Гэхдээ энэ бодлого гараад жил гаруй болж байна. Анх бол үнэхээр боломжгүй мэт санагддаг байсан. Гэтэл үгүй юм билээ. Үнэндээ хүүхэд бүрийг хөгжүүлье л гэвэл хэдэн хүүхэдтэй байх нь биш хичээлээ хэрхэн заах вэ гэдэг нь л чухал юм билээ.

Одоо бидний ажлыг цаасаар биш хүүхдийнх нь хөгжлөөр дүгнэж цалин, урамшуулал олгох журамтай болсон. Тийм болохоор цалингаа нэмүүлье л гэвэл энэ хэдэн хүүхдээ яаж бүгдийг нь “онц” сурлагатан болгох вэ л гэж боддог болоод байгаа шүү /инээв/.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ? Давтлага хийлгэнэ гэсэн үг үү? Эсвэл...

-Ерөөсөө л заах аргаа өөрчилнө гэсэн үг. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс багш нарын заах аргыг сайжруулж, хөгжүүлэх олон сургалт явуулсан. Тэндээс сурч мэдсэнээ туршаад, өөрт тохирсоноо хэрэгжүүлээд л явж байгаа.

Ерөөсөө л хүүхэд бүрийг хөгжүүлье гэвэл хамгийн чухал нь хүүхэд бүрийн сонирхлыг татахуйц байдлаар л хичээлээ явуулж ойлгуулах явдал юм билээ. Хүүхдүүд маань олуулаа ч  гэсэн хэдэн сарын өмнөхөө бодвол хичээлдээ их дуртай болоод байгаа шүү.

-Жишээ нь та ямар хичээлийг яаж заадаг юм бэ?

-Монгол хэлний хичээлээр жишээ татъя л даа. Хуучин бол Монгол хэлний хичээлээ дүрмэнд тулгуурлаж заадаг байлаа. Цээж бичиг бичүүлнэ. Шүлэг цээжлүүлнэ. Цээжлүүлсэн шүлгээ түгдрэлгүй уншвал онц тавина гэх мэт.

Тэр нь хүүхдүүдэд ямар ч сонирхолгүй бас ямар ч өгөөжгүй байсан болохоор л хүүхдүүд хичээлдээ дургүй, дургүй болохоор амархан ядарч сульддаг байсан юм билээ.

Одоо яаж байна гэхээр, дүрэм дүрэм гэхээсээ илүү хэл, бичиг, ярианы чадварт нь түлхүү анхаарсан сургалт явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл нэг шүлэг байлаа гэхэд түүнийг зүгээр л цээжлүүлээд шалгана гэхгүй. Тэр шүлгийг ойлгуулна. Тэгэхийн тулд шүлгэнд орж байгаа үг бүрийг сонирхолтой хэлбэрээр хооронд нь хэлэлцүүлж байгаад тайлбарлаж өгч байгаа юм.

Тухайлбал, Есөн эрдэнийн орон шүлэгт номин, тана, сувд гэх мэт есөн эрдэнийн нэр гардаг. Эдгээрийг хүүхдүүд анх сонсоод юу байдгийг нь мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор эхлээд хүүхэд шүлгээ уншиж байхдаа тухайн эрдэнийн зүйлийг нүдэндээ төсөөлж харж байхын тулд зааж өгдөг. Юу байдгийг нь мэдсэн хүүхэд илүү хурдан сурч, өөртөө итгэлтэй уншиж бичиж чаддаг болж байгаа юм.

-Уучлаарай, гэхдээ энэ зүгээр цээжлүүлэх аргаа л өөрчилж байгаа мэт харагдаад байна л даа. Яг таны явуулж байгаа хичээлийг үзээд дууссан хүүхдэд ямар чадвар суух юм бэ?

-Ингэж заахаар зүгээр цээжлэх биш ойлгох болж байгаа юм. Цээжлэнэ гэдэг нь юуны тухай ярьж байгааг биш хэдэн үг байгааг л тогтооно гэсэн үг шүү дээ. Тэгхээр энэ хоёр ойлголт тэнгэр газар шиг ялгаатай.

Өмнө нь Монгол хэлний хичээлээс хүүхдүүд хараар хэлбэл A,B,C,D,F гэсэн дүнтэй л үлддэг байсны илрэл нь одоо гарч байна шүү дээ. Их сургуульд орж байгаа дийлэнх хүүхдүүд зөв ярьж, бичиж чадахаа больчихсон.

