Уншиж байна ...

Ч.Цэцэгмаа: “Цахим аялал” интерактив хичээлд Монгол ёс заншил, уламжлал, ондоошлыг багтаасан

ikon.mn
2024 оны 4 сарын 17
IKON.MN

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурагчдад зориулсан интерактив хичээл бүтээх “Цахим аялал” төслийг БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж, сурагчид 180 гаруй интерактив хичээлээр хичээллэж байна.

Уг хичээлүүдийг хичээл сургалтдаа амжилттай хэрэгжүүлж буй Ч.Цэцэгмаа багш ийн ярьж байна.

- Сайн байна уу? Та бидэнд өөрийгөө болон ангийнхнаа танилцуулаач.

- Сайн байцгаана уу? Уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ч.Цэцэгмаа гэдэг. Би боловсролын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Нийслэлийн 38-р сургуулийн 2-4 ангийн багш, тэргүүлэх зэрэгтэй, Боловсролын тэргүүний ажилтан. Манай анги 44 сурагчтай.

зураг
 

- “Цахим аялал” интерактив хичээл хэзээний хүүхдүүдийн танил болчихжээ. Та “Цахим аялал”-ыг хэзээнээс хичээл сургалтдаа ашиглаж байгаа вэ?

- Манай анги 1-р ангиасаа “Цахим аялал” интерактив хичээлээр хичээллэж байна. 1-р ангидаа Монгол хэлний хичээлийг түлхүү хэрэглэсэн. Үүний үндсэн дээр сурагчдын маань уншиж, бичих чадвар хурдацтай сайжирсан. Өнөөдөр бид математикийн хичээл дээр 1000 дотор аравт задлан нэмж, хасах сэдвийг бататган үзэхдээ  “Цахим аялал” интерактив хичээлийг ашиглалаа.

- “Цахим аялал” интерактив хичээлийн онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?

- Математикийн хичээлд тохируулж ашиглах боломжтой гаднын олон видео хичээл, хүүхэлдэйн кинонууд байдаг. Бас шууд тавилуудтай интерактив дасгал даалгаврууд ч бий. “Цахим аялал” интерактив хичээл нь эдгээрээс хэд хэдэн зүйлээрээ онцлог, давуу талтай гэж би боддог. Хамгийн чухал нь “Цахим аялал” интерактив хичээлийг Монгол улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, агуулгын дагуу боловсруулсан. Ингэхдээ монгол багш, монгол уран бүтээлчид монгол хүүхдэд зориулан бүтээсэн нь миний хэрэглэж байсан интерактив хичээлүүдээс давуу байна гэж би үздэг.

Жишээлбэл, өнөөдөр үзсэн интерактив хичээлийн мэдлэг олгох хүүхэлдэйн киноны хэсэгт монгол мөнгөн дэвсгэртийг таниулж, хэрхэн худалдан авалт хийдгийг хүүхдэд ойлгомжтой жишээгээр тайлбарлаж байна. Орчин үед хүмүүс мөнгөн дэвсгэртээс илүү цахим мөнгө, карт ашиглах болсон. Тэгвэл “Цахим аялал” интерактив хичээлээ үзээд хүүхдүүд Монгол улсын мөнгөн дэвсгэрттэй танилцаж, худалдан авалт хийхийг суралцаж байна.

Бас Хүн ба орчин хичээлийн “Уул усаа хайрлая” гэдэг сэдэв дээр гол, нуурын ялгааг тайлбарлахдаа Тэрхийн цагаан нуурыг танилцуулдаг. Энэ мэтчилэн Монгол ёс заншил, уламжлал ондоошлыг  багтаасан нь олзуурхууштай санагддаг. Гаднын олон сайн интерактив хичээлүүд байгаа ч “Цахим аялал” бол хэд дахин их үнэ цэн агуулсан гэж би хардаг. Хоёрдугаарт, тухайн сэдэв хичээлийн хамгийн чухал гол ойлголтуудыг сонирхолтой үйл явдлаар хөтлүүлсэн хүүхэлдэйн анимейшнээр тайлбарладаг. Мөн сурагчид тоглоомын аргаар хийгдсэн интерактив дасгал даалгавруудыг гүйцэтгэх явцдаа өөрөө өөрийгөө, бие биеэ харилцан үнэлэх, гэр бүлийн орчинд эцэг эх асран хамгаалагчид хүүхдийнхээ чадвар, мэдлэгийг үнэлэх боломжтойгоороо давуу санагддаг.    

- Математикийн хичээл ямар онцлогтой хичээл вэ?

