Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг БУУРУУЛЖ 12 хувьд хүргэлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр /06.15/ хуралдаж мөнгөний бодлогын хүүгээ 14 хувиас хоёр функтээр бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргажээ. 

Энэ талаар Монголбанкнаас албан ёсны шийдвэрээ танилцууллаа.

"Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох, бодлогын хүүний корридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнөөр тэгш хэмтэйгээр шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа.

Инфляци 2017 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 3.7 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 3.8 хувьд хүрлээ. Инфляцийн өсөлтөд эдийн засгийн сэргэлтээс гадна нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс нөлөөлж байгаа ч дунд хугацаанд Төв банкны зорилтот түвшний орчимд тогтворжихоор байна.

Өнгөрсөн оны сүүлийн хагасаас хэрэгжүүлсэн мөнгө, төсвийн бодлогын арга хэмжээ болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөлөөгөөр макро эдийн засгийн эрсдэл буурч, тодорхой бус байдал багасаж, зах зээлд оролцогчдын итгэл сэргэж байна. 

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирсан, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаа зэрэг нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээр байгаа бөгөөд уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих шаардлагатай байна. 

Иймд инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах зорилт алдагдахааргүй байгаа тул мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил, ажил эрхлэлт, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ.

Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна" гэв. 

График 1: Бодлогын хүүний өөрчлөлт /2010-2017/

БОДЛОГЫН ХҮҮ ТҮҮНИЙ НӨЛӨӨЛӨЛ:

Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор арваас дээш хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна.

Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банканд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг.  Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банканд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. 

Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банканд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байдаг. 

Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг юм.