Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль улсын Их сургууль болон өргөжжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын дээд боловсролын салбарын тулгын гурван чулууны нэг 93 жилийн түүхтэй Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль улсын Их сургууль болон өргөжжээ.

Тус сургууль 2017-2018 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагааг бие даан эрхлэн явуулахаар болсон байна.
 
ХҮИС нь анх 1924 онд Хоршооны түр сургууль нэрээр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл 40,000 гаруй төгсөгчдийг бэлтгэж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарын өсөлт хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй. Боловсролын салбарт хийгдсэн шинэчлэлийн хүрээнд тус сургууль 2012-2017 онуудад Монгол Улсын Их Сургуультай нэгдэж үйл ажиллагаа явуулж байсан билээ. 

 

Харин цаашид ХҮИС нь Монгол Улсад худалдаа , эдийн засаг, бизнесийн тогтвортой өсөлтийг хангах боловсон хүчний дутагдлаас сэргийлэх, шинэ үеийн оюутан залуусын хүсэл сонирхолд нийцсэн мэргэжил, ур чадварыг олгох шаардлагын үндсэн дээр шинэчилсэн сургалтын хөтөлбөрөөр үйл ажиллагаа эхлүүлэх гэж байна.
 
Сургалтын хөтөлбөрөө олон улсын жишигт нийцүүлэх, бизнест хамгийн ойр сургууль болох зорилгын хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилээс шинэ үеийн залуусын хүсэл сонирхолд нийцсэн АНУ-ын MIT сургуулийн Энтрепренершип 101, 102 хичээл, бизнес хурдасгуур буюу Mongol-Accelerator хөтөлбөр, шинэ санаа гаргах, бүтээлч арга барил, ур чадварт сургах “Design Thinking” буюу “Загварчлах сэтгэлгээ”-ний хичээлүүдийг заах аж.

Ингэснээр оюутнууд өөрийн сонгосон мэргэжлээс гадна гарааны бизнес эрхлэх мэдлэг ур чадвар, хандлагыг эзэмшсэн, бизнес сэтгэлгээтэй шинэ үеийн боловсон хүчин болж бэлтгэгдэх юм.
 Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль нэмэлт элсэлт зарлаад байгаа бөгөөд бүртгэл 2017 оны 8-р сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Монгол улс Анагаах Ухаан, Шинжлэх Ухаан болон Технологи, Нийгмийн Ухаан, Санхүү, Эдийн Засаг, Хөдөө Аж Ахуй, Боловсрол Менежментийн чиглэлээр бие даасан улсын их сургуулиудтай.

Харин зах зээлийн эдийн засагтай оронд бизнесийн салбарт боловсон хүчин бэлтгэдэг улсын хэмжээний их сургуультай боллоо.

Сонирхуулахад, ХҮИС сургуулийг төгсөгчид 

  • Жигүүр Гранд
  • Номин Холдинг
  • Сээкл ХХК, Оргил Супермаркет толгой компани
  • Шунхлай Групп
  • Голомт банк
  • Xanadu Mines
  • Хөргөлт Сервис ХХК
  • Хүнс Сервис ХХК
  • Цогт Өргөө Од ХХК
  • Бимекс Холдинг
  • Зос Трейд
  • Зиг Заг ХХК
  • Хаан Хүнс ХХК-ийг удирддаг байна.