Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

АК-47 бууг бүтээсэн Михайл Калашниковын хөшөө өнөөдөр Москвад нээгдэнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Манай гарагийн хамгийн өргөн хэрэглэгддэг галт зэвсэг болох АК-47 автомат бууны зохион бүтээгч Михайл Калашниковт зориулсан хөшөө өнөөдөр Москва хотод нээгдэхэд бэлэн болжээ.

Москва хотын төвд босох домогт зохион бүтээгчийн 7.5 метр өндөр хөшөө гартаа АК-47 бууг барьсан байх гэнэ. Хөшөөг урласан хүн нь Салават Шербаков өнгөрсөн онд Улаан талбайд боссон ханхүү Владимирийн хөшөөг мөн бүтээсэн юм.

Тэрээр Калашниковыг ихэнх хүн танихгүй байж магадгүй тул гарт нь зохион бүтээсэн зэвсгийг нь бариулснаа тайлбарлажээ. Калашниковын хөшөөний ойролцоо Александр Пушкин, Владимир Маяковский зэрэг зохиолчдын хөшөө байрладаг.

 

2016 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ижевск хот дахь Калашниковын зэвсгийн үйлдвэрт зочлох үеэр хөшөөний саналыг өргөн барьж, улмаар дэмжигдсэн юм байна.

Анх хөшөөг энэ оны нэгдүгээр сарын 21-нд нээхээр төлөвлөж байсан нь 1948 оны энэ өдөр ЗХУ-ын батлан хамгаалахын сайд Дмитрий Устинов анхны Калашниковын туршилтын загварыг үйлдвэрлэх тушаал гаргасан өдөр ажээ.

Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тавдугаар сарын 8 буюу Ялалтын баярын урд өдөр шилжүүлж, дараа нь есдүгээр сарын 21 болгож хойшлуулжээ. Энэ өдөр бол ОХУ-д албан ёсоор Зэвсэг урлан бүтээгчдийн өдөр юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 200 сая Калашников буу хэрэглэгдэж байгаа гэж үздэг. Түүнийг “гар зэвсгийн Кока Кола” гэж хочлох нь бий.

Зохион бүтээгч Михайл Калашников 2013 онд 94 насандаа таалал төгссөн юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty