Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхцэцэг: Бүхнийг яамнаас заадаг байвал багш, хүүхэд яаж хөгжих юм бэ

Б.Ану
2014 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Б.Мөнхцэцэг

Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.

Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн бага ангийн багш Б.Мөнхцэцэгтэй уулзаж  ярилцсан юм.

-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач? 

-Намайг Б.Мөнхцэцэг гэдэг. Энэ жил 11 дэх жилдээ багшилж байна.

-Энэ Засгийн газар, тэр дундаа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас та бүхэнд хүүхэд нэг бүрийг хөгжүүл! гэж нэг ёсондоо үүрэгдсэн гэж ойлгож байгаа. Үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байна уу? Яг халуун гал тогоонд нь ажиллаж байгаа хүний хувьд танд юу ажиглагдаж байна?

-Би одоо өөрийн дааж авсан дөрөвдүгээр ангидаа хичээл орж байгаа. Өнгөрсөн хичээлийн жилээс шинэчилсэн хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулж байна. Бүтэн жилийн хугацаанд хүүхэд бүрийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдгийг судалж, туршиж байна. Нэг жилийн хугацаанд шинэ хөтөлбөрийн дагуу хичээллэсэн үр дүнгээ эргээд дүгнэхэд хүүхэд бүрийг хөгжүүлэх үнэхээр боломжтой юм байна гэсэн бат итгэлтэй болсон.

-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ? 

-22 хүүхэдтэй.

-Одоо тэгэхээр бүгдийнх нь сурлага жигд сайн байгаа гэсэн үг үү?

-Тийм.

-Өмнө нь хичнээн хувь нь хоцрогдолтой байсан, тэгээд хэдий хэр хугацаанд, яаж хоцрогдлыг нь арилгаж, жигд амжилтанд хүргэсэн юм бэ?

-Өнгөрсөн намар л гэхэд тодорхой хэдэн хүүхэд бусдыгаа бодвол сурлагын хувьд тааруу үзсэн хичээлээсээ хоцорч явж байсан. Би ерөнхийдөө ёс суртахууны хичээлээрээ хүүхдүүдийг хөгжүүлэх гэж хичээдэг. Энэ хичээлээрээ хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэхээр хүүхдүүд бусад хичээлдээ ч өөртөө итгэлтэйгээр сурч, сурахад тэмүүлж эхэлдэг. 

-Жишээ нь?

-Би юун түрүүнд эхлээд хүүхдүүдээ оношилдог. Манай ангийн хэн нь тааруу, хэн нь илүү явж байгаа билээ гэхчилэн. Түүнийхээ дараа жил, улирал, сараар нь зорилгоо тодорхойлж, тухайн хүүхдүүдийг ямар хугацаанд ямар түвшинд хүргэх вэ гэдгээ төлөвлөдөг.

Тэгээд хүүхэд бүрийн чадварт тохирсон даалгавар өгчажилладаг даа. Хүүхэд өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлийг маш сайн бас дуртай хийдэг. Тэгээд л удахгүй бусадтайгаа сурлагын хувьд зэрэгцээд ирдэг. Одоо манай ангид сурлагын хувьд хоцрогдолтой нэг ч хүүхэд байхгүй.

Тооны хичээл дээр хоцорч явсан хүүхдийг анзааралгүй бүгдэд адилхан даалгавар өгөөд л явсан бол тэр хүүхэд улам л хоцорно шүү дээ. Улмаар өөртөө итгэлгүй дорой нэгэн болох, хичээлдээ дургүй, сургуульдаа ирэх дургүй болно шүү дээ. Харин яг тухайн хүүхдэд тохирсон даалгавар өгч хийлгээд, хийж чадсаных нь дараа урам өгч дэмжээд байхаар улам өөртөө итгээд, улам л дээшээ тэмүүлээд байгаа юм.

Жишээ нь манай ангийн хэд хэдэн хүүхэд тоогоо бодож чадалгүй суусаар хичээлээ тардаг байсан бол одоо заавал бодож дуусгаад самбарын өмнө гарч, багшдаа үзүүлээд магтуулж байж гардаг болсон. Заавал чадна гэсэн эрмэлзэлтэй болчихож байгаа юм. 

-Бага ангийн нэг өдрийн хичээл ер нь ямархуу байдлаар өөрчлөгдсөн бэ? Шинэчлэгдсэн үү? Үгүй юу?

-Маш их өөрчлөлт орж байгаа. Гэхдээ шинэчлэнэ гээд өмнөхөө тэр чигт нь үгүйсгэж, өөрчилнө гэсэн үг биш л дээ. Мэдээжийн хэрэг хичээл ордог цагтаа орж, тардаг цагтаа тарж, нэг жилд олгох ёстой мэдлэгийг нь олгохын төлөө л ажиллаж байгаа. Хамгийн гол өөрчлөлт хичээлийн хөтөлбөр, багшийн заах арга зүйд л хийгдэж байна.

Жишээ нь өдөр бүрийн хичээлийн эхний 10 минутад хүүхдүүд гэрээсээ ямар нэг шинэ мэдээлэл олж ирэн бусаддаа ярьж өгдөг. Шинэ мэдээлэл солилцож эхэлдэг гэсэн үг.

Энэ нь тэр өдрийн хичээлийг илүү нээлттэй чөлөөтэй явуулах, хүүхэд бусаддаа ямар нэг зүйл ярьж өгөх нь өөрөө тэр өдөр их өөртөө итгэлтэй байна гэсэн үг л дээ. Үүнээсээ улбаалаад хүүхдүүд гэртээ очоод ээж, аавдаа хүртэл сургуулиасаа олж мэдсэн шинэ зүйлсээ ярьж өгдөг. Эргээд эцэг эхийн анхаарал сайжирч, оролцоо нь их болсон. 

-Хичээлийн хөтөлбөрийг яамнаас баталж, түүнийх нь дагуу та бүхэн хичээлээ явуулж байгаа биз дээ?

-Зарим талаар тийм. Зарим талаар үгүй. Яамнаас нэг жилийн хөтөлбөр л баталж өгнө. Мөн хүүхдийн сурах бичгийг дагалдуулаад багшийн ном өгдөг байхыг манай сургуулиас гадна 39 сургууль дээр туршиж байгаа. Тэр номны дагуу багш сурах бичгээ ашиглаж хүүхэддээ мэдлэг олгоно гэсэн үг. Ирэх хичээлийн жилээс бүх сургуульд ингэж очих юм билээ. Энэ бол маш зүйтэй ажил болсон гэж бодож байгаа. Өөр бусдаар яам юм бүхэнд ордог, шалгадаг байдал нь бараг үгүй болсон.

Одоо багш л хичээлээ яаж явуулахаа мэддэг болсон. Тийм болохоор л бид яамны даалгавар биелүүлхийн тулд биш хүүхдүүддээ хичээлийг нь хэрхэн сонирхолтой заах вэ гэдэгт л цаг зарцуулдаг болсон юм. Өөрөөр хэлбэл багш төвтэй байсан сургалт шавь төвтэй болж өөрчлөгдөж байгаа юм. Яамнаас бүгдийг заагаад байвал багш, хүүхэд яаж хөгжих вэ дээ. Тиймдээ ч одоо ингэж хурдан өөрчлөгдөж байгаа юм.

-Тэгээд яаж хүүхдүүдэд сонирхолтой байдлаар хичээл орж байгаа вэ? 

-Миний түрүүн хэлсэн арга барилууд байна. Мөн багш нь “Чи муу байна. Чамайг сайн болгоно” гэхгүйгээр хүүхдүүдэд өөрсдөө зорилгоо тодорхойлох боломж олгочихож байгаа юм. Хүүхдүүд “Би ангийнхаа математикийн аварга болно”, “Би хичээлдээ хоцрохгүй ирдэг болно” “Би дугуйланд явж тийм уралдаанд түрүүлнэ” “Би монгол хэлний хичээлдээ улам сайжирна” гэсэн зорилго өмнөө тавьчихаж байгаа юм. Тэр зорилгоо ээж, аавдаа хэлэхээр ээж, аав нь ч урамшиж, эргээд хүүхдээ дэмжинэ дээ. Тэгээд энд багш нь туслаад тухайн хүүхэд дорхноо л зорилгодоо хүрчихдэг. 

