Уншиж байна ...

Ц.Даваасүрэн: "Эрдэнэс Тавантолгой"-н $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм. 

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Барилга, Хот Байгуулалтын сайд Ц.Даваасүрэн УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхийн өмнө үг хэллээ.

Тэрбээр "Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэх хуулийн төслийг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулмааргүй байгаа юм. 

Өмнө нь бид хэлэлцэх эсэхийг шийдсэн. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа. Нэгдүгээрт стратегийн ордын хайгуулыг улсын зардлаар хийсэн бол 51 хүртэлх хувийг төр эзэмших хуультай зөрчилдөж байгаа. 

Төрийн өмчит компани байгуулж байж бид стратегийн ордын 50 хүртэлх хувийг эзэмшинэ. Төрийн өмчит компани байгуулж байж байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээнэ. 

Энэ агуулгаараа бол иргэдэд баялгаас хүртээхгүй гэсэн хууль орж ирнэ. Тиймээс тус хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхгүй байхыг хүсэж байна. Хууль санаачлагч үүнийгээ татаж ав, Үндсэн хуулийн зөрчлөө арилга. 

Өмнө нь төр мөнгөгүй байна гээд "МАК"-ийн ордын 34 хувийг эзэмшихээс татгалзсан. Одоо бол хуулиар хаах гэж байна. 

Яг үнэндээ хүнд цаг үед хэн мөнгө өгсөн юм. Төрийн өмчийн Эрдэнэт, Тавантолгой л иргэдийн цахилгааны мөнгийг төлсөн. Хувийн компани төлөөгүй. Тиймээс төрийн өмчит компани байж хүндрэлтэй цаг үед иргэдийн цалин тэтгэврийг нэмэх гол үндэс болж байна. 

"Эрдэнэс Тавантолгой" компани 10 тэрбум ам.долларын орлого оруулж байгаа учраас цалин тэтгэврээ нэмж байна. Цаашдаа төрийн өмчит компани байхгүй болчихвол хувийнх ийм зүйл хийх үү, үгүй. 

Хэрэв бид ийм хууль баталчихвал сонгууль дөхөж байгаа үед иргэдээс санал авч чадахгүй" хэмээн ярилаа. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1171843397528502