Уншиж байна ...

“Oppenheimer” киноны найруулагч Их Британийн хаанаас хүлэг баатрын хэргэм хүртэхээр болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Найруулагч Кристофер Нолан гэргий Эмма Томасын хамт

Британи-Америкийн найруулагч Кристофер Нолан кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Их Британийн хаанаас хүлэг баатрын хэргэм хүртэхээр болжээ.

Ноланы гэргий, продюсер Эмма Томас эмэгтэйчүүдэд зориулсан хүлэг баатартай дүйцэх хэргэмийг (damehood) бас хүртэхээр болсон байна.

Ерөнхий сайд Риши Сунак тэргүүтэй Консерватив намын улс төрчид, технологийн салбарын удирдагчдын саналаар ийм шийдвэр гаргаснаа Их Британийн засгийн газар Пүрэв гарагт мэдээлжээ.

Ноланы найруулсан “Oppenheimer” түүхэн сэдэвтэй уран сайхны кино энэ сарын эхээр долоон Оскарын шагнал авсан юм. Нолан өөрөө анх удаа шилдэг найруулагчийн шагнал хүртэж байв.

Тэр бас “Interstellar”, “Inception”, “Dunkirk”, “Batman”-ы гурвал зэрэг олон шилдэг бүтээлүүдийг найруулсан юм.

Нолантай цуг технологийн салбараас Google-ийн DeepMind төслийн гүйцэтгэх захирал Дэмис Хассабис бас хүлэг баатрын хэргэм хүртэхээр болжээ.

Бизнесийн салбараас Консерватив намын хандивлагч, тэрбумтан Мохамед Мансур нэрийнхээ өмнө “Sir” хэмээх хүндлэлийг зүүхээр болсон байна.

 

Эх сурвалж: Reuters