Уншиж байна ...

Ц.Нямбаяр: Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөе

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хаврын хуурайшлын үед ой хээрийн болон объектын гал түймэр гарах нь ихэсдэг. Тиймээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас иргэдэд сэрэмжлүүллээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр "2024 оны гуравдугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд ой хээрийн хоёр түймэр гарсан.

Дорнод аймгийн Матад, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ой хээрийн түймэр гарч, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар ой хээрийн түймрээс гадна объектын гал түймрийн 9,943 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.8%-аар өссөн байна.

Цас хайлж байгаа энэ үед гэр хорооллын болон зуслангийн бүсийн айлууд хашаагаа цэвэрлэж, хогоо шатаадгаас болж, объектын түймрийн гаралт нэмэгддэг.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Сурагчдын амралт ирэх долоо хоногоос эхэлнэ. Хүүхдээ гэртээ үлдээхдээ гэрийнхээ цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөе.
  • Хаврын улиралд салхи ихтэй тул үнс нурмаа ил асгах хэрэггүй.
  • Хамт олноороо ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байх.
  • Орон нутгийн замд баталгаатай зам гарцаар явах, оч баригчгүй тээврийн хэрэгслээр замгүй газраар зорчсоны улмаас гал гарч байна. Жолооч нар анхаарна уу.
  • Хаврын улиралд түймэр гарсан тохиолдолд богино хугацаанд их хэмжээний талбайг хамардаг учир иргэд, ААН, байгууллагууд мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөхийг анхааруулъя" гэлээ.

Дорнод аймгийн Матад суманд 3,600 га талбай түймэрт өртөж, шатжээ.