Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамптай ярилцахаас зугтсан Японы ерөнхий сайдын эхнэр англи хэл мэдэхгүй дүр эсгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Саяхан “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэртэй ганц ч үг солилцож чадалгүй хоёр цаг орчим хугацаанд зэрэгцэж сууснаа ярьсан байна.

Энэ сарын эхээр Германы Хамбург хотод болсон Их 20-ын уулзалтын зоог дээр Трамп хатагтай Абэтай зэрэгцэж суусан юм. Трамп энэ тухай дурсахдаа “Би тэр үед Японы ерөнхий сайд Абэгийн эхнэртэй зэрэгцэж суусан. Абэ бол мундаг хүн, эхнэр нь ч мундаг. Гэхдээ тэр англи хэлээр ярьдаггүй юм билээ” гэжээ.

Огт ярьдаггүй гэж үү хэмээсэн сэтгүүлчийн асуултад Трамп “бүр hello ч байхгүй” гэж хариулсан байна. Трамп нэг цаг, 45 минут үргэлжилсэн зоогийн ажиллагаа түүнд тун хүнд өнгөрснийг бас хэлжээ.

Харин хатагтай Абэг англи хэлээр сайн ярьдгийг энэ ярилцлагын дараа олон хүн баталсан байна. Тухайлбал зохиолч, нийтлэлч Жессика Валенти твиттер хуудсандаа “Японы тэргүүн хатагтай Трамптай ярилцахаас зугтаж, хоёр цаг шахуу англиар ярьдаггүй хүн болж жүжиглэсэн бололтой” хэмээн бичжээ.

Түүний англи хэлээр илтгэл тавьж байгаа дүрс бичлэгийг ч зарим хүн хуваалцсан байна. Уулзсан хүн болгоныг шахуу эвгүй байдалд оруулж байдаг Трамптай харьцахаас Абэ хатагтай үнэхээр зугтсан уу гэсэн асуулт хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцийн нэг сэдэв болоод байна. Дональд Трампыг эсэргүүцдэг хүмүүс Акие Абэг "баатар" болгон өргөмжилж байгаагаа хүртэл илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Independent