“Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ.
Хөгжлийн банк, арилжааны банкнаас 12 үйлдвэр, аж ахуйн нэгжид олгосон нийт 63.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлж, 15.8 мянган тонн махыг хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд худалдаалж байна.
Махны худалдааг Улаанбаатар хотын 6 дүүрэгт 118 дэлгүүрээр, Дархан-Уул аймагт 118 дэлгүүрээр, Эрдэнэт хотод 6 дэлгүүрээр иргэдийн хэрэгцээнд нийлүүлсэн байна.
Мөн “Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн Хархорин, Орхон, Жуков, Тэнгэр, Нарантуул, Дүнжингарав, Шар хадны эцэс, Хангай хотхон, 32-ын тойрог, Хороолол зах, Яармагийн эцэс, Баянхошуу, Цамбагарав, Содон хороолол, Шөнийн зах, Хүчит шонхор, Нарантуул-2, Хан-Уул үйлчилгээний төв, Драгон, Энхжин, Саппоро, Миний дэлгүүр зэрэг байршил, газарт зохион байгуулсан.
Өргөтгөсөн худалдаагаар үхрийн махыг 5,200 төг/кг, хонины махыг 4,100 төг/кг, ямааны махыг 3,800 төг/кг өөр тус тус борлуулсан.
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд тогтоосон үнээр буюу зах зээл дэх махны үнээс 10-30 хувь хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлж эхэлснээр махны үнийг тогтворжуулж, хаврын улиралд махны хомсдол үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.
2017 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн байдлаар “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд нийт бэлтгэсэн махны 80 шахам хувь буюу 12.3 мянган тонн махыг худалдан борлуулаад байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