Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Украины салан тусгаарлагчид “Бага Орос” улс байгуулах санаачилга гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Донецкийн салан тусгаарлагчдын тэргүүн Александр Захарченко

Дорнод Украины Донецк мужийг салан тусгаарлахаар тэмцэж байгаа хүмүүс өөрийн хяналтын бүсэд Малороссия (Бага Орос) нэртэй улс байгуулахаар төлөвлөж байгаагаа өчигдөр зарлажээ.

2014 онд ОХУ-ын тусламжтайгаар Украины газар нутгийг эзэлсэн этгээдүүд ийнхүү хууль ёсны статустай болж, Киевээс бүр мөсөн салахаар оролдож байна. Гэвч Кремлийн зүгээс тэдний санаачилгыг дэмжсэн ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. Мөн Украинаас салан тусгаарлаад байгаа хөрш Луганьскийн тэмцэгчдээс тэд дэмжлэг аваагүй юм. Луганьскийн салан тусгаарлагчдын тэргүүн уг санааг “ихээхэн эргэлзээтэй” гэж мэдэгджээ.

Харин Украины ерөнхийлөгч Петро Порошенко дээрх мэдэгдлийг Оросуудын явууллага гээд хэзээ ч ийм зүйл болохгүй гэж хэлжээ.

2015 онд олон улсын дэмжлэгтэйгээр байгуулагдсан Минскийн гэрээ ёсоор талууд гал зогсоох ёстой боловч одоо болтол мөргөлдөөн үргэлжилж, нийт 10,000 гаруй хүний амь үрэгдээд байна.

Малороссия хэмээх нэрийг Оросын хаант засгийн үед өнөөдрийн Украины хэд хэдэн бүс нутагт хэрэглэдэг байсан юм. Мөн Новороссия хэмээх нэрийг бас ашигладаг байсан ба Владимир Путин хүртэл нэг удаа уг нэрийг хэлсэн үгэндээ дурдаж байв.

Тиймээс Киевийн эрх баригчид Хаант засгийн үеийн дээрх нэршлээс ихээхэн болгоомжилдог. Ийм нэр хэрэглэх нь хуучин Хаант Оросын үед ингэж нэрлэдэг байсан Украины нэлээд хэсэг газрыг Оросууд буцаан авах гэсэн санаа гэж үздэг юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty