Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын гоёлоо зэхэж амжсан уу

Монголын мэдээ
2017 оны 7 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг

Уул тал мөнх ногоон нөмөргөө нөмөрч, хаа нэг хур бороо шаагин зуны дунд сар гарч аль хэдийн үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Энэ өдрүүдэд хөдөө нутагт хүүхэд багачуудын гийнгоон дуу цангинаж, уяа тойрч морь шинжсэн халуун яриа өрнөж байхад хот газарт наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажил эд өрнөхийн зэрэгцээ наадмын гоёлууд ч аль хэдийн гарч, хэн хүний нүдийг булааж эхэллээ.

Монголын уламжлалт эрийн гурван наадмыг үндэсний хувцас болох монгол дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гадаад дотоодын жуулчдын нүдийг булааж, чихийг хужирлах наадмын нэгэн чимэг нь монгол дизайнеруудын ур ухаанаа гаргаж урласан монгол дээл байдаг.

Тэгвэл үндэсний дээл жил ирэх тусам өнгө үзэмж, чанар, материал загварын хувьд өөрчлөгдөн улам дэгжин болсоор буй. Үүнийг дагаад хэрэглэгчид ч хамгийн загварлаг басхүү чанартай дээлийг өмсөхийг хүсэх болсон. Тэр ч үүднээс Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонин жил бүр наадмын өмнө тухайн жил тренд болж буй дээлний өнгө, загварын талаар сурвалжлан хүргэдэг уламжлалтай. Энэ удаад ч Үндэсний баяр наадмын дээлний чиг хандлагын талаар энэ удаагийн дугаарын сурвалжилгаа бэлтгэлээ.

СУЛ, УНАЛТТАЙ МАТЕРИАЛТАЙ ДЭЭЛ ЭНЭ НААДМЫН ТРЕНД

Хааш яайшхан зассан захын задгай талбай. Худалдаа эрхлэгчдийн бараагаа агуулах том модон хайрцаг. Хоорондоо гурван алхам зай бүхий өндөр сараалжин хананы завсарт 30-40 худалдагч зогсож, хажуугаар өнгөрсөн хүмүүсийг “За, юу сонирхож явна” хэмээн халуун наранд борлосон царайндаа үл ялиг инээмсэглэн тодруулан асуух аж.

Энэ бол нийслэлийн хүн амын бараг ихэнх  хувь нь зорин очиж, худалдан авалт хийдэг басхүү хэсэг хувь нь амьдралаа залгуулдаг түм түчигнэж, бум бужигнасан “Нарантуул” захын дээлний худалдаа эрхлэгчдийн нэгэн өдрийн дүр зураг.  Биднийг очих үед нар хэдийнээ дээш хөөрч “Нарантуул” худалдааны төвийн худалдаачид лангуун дахь бараагаа дэлгэсэн байв. Хэдий мягмар гараг таарсан ч, Үндэсний баяр наадмын амралт дөхсөн учир худалдаа эрхлэгчид амралтгүй ажиллаж буй нь энэ аж.

“Нарантуул” захын задгай талбайд буюу хивс, хивсэнцэр худалддаг хэсгийн өмнөх хоёр хананы хооронд орших хэсэгхэн талбайг дээлний худалдаа эрхлэгчид дүүргэжээ. Тус тасаг руу ормогц богино өмд, эрээн цамцтай махлагдуу эрэгтэй угтан авч, “Ямар дээл сонирхож байна” гэж асуулаа. Түүнээс холгүй хар нүдний шил, даашинзтай бүсгүй ч, “янз бүрийн дээл байна шүү” хэмээн чанга дуугаар хэлээд, өөрийн хажууд өлгөсөн хэсэг дээлийг заах нь тэр.

