Уншиж байна ...

Хоригдлуудаа Украины дайнд явуулж хоосорсны улмаас Оросын зарим шоронгууд хаагдах гэж байна

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Красноярск мужийн эрх баригчид Украины дайны улмаас хоригдлуудын тоо нь эрс цөөрсөн тул зардал хэмнэх зорилгоор хэд хэдэн шоронгоо хаахаар төлөвлөжээ.

“Цэргийн тусгай ажиллагааны үеэр ялтнуудын тоо нэг удаа огцом буурсны улмаас зарим хүмүүс хорих газруудыг хаах санаа гаргаж байна. Энэ бол сэтгэл түгшээсэн, буруу чиг хандлага юм” гэж Красноярск мужийн хүний эрхийн хорооны тэргүүн Марк Денисов саяхан хууль тогтоох байгууллагадаа гаргасан тайланд өгүүлсэн байна.

Тэрбээр хаагдахаар төлөвлөгдсөн хоёр хорих ангийн нэрийг тайландаа дурдаад мужийн эрх баригчдын алсын хараагүй шийдвэрийг шүүмжилжээ.

“Дайн эрт орой хэзээ нэг цагт дуусна. Бүх зүйл хэвийн байдалдаа орно. Эцсийн эцэст нийгмийн бүтэц өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ” гэж тэр орон нутгийн хууль тогтоогчдод анхааруулсан байна.

Энэ долоо хоногт Оросын хэсэг хууль тогтоогчид цаашид шоронгийн ялтнуудыг цэрэгт дайчилж, Украины фронтод илгээх явдлыг хөнгөвчлөх хуулийн төслийг төрийн Думд өргөн барьсан юм.

Анх Вагнер хувийн зэвсэгт хүчний компани ялтнуудыг дайнд явуулах жишгийг 2022 онд тогтоож байв. Өнгөрсөн оны эхээр ОХУ-ын батлан хамгаалах яам үүнийг үргэлжлүүлсэн юм.

 

Эх сурвалж: Коммерсантъ