Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Х.БАТТУЛГА “ЗАСАГ УНАГААХ” СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА БАТАЛЛАА

Ч.Болортуяа
2014 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын нэгдсэн чуулган

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар “давхар дээл” буюу Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Намрын чуулганаар энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор АН-ын бүлгээс завсарлага авч байсан бол энэ хаврын чуулганаар “Шударга ёс” эвсэл завсарлага аван “давхар дээл”-ийн хуулийг хэлэлцэх асуудал удаа дараа хойшлогдсоор байсан билээ. 

Харин өнөөдрийн чуулганаар “Шударга ёс” эвсэл завсарлагаа дахин сунгах санал гаргасан ч УИХ-ын дарга бүрэн эрхийн дагуу энэхүү саналыг хүлээж авахгүйгээр нийгэмд хүлээлт болоод байсан хуулийн төслийг хэлэлцлээ. 

“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН ТАЛААР ТОВЧ ОЙЛГОЛТ

Ерөнхийлөгч энэхүү хуулийг санаачилж УИХ-д өргөн барихдаа УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх тухай энэ хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх мөн Засгийн газрын бүрэлдэхүүн  Ерөнхий сайдаас бусад гишүүн нь 100 хувь гаднаас байх тухай санаачлаад байсан юм. 

Харин АН-ын бүлгээс энэхүү хуулийн төсөлд 2016 оны долдугаар сарын 1-нээс гэдгийг Үндсэн хууль зөрчих заалт болох гэж байгааг тайлбарлаж “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөх” санал гаргасныг Байнгын хороо дэмжээд байсан юм. Мөн “Засгийн газрын гишүүдийн 50-иас илүүгүй хувь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг оруулж Байнгын хорооноос дэмжлэг аваад байсан юм. Харин өнөөдрийн чуулганаар АН хугацаатай холбоотойгоос бусад саналаа өөрсдөө татсан юм. 

Үндсэн хуулийн  29-р зүйлийн нэгд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл зөрчиж байгаа юм. 

Тиймээс  Байнгын хорооноос дэмжигдсэн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөх саналаар өнөөдөр УИХ-д санал хураасан ч дэмжигдсэнгүй. 

ӨНӨӨДӨР ЮУ БОЛСОН БЭ?

Энэхүү хуулийг хэлэлцэх явцад МАН-аас мөн хэд хэдэн санал гарсан ч Байнгын хорооноос дэмжлэг авч чадаагүй. Тэд буюу  С.Бямбацогт, Сү.Батболд, М.Энхболд нар “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яамдын сайдын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болох” тухай санал оруулсан. Мөн “уг хуулийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх” санал гаргасан боловч 2014 оны нэгдүгээр сарын 14-нд хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. 

Гэхдээ Байнгын хороонд дэмжигдээгүй ч энэ саналуудаар УИХ-ын нэгдсэн хуралдаанаар санал хураах ёстой. 

1. “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яамдын сайдын ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болох” тухай саналыг  МАН –ын бүлэг энэхүү хуулийн төсөл нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас Ерөнхий сайд болон ерөнхий чиг үүргийн яам болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18-р зүйлийн гуравт зааснаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам; Гадаад харилцааны яам; Сангийн яам; Хууль зүйн яамдыг толгойлох хүн УИХ, Засгийн газрын гишүүн давхар хашиж болох санал юм. Байнгын хороон дээр дэмжигдээгүй ч өнөөдөр нэгдсэн чуулган дээр энэхүү саналаар санал хураахад олонх нь МАН-ын саналыг хүлээж авлаа.

Тэгэхээр МАН-ын энэхүү санал анхны хэлэлцүүлгээр дэмжигдэж холбогдох Байнгын хороогоор дахин хэлэлцэгдэх болж байна. 

2. “Давхар дээл” –ийн тухай хуулийг 2014 оноос буюу ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх МАН-ын санал Байнгын хороонд унасан ч өнөөдөр УИХ-аас мөн л дэмжлэг авч чадлаа. Тодруулбал, энэхүү хуулийг хэрвээ УИХ баталвал энэ оны долдугаар 1-нээс хэрэгжиж одоогийн Засгийн газар бүтцээ солих шаардлагатай болсон гэсэн үг.  

ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Энэхүү хуулийг 2014 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх саналыг хүлээж авсан АН-ын гишүүн бол Х.Баттулга. 

УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ саналаар санал хураахад 69 гишүүн оролцож 35 нь буюу  50,7 хувь болох НЭГ хүний саналын илүүгээр МАН-ын 2014 оноос хуулийг хэрэгжүүлэхийг УИХ хүлээн авлаа. 

Санал хураалтын дүн:

Энэхүү санал хураалтад татгалзсан буюу МАН-ын саналыг хүлээж авсан АН-ын гишүүд болох Р.Бурмаа, Ж.Батзанзан, Х.Баттулга, М.Зоригт нарын нэрийг тодрууллаа. 

Гэхдээ одоо энэ шийдвэрийг холбогдох Байнгын хороогоор дахин хэлэлцэнэ. Учир нь хуулийг хэлэлцэх явцад энэ төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гараагүй дээрээс нь хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналууд байгаа учир дээрх саналуудыг дахин Байнгын хороо улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. 

Хэрвээ Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй өөр санал буюу 2014 оныг хойшлуулах санал гаргавал асуудал дахин буцаж эргэнэ. Гэхдээ эргэхдээ тулвал тухайн санал Байнгын хорооны гишүүдийн гуравны хоёроос илүү хувийн дэмжлэг авсан нөхцөлд өөр санал хэлэлцэх боломжтой. 

ЮУ БОЛОХ БОЛ?

Одоо дээрх саналуудыг Байнгын хорооноос яг энэ зарчмаараа дэмжигдвэл Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтэц зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай болно. 

Ингэхдээ дээр дурдсан Ерөнхий сайд болон Ерөнхий чиг үүргийн сайд нар буюу Н.Алтанхуяг, С.Оюун, Л.Болд, Х.Тэмүүжин, Ч.Улаан нар л сайдын суудалдаа үлдэх нөхцөл бүрдэнэ. 

Х.БАТТУЛГА VS Н.АЛТАНХУЯГ


Одоогийн Засгийн газрыг унагах сонирхол буйгаа Х.Баттулга гишүүн өнөөдрийн санал хураалтын явцад баталлаа. 

Гэхдээ унагах унагахдаа тэрбээр Ерөнхий сайдтай нь унагах бодол байна уу гэдэг асуудал. 

Хэрвээ Ерөнхий сайдыг солих бодол бий бол АН-ын ИХ хурал хуралдаж даргаа сольсоны дараа Н.Алтанхуяг Ерөнхий сайдын суудлаасаа буух тухай асуудал яригдана. Энэ бүгд амжих уу гэдэг нэг асуудал. Гэхдээ АН-ын Их хурал хуралдах цаг болсон гэж үзэх хүн цөөнгүй байна. Ингээд АН-ын дараагийн дарга Х.Баттулга уу, З.Энхболд уу гэсэн ерөнхий хоёр таамаглал бий. 

Энэ бүх хувилбараас хамгийн магадлалтай нь Н.Алтанхуяг суудалдаа үлдээд одоогийн Засгийн бүтцэд нэлээд том өөрчлөлтийг оруулах өөр сонирхол ч АН дотор нь байх магадлалтай боллоо. 

Хэрвээ өнөөдөр дэмжигдсэн хоёр санал цаашдаа ч дэмжлэг авбал Шинэчлэлийн Засгийн газраас сугарах сайд нь Ч.Сайханбилэг, Н.Батбаяр, Х.Баттулга ... гээд хөвөрнө. 

ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИАД ДЭМЖИГДЭХ МАГАДЛАЛ БАГА БАЙГААГ ХАРЛАА.

ХАРИН “ТАТАХ” хувилбар ...

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль анхны хувилбараасаа хугацаа болоод бүтцийн хувьд өөрчлөлт орон УИХ-ын нэгдсэн чуулганы эцийн хэлэлцүүлгээр батлагдвал Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. Гэхдээ түүний хоригийг хүлээж авахгүй ч байх магадлал бүхий ашиг сонирхол УИХ-д байгааг бид өнөөдөр харлаа.  Ерөнхийлөгч хориг гаргасан тохиолдолд Байнгын хороо, УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн саналыг авч байж дэмжигдэнэ. 

Нөгөө талд Ерөнхийлөгч энэ хуулиа татах боломж байгаа ч түүнд ингэх сонирхол бий юу гэдэг өөрөө их адармаатай.

 

Bolortuya@ikon.mn