Бид ч хэрэг явдлаа хэлж энэ жилийн хамгийн их эрэлттэй байгаа дээлний өнгө, загварын талаар асуухад дээрх эрэгтэй худалдагч “Хүмүүс энэ жил уналттай сул материалтай, босоо захтай дээл их сонирхож байна. Өнгөний тухайд улаан, шар, ногоон, цэнхэр гэсэн хурц өнгө зонхилж байна. Загвар нь хүний сонирхлоос л хамаарч байгаа. Гэхдээ урт хормойтой дээл илүүтэй худалдан авч байна. Үнийн хувьд дээл 80-300 мянгын хооронд байгаа. Харин монгол загварын цамц 20-80 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна даа. Үнийн хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй.

Яах вэ, материалаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр хэлбэлзэж байгаа юм” гэсэн юм. “Нарантуул” захад худалдаа эрхлэгчид өөрсдөө дээлний загвар, өнгөө сонгон үйлчлүүлэгчдийн эрэлтэд нийцүүлэн урладаг бөгөөд басхүү нэг нэгнийхээ загварыг давтахгүй, өөрийн гэсэн онцлогтой байхыг эрхэмлэдэг юм байна. Бидний уулзсан сайх эрэгтэйн лангуун дахь дээл бусдаасаа материал, цэцгэн хээгээрээ ялгарах гэнэ.

Цэцэгтэй торгон болон даавуун материалтай дээл тэдний онцлог брэнд. Түүнчлэн, энгэр хэсэгтээ өөр өнгийн оруулгатай Орос цэргийн хувцаснаас сэдэвлэсэн загвартай дээлийг ч урлаж байгаа аж. Худалдагч эр “Одоо чинь ялгарахгүй л бол болохгүй болсон. Энгийн загвартай дээлийг хүмүүс төдийлөн сонирхохоо больсон” гэлээ. Үндэсний баяр наадам болоход хэдхэн хоногийн хугацаа үлдсэн ч, худалдан авалт өнгөрсөн жилүүдээс муу байна  гэсэн юм.

Өөр нэгэн лангууны тухайд дээлнийхээ энгэр болон хормойн хэсэгт цэцгэн хээг оруулж өгсөн байв. Харин худалдагч нь “Бусдаасаа өөр болгохын тулд хормой, энгэр хэсэг нь цэцгэн чимэглэл оруулж өгсөн. Энэ жилийн чиг хандлага нь ч гэсэн цэцэгтэй загвар зонхилж байгаа. Хээтэй дээлүүд ерөнхийдөө гарчихсан учраас цэцгийг оруулж өгснөөрөө онцлог. Бусдаасаа ялгарахгүй л бол орлогогүй болно шүү дээ” гэж ярилаа. Дээлний тасагт худалдан авагчид цөөн.

Сумын наадамд Монгол үндэсний дээл өмсөж оролцох гэж буй Солонгосоос ирсэн гурван жуулчин, загвар сонирхож явна гэх залуухан бүсгүй, хос дээл сонирхож яваа гэр бүлийн хоёроос өөр үйлчлүүлэгч ирсэнгүй. Нүдэн баримжаагаар 30 орчим метр үргэлжлэх ганц тасгийг хэд тойрч байж тэд сонголтоо хийж байгаа нь харагдсан. Харин худалдагч нарын дуу энд тэндгүй сонсогдож, хажуугаар өнгөрөх тоолонд нь  дуудаж байлаа. Мөн өнгө дурдан хослон, хээ хуараар чимэглэсэн торгон, чисчүү,  даавуун материалтай, дан болон давхар эмжээртэй янз бүрийн загварын дээлүүд өлгөөтэй байв.

Дэлхийд ховор монгол наадамдаа хэнээс ч дутахгүй өнгө үзэмжтэй сайхан харагдахыг хэн хүнгүй хүсдэг. Тэр тусмаа хөдөө орон нутгаас наадмын гоёлоо авахаар ирсэн иргэд их хатуу шалгуур тавин худалдаж авдаг гэнэ. Тэд эмжээрийн нарийн бүдүүн, танаас, ухлаадас, хойд хормойны оруулга, хавалт, дээлний материалын чанар зэргийг маш нарийн харж, худалдан авалт хийдэг нь бужигнасан олны дотор аажуу тайван гэгч нь даавууны ширхэг бүрийг тэмтрэн зогсож байгааг харахад л илт байлаа.