- Математикийн хичээл бол тодорхой байгаа зүйлийг дүрслээд, дүрсэлсэн зүйлээ хийсвэрлүүлж ойлгуулдаг онцлогтой. Сурагчдыг 1-р ангиас нь тодорхой, дүрслэл, хийсвэрлэлийн (ТДХ) аргад сургадаг. Интерактив хичээл ч бас энэ ТДХ аргаар хийгдсэн байдаг. Тиймээс хүүхдүүдийг интерактив хичээлээр хичээллэж байхад огт мэдэхгүй шинэ зүйл гарч ирж, бэрхшээл болдоггүй. Монгол хэлний хичээл дээр түлхүү үг өгүүлбэрийг ойлгож унших, ойлгож сонсох, харьцуулах чадварууд хөгждөг. Харин математикийн хичээл дээр тодорхой зүйлсийг дүрслээд, түүнийгээ хийсвэрлэн бодож, хариуг гаргадаг. Сурагчид маань шоон загварыг багцалж хурдтай тоолох, схем, тэмдэглэлийг унших, баримжаалах зуут, аравт нэгжээр ялгахыг өдөр бүр давтаж, чадваржиж байна.

- Та “Цахим аялал” интерактив хичээлийг математикийн хичээлдээ хэрхэн ашигладаг вэ?

зураг
 

Хүүхдийн анхаарал ихдээ таван минутад төвлөрч байна. Тэгэхээр анхаарлын шилжилтэд тохируулж хичээлийнхээ 35 минутыг би 5, 5 минутаар төлөвлөдөг. Ихэвчлэн хичээлийн эхний 5 минут багшийн яриагаар эхэлдэг. Дараагийн 5 минутад нь “Цахим аялал” интерактив хичээлийнхээ мэдлэг олгох анимейшнийг үзүүлдэг. Түүний дараа сурагчдынхаа ойлголтыг бататгаж харилцан ярилцдаг. Дараа нь интерактив тоглоомоо тоглодог.

Ангиараа нэг дэлгэц дээр ажиллаж байгаа тохиолдолд дасгал даалгавраа харилцан ярилцаад, хамтдаа бодоод, хамт тоглоод явах нь хамтын ажиллагааг нэмэгдүүлдэг. Түрүүлж бодсон нь түрүүлээд бодчихлоо гэж сайрхалгүй, сүүлдэж бодсон нь сүүлдчихлээ гэдэггүй. Хамтдаа оролцоод явах нь сайхан байдаг. Интерактив тоглоом тоглож байхдаа зарим дасгал даалгаврыг дэвтэр дээр нь бичүүлж тэмдэглүүлж, хосолмол аргыг хэрэгжүүлдэг.

Мөн зарим хичээл дээрээ сурагчдын гарт баригдах, мэдрэх боломжтой бодит үзүүлэн материал ашигладаг. Өнөөдөр л гэхэд мөнгөн дэвсгэрт хэвлэж бэлтгээд хүүхдүүдээр худалдан авалт хийлгэх маягаар тоглож, бодлого бодууллаа.

зураг
 

Бага насны хүүхэд бие даан суралцах чадвар сул, хичээлдээ өөрийн санал санаачилгаар идэвхтэй оролцож чаддаггүй. Тиймээс багш нар, ялангуяа бага ангийн багш нар хичээлээ заахдаа хүүхдийн нас, сэтгэхүй, суралцахуйн онцлогт нь тохируулан сонирхолтой, интерактив байдлаар төлөвлөсний үндсэн дээр заах хэрэгтэй. Урьд нь бид хүүхдийг дэвтэр, номтой нь ажиллуулж сургадаг байсан бол  одоо интернэт орчинд цахим техник хэрэгслийг хэрхэн зөв зохистой хэрэглэхийг ч зааж сургаж байна.

- Өөрийн сайн туршлагаасаа хуваалцаж, цэгцтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

- Ангид маань зочлон ирсэн та бүхэнд баярлалаа. Мөн дэлхийн жишигт нийцсэн, чанартай, өсөн нэмэгдэх үр өгөөжтэй ийм сайхан интерактив хичээлийг санаачлан хэрэгжүүлж байгаа БШУЯ,  НҮБ-ын Хүүхдийн Сан болон БЕГ-ын арга зүйч,  мэргэжилтнүүд, хамтран ажиллаж байгаа багш нартаа, Марчаахай компанийн уран бүтээлчдэд багш, сурагчид, эцэг эхчүүдийнхээ өмнөөс, хувийнхаа зүгээс талархаж байгааг минь хүлээн авна уу. Та бүхний ажилд амжилт хүсье.

- Танд баярлалаа.

 

Ярилцсан сэтгүүлч: Б.Мөнгөншүүдэр