Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярдаваа: Зээлийн хүү буурах боломж нээгдэж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хурлаар бодлогын хүүг 2 функтээр бууруулж 12 хувь болгох шийдвэр гарсан билээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн захирал Б.Баярдаваа хүү буурснаар зах зээлд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар “Бодлогын хүү буурснаар зах зээл дээр маш тодорхой нэг мессэж өгч байна.

Эрсдэлгүй хүүг Засгийн газрын хүү гэж ярьдаг. Бодлогын хүү буурснаар Засгийн газрын бондын хүү буурна. Түүнийг дагаад хадгаламжийн хүү буурна. Хадгаламжийн хүү буурснаар зээлийн хүү буурах боломж нээгдэж байна. Ийм боломж байна гэсэн үг” гэсэн юм.

Бодлогын хүүгийн нөлөөлөл зах зээл дээр дөрвөн улирлын дараа хамгийн хүчтэй мэдрэгддэг ажээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Хүү буурснаар бизнесийн салбарынханд ямар нөлөө үзүүлэх талаар Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн Ц.Батсүх “Энэ шийдвэр бизнес эрхлэгчид болон иргэдийн хүлээж байсан үр дүн юм.

2017 оны эхний улиралд эдийн засаг 4 гаруй хувиар өссөн ч гэсэн уул уурхай болон түүнийг дагасан салбарууд дээр өсөлт ажиглагдсанаас биш бусад салбарууд дээр өсөлт тийм ч сайн ажиглагдаагүй.

Тиймээс бодлогын хүүг 2 хувиар бууруулж байгаа нь зээлийн хүүнд нөлөөлөх замаар бусад салбаруудын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ.

Ингэснээр санхүүгийн салбарын тогтвортой байдал буюу чанаргүй зээлийн хувь хэмжээнд эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлт байна” гэв.