“УР УНДРАХ” ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ КАЛИГРАФ БИЧИГТЭЙ ДЭЭЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

 

Тухайн хүний хүссэн загвар, хэлбэр хэмжээгээр нь дахин давтагдашгүй цор ганц дээл хувцсыг урладаг олон салон байдгийн нэг нь “Ур Ундрах” компани. Үндэсний их баяр наадмыг угтан эдний хамт олон калиграф бичигтэй, чоно, морьтой  чимэглэл бүхий  дээлийг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа гэнэ.

“Ур Ундрах” ХХК-ийн захирал А.Алтантуяа “Энэ жилийн үндэсний баяр наадмаар манайх Тайланд, Энэтхэг улсаас оруулж ирсэн сайн чанарын зөөлөн, биед эвтэйхэн, хүний биед ямар нэг харшил өгөхгүй цэвэр хөвөн даавуун материалаар дээл, хувцсаа оёж үйлчилж байна.  Нэг хэсэг монголчууд Хүннү захтай дээл өмсдөг байсан бол өнөөдөр харьцангуй гайгүй болсон. Гэхдээ богино хүзүүтэй, махлаг бүсгүйчүүдийн тухайд захны суулт нь чөлөөтэй байдаг учраас хүннү дээлийг сонгон хийлгэж байгаа.

Манайх Үндэсний баяр наадмыг тохиолдуулан монгол хүн морийг сүлдэндээ дээдэлдэг учраас морийг хамба, цэмбэнд хатгаж байгаа. Цаашдаа үүнийгээ брэнд болгож, Монгол даяар сурталчлах бодолтой байна. Бас Монгол бичигтэй цамц урлаж байгаа. Өвөл хийж байсан, одоо ч хийж байгаа. Олон аймгийн хүмүүс юу хүсэж байгааг нь мэдэхгүйгээр дагуулна гэж үгүй. Тэдний сэтгэлд ноёд, засаг төрийн ажил яв цав нийцсэн тохиолдолд улсын хөгжил ирнэ гэсэн Чингис хааны сургаалыг калиграф үсэгтэйгээр урласан. Энэ бол монгол хүний юугаар ч сольшгүй брэнд болно гэдэгт найдаж байна” гэлээ. 

Тус салоны Үндэсний баяр наадмын дээлний тренд өнгөний тухайд шар,  ногоон, номин цэнхэр, улбар шар, цагаан шаргал гэх мэт тод өнгө зонхилж буй гэнэ. Улирал нь урин дулаан цаг учир цэцэг дэлгэрч буй мэт номин цэнхэр, улбар шар, шар, ногоон, шаргал, улаан, цагаан  зэрэг тод өнгийн дээлнүүд эрэлттэй байгаа бол өвлийн улиралд өнгөний чиг хандлага өөрчлөгддөг байна.

Мөн Ур-Ундрахын нэг онцлог нь сувдаар үндэсний хээ урлан,  бүтээгдэхүүнээ чимэглэдэг юм. Тэгвэл энэ талаар А.Алтантуяа захирал “Бид сувдаар хас, ланз хээ хийдэг. Ийм дээлийг өмсөхийн тулд 2-3 сарын өмнө захиалгаа өгөхгүй бол болохгүй. Сувдныхаа ширхэг бүрийг шаглаж оёдог учраас маш чанартай. Манай Ур Ундрахынхан гар ажиллагааг эрхэмлэдэг. Цаашдаа есөн эрдэнээр чимэглэсэн дээл урлах бодолтой байгаа” гэсэн юм.