Их сургуульд орж байгаа дийлэнх хүүхдүүд зөв ярьж, бичиж чадахаа больчихсон.

Одоо харин хичээлийнхээ арга барилыг өөрчилхөөр наанадаж энэ шүлгийн утгыг нүдэндээ харж ойлгосноор эх оронч үзэл сууж байгаа юм. Цаашлаад үг бүрийн утгыг ойлгосон болохоор алдаагүй зөв бичиж чаддаг, шүлгээ тод уншсанаар багаасаа өөртөө итгэлтэй болж хүмүүжиж байгаа юм. Тэр битгий хэл хүүхдүүд өөрсдөө хүслээрээ шүлэг зохиож байгаа.

-Хүүхдүүд шүлэг зохиож чадаж байна гэж үү?

-Чадалгүй яахав. Манай эцэг эхчүүдийн нэг дутагдалтай тал байна. Хүүхдээ “энэ маань балчир одоохондоо юу ч мэдэхгүй, чадахгүй” гээд хүүхэддээ итгэдэггүй. Гэтэл үнэндээ тэдэнд ойлгохгүй, чадахгүй зүйл байдаггүй. Зүгээр л хүсдэггүй хүүхэд л гэж байдаг.

Хүслийг нь өдөөх нь л багш эцэг эхийн үүрэг. Ангийн маань бүх хүүхэд Есөн эрдэнийн орон шүлгийг ашиглаад өөр өөрсдийн хувьд юуг эрдэнэ гэж боддог вэ, түүгээрээ Миний есөн эрдэнэ гэдэг шүлэг зохиосон.

Зарим нь үнэхээр гайхалтай зүйрлэсэн байгаа юм. Ингээд шүлэг зохиож байна гэдэг чинь тухайн хүүхдийн хэл бичиг, ярианы чадварт маш үр дүнтэй байхгүй юу. Өдөржин дүрэм ярьж, юм цээжлүүлсэнээс хамаагүй сонирхолтой байгаа болохоор хичээлдээ дургүй хүүхэд гэж байхгүй.

-Танай ангид муу сурдаг хүүхэд байхгүй гэж үү?

-Би “байсан” гэж хэлнэ. Одоо манай ангийн 57 хүүхдийн дунд муу гэх нэг ч хүүхэд байхгүй болсон. Ер нь муу хүүхэд гэж байдаггүй юм билээ. Юу хүсч байгааг нь олж оношлох л хамгийн чухал юм билээ. Жишээ нь хамгийн анх хүүхдүүд шүлэг зохиоход цөөн хэд нь огт бичихгүй, ганц нэг хүүхэд бичсэн ч үзүүлэхгүй, уншихгүй байгаа юм. Тэгэхээр нь зохиосон хүүхдүүдийн шүлгээр жижиг ном хийгээд бүгдэд нь тараачихсан.

Гэтэл хүүхдүүд түүнээс санаа аваад огт бичдэггүй байсан хүүхэд эхлээд хоёр мөр, дараа нь дөрвөн мөр гэсээр яваад сүүлдээ бүтэн бичдэг болчихсон. Нөгөө бичсэн ч үзүүлэхгүй, уншихгүй байсан хүүхдүүд нөгөө номыг хараад бусадтайгаа өөрийгөө харьцуулаад өөртөө итгэлтэй болж эхэлсэн. Хэдэн хичээлийн дараа л гэхэд бүгд л шүлэг зохиж, ам уралдаад уншиж эхэлж байгаа юм. Энэ мэтчилэн ахиц гарсаар байгаад л өнөөдөр манай ангийн хүүхдүүд бүгд ижил түвшинд ирсэн.

-Тэгэхээр хүүхдийн хөгжил багшийн чадвараас л их шалтгаалах нь дээ?

-Ганц багш гэж хэлж болохгүй. Багш, эцэг эх, гэр бүл, сургуулийн орчин гээд бүх зүйл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нөлөөлнө. Бид зөвхөн онц сурлагатан бэлтгэх “үйлдвэрлэл” явуулдаг байсан үе өнгөрсөн шүү дээ/инээв/. Тиймээс аль алиныг нь, хэн хэн нь л анхаарч үзэх ёстой.

Харин багш хүнээс бол хүүхдийн ээж, аав, эмээ, өвөө, найз шиг нь байх л чадвар шаардана. Хүүхэдтэй илүү ойртож, тэднийг ойлгож чадвал л тэднийгээ жинхэнэ зөв хүн болох зүг рүү нь чиглүүлж чадна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Хүүхэд бүрийг хөгжүүлэх их ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа.