Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Миний гол зорилго сайдуудыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах”

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Иргэн Б.Цэрэн мэдээлэл хийв.

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа “давхар дээл”-ний асуудал иргэн Б.Цэрэнг /"Монголын хэрэглэгчдийн эрх, боловсролын холбоо"-ны тэргүүн,  Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төвийн Удирдах Зөвлөлийн дарга/ мэдээлэл хийхэд хүргэжээ. Учир нь тэрбээр энэ сарын 17-ны өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, санал өгсөн 14 сайд Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.

 Иймд тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хандаж, дээрх 14 сайдыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татуулна гэлээ.

Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та 14 сайд хууль зөрчсөн гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлээч?

-Тийм ээ. Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Л.Болд, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Оюун, Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэг, Я.Санжмятав, М.Сономпил, Х.Тэмүүжин, Ч.Улаан, С.Эрдэнэ, Ц.Баярсайхан гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй 14 гишүүн Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, санал өгсөн. Энэ нь Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн хэрэг юм.

Хэрвээ миний гомдол үнэн бодитой гэж үзвэл дээрх гишүүдийг УИХ-ын гишүүнээс нь татах учиртай.

Харин Х.Баттулга сайдын тухайд эсрэг санал өгсөн, Д.Тэрбишдагва, Н.Бат-Эрдэнэ хоёр хуралдаанд оролцоогүй, А.Гансүх, Н.Удвал нар УИХ-ын гишүүн биш.

-Таныхаар бол Үндсэн хуулийн яг ямар заалтыг зөрчсөн гэж үзэж байна?

- 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ нь баталсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл,

- Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх үед гишүүн-сайдын хувьд Үндсэн хууль, бусад хуулиар бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрөө өөрийнхөө талаар шийдвэр гаргах нь хуульд заасан “ашиг сонирхлын зөрчил" болсон байна.

Үүнд:

-Хуулийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзана”,

 -Хуулийн 3.1.1-д "Нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид хэрэгжүүлнэ....”

УИХ-ын нэгдсэн чуулган, 2014.4.17

- Хуулийн З.1.2-т "Хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн /эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө ... нөлөөлж болохуйц .... эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ”

-Хуулийн 3.1.3 “Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдлыг хэлнэ” гэж заасан байгаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.1.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзана” гэж тус тус заасан. Эдгээрийг дээрх нэр бүхий 14 гишүүн зөрчсөн.

-Үндсэн хуулийн цэц энэ асуудалд ямар хариу өгнө гэж та итгэж байна?

-Монгол Улсын ямар ч иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, маргаан үүсгэх эрхтэй. Би энэ эрхийнхээ дагуу л хандаж байна. Хэрвээ миний гомдол үнэн бодитой гэж үзвэл дээрх гишүүдийг УИХ-ын гишүүнээс нь татах учиртай.

Өнөөдрийн хийж байгаа хэвлэлийн бага хурлын маань гол зорилго ч сайдуудыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татуулах явдал юм гэлээ.

Юутай ч тэрбээр ийнхүү мэдээлэл хийсэн юм. ХАрин одоо түүний гомдол хэр үндэслэлтэй эсэхийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэх л үлдэж байна.