Мөн тэрбээр үндэснийхээ хувцасны загварыг төдийлөн өөрчлөхийг хүсдэггүй аж. Одоогоор аль хэдийнээ захиалгаа хаасан учир наадмын гоёлоо сонгож амжаагүй иргэд тус салонд зочилж, бэлэн байгаа бараан бүтээгдэхүүнээс сонгох боломжтой юм байна. Үнийн хувьд материал, хэр ажиллагаа шаардахаас хамаарч янз бүр байх бөгөөд хамгийн хямд дээл 120-130 мянга байдаг аж.

Дашрамд сонирхуулахад, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй монголчууд Ур Ундрахыг ихээр  сонгон үйлчлүүлдэг бөгөөд дээлэндээ калиграф бичгээр “Би Монгол”, “Хөх тэнгэр” гэх мэт үг бичүүлдэг бол зарим нь Монгол Улсынхаа газрын зураг, чоно, мориор чимэглүүлдэг байна. Тиймээс монгол хүн та ч гэсэн үндэстний онцлог, бахархлаа шингээсэн дээлийг энэ зуны наадмын гоёлоороо сонгож болох нь ээ. Түүнчлэн, эднийх малгай урладаг гэдгээрээ ч мөн онцлогтой.

40-ЭЭС ДЭЭШ НАСНЫХАНД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ЗАГВАР БИЙ ГЭВ

 

Наадмын гоёлоо хайж буй хэн бүхэнд зөвлөх дараагийн газар бол “Urban Jeans”. Үндэсний брэндийг дэлхийд гаргахыг зорилгоо болгон ажилладаг чадварлаг хамт олон  Монголын үндэсний уламжлалт баяр наадамд зориулан “Хүрээ” коллекцоо гаргажээ. Энэ удаагийн коллекцийнхоо өнгө төрхийг дэлхийн загварын ертөнцийн тухайн жилийн болон улирлын өнгөний чиг хандлагыг тодорхойлдог Пантоне колор институтээс гаргасан өнгөний иж бүрдлүүдээр тодорхойлжээ. Энэ талаар “Urban Jeans” брэндийн дизайнер Б.Болортуяатай цөөн хором ярилцлаа.

-“Urban Jeans”үндэсний брэндийн хамт олон аль хэдийнээ наадмын “Хүрээ” коллекцоо гарган, үйлчлүүлэгч нартаа бэлэг барьжээ. Юуны өмнө коллекцийнхээ талаар танилцуулахгүй. Ямар онцлогтой вэ?

-Манай компани үндэсний их баяр наадамд зориулан “Хүрээ” нэртэй коллекц гаргаад байна. Бид дэлхийн загварын ертөнцийн чиг хандлага болон Монголчуудын өдөр тутмын амьдралын хэв маягт тохирсон хэрэглээг судалсны үр дүнд энэхүү коллекцио гаргасан.

Баяр наадмаар гэлтгүй өдөр тутам өмсөх боломжтой эхнэр, нөхөр, залуучууд, бүсгүйчүүд болон хүүхдэд зориулсан цамц, өмд, даашинзыг урлалаа. Сүүлийн үед манай улсын иргэд хос дээл, хос цамцыг илүү сонирхож байна. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн коллекцдоо хос хувцаснуудыг багтаасан.

-Энэ жил монгол дээлний загварт ямар өнгө давамгайлж байна вэ?

-Дэлхийн загварын ертөнцийн тухайн жилийн болон улирлын өнгөний чиг хандлагыг тодорхойлдог Пантоне колор институт гэж байгууллага бий. Уг байгууллагаас 2017 оны өнгөний чиг хандлагыг тодорхойлсон. Манай коллекцид цайвар, ягаан, усан цэнхэр гэх мэтчилэн өнгө давамгайлж байна.

-Залуу охид, бүсгүйчүүдэд зориулсан загварын дээл олон бий. Гэтэл 40-ээс дээш насныханд зориулсан загварын дээл төдийлөн байдаггүй. Танай коллекцид энэ насныханд зориулсан загвар байгаа юу? 