Энэ үеэр  хоёр хүүхдийг сонгон ямар зорилго тавьсан, зорилгодоо ямар хугацаанд яаж хүрсэн тухай сонирхсон юм. 

Б.Намуун

4в ангийн сурагч Б.Намуун: Би ангийн тооны аварга болох зорилгодоо хүрсэн

-Би намар энэ ангид шилжиж ирсэн. Тэгээд өөртөө ангийн тооны аварга болох, хичээлдээ хоцролгүй ирдэг болох, гэрийн даалгавраа заавал хийдэг болох гэсэн зорилгууд тавьсан. Тэгээд 10 сар гэхэд би ангийн тооны аварга болсон. Бусад зорилгодоо ч хүрсэн. 

-Зорилгодоо хүрэхийн тулд юу хийсэн бэ?

-Би маш их тоо бодсон. Багш хамгийн сайн чаддагаас минь эхлүүлж бодуулаад цаашаа нэмж бодсоор байгаад...

-Харин бусад зорилгодоо яаж хүрэв?

-Хоцролгүй ирдэг болохын тулд би эрт унтдаг болсон. Харин гэрийн даалгавраа тоглохоосоо өмнө хийчихээд тоглодог болсон.

Д.Эмүжин

4в ангийн сурагч Д.Эмүжин: Би “Уран жиргээ” уралдаанд түрүүлэх зорилготой

-Би нэг сарын өмнө ангийнхаа хамгийн уран уншигч болно гэсэн зорилго тавиад сая зорилгодоо хүрсэн. Одоо би ангийнхаа уран уншигч нь. 

-Одоо дараагийн зорилго чинь юу вэ? 

-Би одоо “Уран жиргээ” уралдаанд түрүүлэх зорилго тавиад хичээллэж байна.

-Яаж?

-Маш их шүлэг, ном уншиж байгаа. Тэгээд ангийнхандаа, ээж аавдаа уран уншиж үзүүлж бэлддэг.

Энэ ангийн бүх хүүхэд өөр өөрсдийн гэсэн зорилготой. Тэр зорилгодоо хүрсэн. Эхнээсээ дараагийн зорилгоо тодорхойлоод явж байгаа юм байна.

-Хүүхдүүд тань таны хэлсэнээр хичээлдээ үнэхээр дуртай нь ажиглагдлаа. Гэтэл ингэж сайн ажиллаад байхад та бүхний цалин үнэхээр бага байгаа нь ажиглагддаг. БШУЯ-аас Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмыг шинэчилж баталсан байсан. Үүгээр цалинг нийтээр нь биш ажлынх нь ахицаар үнэлнэ гэж байсан. Энэ танд ямар санагдаж байгаа вэ?

-Журамтай танилцсан. Хүүхдийн ахиц хөгжлөөр дүгнэж багшид ур чадварын урамшуулал олгох замаар цалин нэмэх юм билээ. Би хувьдаа зөв гэж бодож байгаа. Учир нь ангийн маань хүүхдүүдэд үнэхээр ахиц гарч байгаа /инээв/.

-БШУ-ны сайд Л.Гантөмөр өнгөрсөн жил бүх дүүргийн багш нартай уулзахдаа багшийн ажлыг цаасаар дүгнэхгүй. Багш нараас тайлан авч, цаасны ажлаар дардгаа болино гэж байсан. Тэр нь үнэхээр биелсэн үү?

-Тэр санаачилга нь багш бидэнд үнэхээр их таалагдсан. Хэрэгжиж ч байгаа. Өнөөдөр яг хуучин шигээ сарын, улирлын гэх мэт тайлангуудаа авдаг байсан бол өнөөдөр бидэнд заах аргаа шинэчлэх турших, судлах зав гараа ч уу, үгүй ч үү. Үнэхээр хэцүү байдаг байсан. Одоо бол багш нар секц, секцээрээ хуваагдаад хичээлээ хэрхэн заах вэ гэдэгт л санаа тавьж байгаа. Үр дүнгээ ч өгч байна.