Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгчийн найз эхний ялаа авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын огцорсон ерөнхийлөгч Пак Гын Хэгийн ойрын найз, түүнийг суудлаасаа огцроход хүргэсэн дуулианы эзэн гэгддэг Чой Сүүн Силд тус улсын шүүх гурван жилийн хорих ял оноосныг өнөөдөр Ёнхап агентлаг мэдээллээ.

Өнөөдрийн шүүхийн шийдвэр нь Чой хатагтайд тулгасан хэргүүдийн хамгийн эхний ял юм. Уг нь прокурорууд түүнд долоон жилийн ял төлөвлөөд байсныг ийнхүү гурван жил болгож бууруулжээ.

Гурван жилийн ял нь түүнийг нэр хүндтэй их сургуульд охиноо элсүүлж, диплом авахад нь ерөнхийлөгчийн нөлөөг ашигласны шийтгэл юм.

Харин том компаниудаас авилга авсан, төрийн хэрэгт оролцсон, төрийн нууц задалсан зэрэг хэргүүдэд нь тусдаа ял хүлээж байгаа ажээ.

Нэр хүндтэй Эвха Эмэгтэйчүүдийн их сургуульд охиноо элсэхэд нь “арын хаалга” хэрэглэсэн, ихэвчлэн Европт морин спортын бэлтгэл хийж, хичээлдээ суудаггүй байсан охиноо амжилттай төгсгөхөд мөн ерөнхийлөгчийн нөлөөг ашигласан нь тогтоогджээ.

Шүүх бас тус сургуулийн захиралд хоёр жилийн хоригдох ял оноосон байна. Чой хатагтайн 20 настай охин Чун Юү Ра морин спортоор Азийн Наадмаас алтан медаль хүртэж байсан. Энэ сарын эхээр түүнийг Өмнөд Солонгосын эрх баригчид Даниас шилжүүлж авчирсан юм. Чун Юү Рагийн их сургууль төгссөн дипломыг хүчингүй болгожээ.

Тэр өөрт нь тулгасан бүх хэргийг няцааж байгаа ба авлигын мөнгөөр бэлтгэл сургуулилалт, амьдрах зардлыг нь хангаж байсныг мэдээгүй гэж мэдүүлж байгаа. Одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан экс ерөнхийлөгч Пак Гын Хэ, Самсунг Электрониксийн ерөнхийлөгч нарыг хориод байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News