-Яах аргагүй 40-ээс дээш насны хүмүүс орхигдох гээд байдаг. Энэ насны хүмүүс ихэвчлэн мярайлаг хүмүүс байдаг учраас тэр болгон өөрт тохирсон загварын дээлийг олж чаддаггүй. Харин манай коллекцид энэ насны бүсгүйчүүдэд зориулсан загварууд бий. Тухайлбал, дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлж буй шулуун А болон O хэлбэрийн загвартай даашинз, цамц бий. Мөн бүсгүйчүүддээ энгэр болон ар нуруун талдаа хатгамал хээг шаглаж, хүзүүний зүүлт, бүс, цүнх зэрэг аксисуараар тодотгон чимж бэлэглэж байгаа.             

Б.ДАВААГЭРЭЛ: ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХӨӨ ХҮССЭН ӨНГӨ, ЗАГВАРЫН ДЭЭЛИЙГ УРЛУУЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БОЛСОН

 

Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн дунд нэгэн пэйж хуудас “од” болж буй. Тодруулбал, үндэсний их баяр наадамтай холбогдуулан “Наадам 2017” коллекцио танилцуулсан “GereL Fashion” салоны хамт олон. Тус салоныг үүсгэн байгуулагч Б.Даваагэрэл хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж яваа нэгэн аж. Хүүхэд байхаасаа хувцас, загвар сонирхож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө мэргэжлийн сургуульд нь суралцаж төгсжээ.

Түүнээс хойш өөрийн нэрийн брэндийг гаргахын төлөө тууштай ажиллаж яваа. Одоогоор нэрийн дэлгүүрээ байгуулахаар тун шаргуу ажиллаж байгаа гэнэ билээ. Түүнтэй энэ жилийн наадмын гоёлын талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Тун удахгүй наадам болно. Хүмүүс наадын гоёлоо зэхэж байгаа. Зарим нь хаанаас юу авахаа мэдэхгүй эргэлзэж байж ч болох юм. Танай компанийн хувьд наадамд зориулж коллекц гаргасан уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Юуны өмнө салоныхаа талаар мэдээлэл өгсөн нь зөв болов уу. Манай салон хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хэрэглэгчдэдээ өөрсдийн хийсэн бүтээлийг танилцуулах зорилгоор улирал бүр шинэ коллекц гаргадаг.

-Танай коллекцийн онцлог юу вэ.  Ямар насныханд зориулсан бэ?

-Манайх шинэ бүтээл гаргахдаа  хэрэглэгчдийнхээ хүсэл зорилгыг орчин үеийн загварын чиг хандлагатай хослуулан урладаг. Хамгийн сүүлд “Наадам 2017" нэртэй зуны загварын цуглуулгаа танилцууллаа. Энэ цуглуулгад үндэсний элементийг тусгасан загварын даашинз болон төрөл бүрийн цамцнууд багтсан. Манай салон үндэсний хувцасны элементийг орчин үеийн загвартай хослуулснаар дахин давтагдашгүй бөгөөд баяр наадам, өдөр тутам алинд ч өмсөж болохоор  энгийн хэр нь чамин бүтээлүүд гардгаараа онцлогтой.

-Энэ зун ямар өнгийн дээл тренд болж байна вэ?

-Хэрэглэгчдийнхээ санаа бодлыг сонсоход илүү өнгөлөг гэгээлэг, завсрын өнгийг сонгож байгаа харагддаг. Гэхдээ хүмүүс өнгөнд баригдахаа больсон. Илүү  өөртөө зохисон, дуртай өнгөө сонгон хэрэглэж байна.

-Үнийн хувьд хэдээс хэдэн төгрөгийн хооронд байна вэ?

-Загвар бүр хийц ажиллагаа, материалаасаа болоод өөр өөр үнэ ханштай. Бид зах зээлийн үнэ ханшийг бодвол хямд боломжийн үнийг хэрэглэгчдэдээ санал болгодог.

