Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Автобус III" баазыг нүүлгэх шийдвэрээ цуцлахыг шаардлаа

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Автобус lll баазын өмчлөл бүхий газрыг хууль бусаар хувьчлах болсонтой холбогдуулж тус баазын ажилтнууд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Автобус III баазын өмчлөл бүхий 1.1 га газрыг хууль бусаар хэсэгчилэн зарсан байна

Зорчигч Тээврийн Нэгтгэлийн Эв Нэгдэл Үйлдвэрчний Хороон дарга А.Цогбадрах "Зорчигч Тээврийн Нэгтгэлийн III бааз Нийслэлийн Засаг даргын 1998 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн А/64 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 36,777 м.кв /3.6 га/ газрыг зохих хууль, журмын дагуу явуулж ирсэн.

Харин 2004 оноос өдийг хүртэл 11,177 м.кв буюу 1.1 га газрыг тухайн үеийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өөр аж ахуйн нэгж байгууллагад хэсэгчлэн зарсан нь одоогийн байдлаар шүүхийн шатанд хэлэлцэгдэн маргаан эцэслэн шийдвэрлээгүй байна.

Үлдсэн 2.5 га газрыг өмнөх Нийслэлийн Засаг даргын үед нээлттэй дуудлага худалдаагаар зарах шийдвэр гарсан хэдий ч худалдан авах санал ирээгүй тул дахин дуудлага худалдааг нийтэд зарлаагүй.

Уг асуудлаар 2017 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Нийслэлийн өмч хувьчлах комисс нь нээлттэй дуудлага худалдаагаар оруулж зарах шийдвэрийг дахин гаргасан байна" гэлээ.

Мөн тус баазыг Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд шилжүүлэх шийдвэрийг эргэн татахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Баазыг СХД-ийн 22-р хороонд шилжүүлснээр эх авалтад зарцуулагдах түлш хэд дахин өснө

Жолооч Н.Сүхбат "Зорчигч тээврийн нэгтгэлийн 3-р бааз нь хотын зүүн захын үндсэн долоон чиглэлд үйлчилгээ үзүүлдэг 414 ажилтан алба хаагчтай.

Тэдний ард 2,000 гаруй ам бүл байдаг бөгөөд нийт ажилчдын 34.5 хувь нь өрх толгойлсон ажилтан, 75-80 хувь нь ганцаараа өрх гэр бүлээ тэжээдэг, нийт ажилчдын 90 гаруй хувь Улаанбаатар хотын зүүн хойд хэсэгт амьдардаг.

Тэгэхээр энэ баазыг хаа байсан СХД-ийн 22-р хороонд шилжүүлснээр өглөө оройн эх авалтад зарцуулагдах түлш шатахууны зардал одоогийн байдлаас хэд дахин өсөхөөс гадна ажилчдын ажилдаа ирэх хугацаа нэмэгдэх, хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ холдож ажилчдын дунд бухимдал үүснэ.

Мөн тухайн чиглэлээр үйлчлүүлдэг 50-60 мянган иргэдийн эрх зөрчигдөж, зорчигч тээврийн үйлчилгээний тасралтгүй хэвийн үйл ажиллагаа алдагдана" гэлээ. 

Тиймээс уг шийдвэрийг цуцлахыг шаардаж, шийдвэрлээгүй тохиолдолд тэмцлийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ хатуу анхааруулсан юм.