Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Угтахбаяр: Өмхий үнэр нь шахмал түлштэй холбоотой биш, цэвэрлэх байгууламжийн үнэр гэж таамаглаж байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатарчуудын хувьд утаа, түгжрэлээс гадна бас нэг тулгамдсан асуудал нь хотын үнэр болж байна.

Өчигдөр шөнөөс хойш мэдрэгдэж эхэлсэн өмхий үнэрийн учир шалтгааныг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Угтахбаяраас тодруулахад "Шахмал түлштэй холбоогүй, цэвэрлэх байгууламжийн үнэр байх магадлалтай" хэмээн таамаглаж байгаагаа хэллээ.

Энэ талаар тэрбээр "Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг тодорхойлдог 19 суурь харуул бий. Өчигдөр шөнөөс хотын хэмжээнд өмхий үнэр үнэртэж эхэлсэн гэх мэдээлэл байна.  

Агаарын чанарын хэмжилтээс харахад нэгдүгээр хорооллын нутаг дэвсгэрт хүхрийн давхар исэл хамгийн өндөр гарчээ. Тодруулбал 10:00-11:00 цагийн хооронд хүхрийн давхар исэл 687 микрограмм метр куб хүрсэн байна. 

Агаарт хүхрийн хэмжээ 687 хүрэх нь “их бохирдолтой”-д тооцогддог. Агаар их бохирдолтой үед гадуур явахдаа амны хаалт зүүх, албан байгууллага, өрөө, тасалгааныхаа цонхыг хаахыг зөвлөдөг. 

Энэ өмхий үнэр шахмал түлшнээс үүдэлтэй юу? гэдгийг шалгаж үзсэн. Өнгөрсөн 14 хоногийн дүнг харахад 687-оос өндөр гарсан тохиолдол таван удаа тодорхойлогджээ.

Хэрэв шахмал түлшнээс үүдэлтэй үнэр байсан бол өмнөх таван өдөрт ч ялгаагүй энэ үнэр үнэртэх байсан" хэмээн тайлбарлалаа. 

"Цэвэрлэх байгууламжийн үнэр байх магадлалтай гэж таамаглаж байна"

Үргэлжлүүлэн "Агаарын чанарыг тодорхойлдог 19 суурь харуул нь агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоосжилтын дүнгээс хүхрийн агууламжийг гаргадаг.

Эхний ээлжинд шахмал түлшнээс болсон уу?, шаталтаас үүдэлтэй хүхрийн агууламж өссөн үү? гэдгийг суурь харуулуудын дүнгээр шалгаж үзсэн.

Гэтэл шаталтаас үүдсэн хүхрийн агууламж нь өнөөдрийнхөөс илүү тохиолдлууд байгаа. Өмнөх 14 хоногийн агаарын чанарын индекстэй харьцуулахад одоогийнхоос илүү хүхрийн агууламж өндөр гарсан өдөр байсан ч энэ үнэр гараагүй. Тиймээс өөр эх үүсвэрээс гаралтай гэж үзэж байгаа.

Одоо үнэртэж байгаа үнэр нь шахмал түлштэй холбоотой биш, цэвэрлэх байгууламжийн үнэр байх магадлалтай гэж таамаглаж байна" гэлээ.