-Энэ мэдээллийг уншсан хүмүүс танай коллекцийг сонирхож байвал та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?

-Одоогоор шинэ гаргасан бүтээлүүдээ цөөн тоогоор бэлэн худалдаалж, ихэвчлэн захиалгаар хийж байгаа. Тиймээс манай “GereL Fashion” пэйж хаягаар болон, 98366398 утсаар бидэнтэй холбогдож болно. Цаашид үйлдвэртэй болж хэрэглэгчдэдээ илүү хүрч ажиллахын тулд нэрийн дэлгүүртэй болохоор төлөвлөн ажиллаж байна.

Э.МАНДХАЙ: ЗАГВАР БҮРЭЭС ЗУРГААГ Л УРЛАДАГ

 

“EDEM” брэндийн загварлаг, дэгжин загварын ноолууран бэлэн хувцаснууд бидэнд аль хэдийнээ танил болсон. 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Цаст согоот HHK” компани ноос, ноолууран бэлэн хувцас тасралтгүй үйлдвэрлэж ирсэн түүхтэй.  Тус компанийн “EDEM” брэнд 2016 оноос нэмэлтээр оёмол бүтээгдэхүүн цөөн тоогоор гаргаж эхэлжээ. Тэгвэл “EDEM” брэндийн хамт олон ч наадмын загваруудаа гаргажээ. Энэ талаар тус компанийн Ерөнхий дизайнер Э.Мандхайтай ярилцсанаа хүргэе.

-Үндэсний их баяр наадам тун удахгүй болно. Танай компанийн хувьд наадамд зориулж коллекц гаргасан уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай компани үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан 20 орчим төрлийн дээл, даашинз, хүрэм гэх мэтчилэн бүтээгдэхүүн гаргаад байна. Загвар бүрээс 3-6 ширхэг гарч байгаа. Мөн загваруудын хувьд А силуэтийг ашиглан материалуудын нийлэмж дээр гар чимэглэлийг түлхүү оруулсан учраас бүсгүйчүүдэд маань их таалагдаж байгаа. Мөн хэт гоёлын гэхээсээ илүү өдөр тутам хүлээн авалт баяр ёслолын үеэр өмсөхөд тохиромжтой бүтээлүүд гарсан.

-Энэ зун ямар өнгийн дээл тренд болж байна вэ?

-Тренд гэхээсээ илүү монгол загвар маань өөрөө их баялаг учраас маш бага деталийг ашиглаж өдөр тутам өмсөж болох дорнын өнгө аястай дүр төрхийг бүтээх боломжтой. Мөн бусад монгол хувцас хийдэг урлан, салонууд өөр өөрсдийн тренд болгох загвараа танилцуулсан байх. Манай “EDEM” брэндийн хувьд наадмын загвараа хөнгөн нимгэн өмсөхөд тээртэй биш байдлаар шийдэж өгснөөрөө онцлогтой.

-Наадмын коллекцид орсон загварууд хэдэн төгрөгийн үнэтэй вэ. Танай компанид заавал урьдчилж захиалга өгөх ёстой юу?

-Манай коллекцийн загварууд 200-500 мянган төгрөгийн үнэтэй. Мөн цор ганц гарах загваруудын хувьд өндөр үнэтэй байдаг. Манай бүтээгдэхүүнүүд “Гранд плаза” дэлгүүрийн хоёрдугаар давхарт 2-9 дүгээр тасагт худалдаалагддаг. Бид урьдчилж захиалга авдаггүй. Дэлгүүртээ бэлэн бүтээгдэхүүнээ худалддаг. Зарим тохиолдолд бидний гаргаснаас өөр размер хүсвэл хийж өгдөг. Гэхдээ нэг загвар зургаан ширхгээс илүү гардаггүй. Тиймээс зургаан ширхэг гарсан загварыг дахин хийх боломжгүй.

Зураг