Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: Бүх нийтээрээ ерөнхийлөгчийн сонгуулийг БОЙКОТ хийх ёстой

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын дарга асан Э.Бат-Үүл яг одоо цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

Тэрбээр "Гэр хороололд ойрын үед хэрэгжүүлэх гэж байгаа маш том луйврыг илчлэх үйл ажиллагаатай холбогдуулан өнөөдрийн хэвлэлийн бага хурал хийж байгаа юм.

Өчигдөр АН-ын байран дээр гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон хэсэг иргэд цуглаан хийж, гомдол мэдүүлж улс төрийн үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ дахин төлөвлөлтийн иргэдийн дотор төрийн албан хаагчид байсан. Дахин төлөвлөлтийг хариуцах ёстой ажилтнууд оролцсон цуглааныг манай намын байрны өмнө хийсэн.

Дахин төлөвлөлттэй холбоотой биднийг гүжирдэж байгаа зорилго бол дахин төлөвлөлт гэдэг үйл ажиллагааг мушгиж, ард иргэдийн өмч хөрөнгө дээр гадны хөрөнгө оруулалттай маш том хэмжээний луйвар хийх гэж байна.

Хийх гэж байгаа луйврыг илчилнэ гэдгийг мэдэж байгаа хүний хувьд над руу зориуд дайраад байгаа юм.

2016 онд би ажлаа өгөхөөс өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийг дуусгахаар 70 тэрбумыг төлөвлөж 40 тэрбумыг нь бий болгосон байсан. Ингээд 10 хувиас дээш гүйцэтгэлтэй 25 барилгыг дуусгахаар шийдвэрлэсэн. Энэ 25 барилгыг дуусгахад газраа чөлөөлсөн 1,200 иргэн орон сууцанд орохоор байсан. Гэтэл МАН эрх бариад 20 тэрбумыг тодотголоор байхгүй болгосон. Бүх төсөв хөрөнгийн үйл ажиллагааг зогсоосон. Намар гэхэд газраа чөлөөлсөн иргэд бүгд байрандаа орох гэж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар дээр орон сууц авч байгаа иргэдэд 5 хувийн моргэйж өгөх Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын гарын үсэгтэй шийдвэр гарсан.

Энэ ажлыг зогсоосон. Зогсоосон шалтгаан нь борлуулалтын хяналтыг нь гартаа авсан бизнес хийхээр шийджээ. Гэхдээ гэр хорооллын иргэдийн хашааны газрыг маш хямд авах луйвар хийх гэж байна. 

Би одоо гэр хорооллынхонтойгоо нэг бүрчлэн уулзаж, энэ луйврыг илчилнэ" гэв. 

"Орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн судалгаа гарсан"

-Та яагаад өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлээгүй юм бэ?

-Би намын гишүүддээ уриалсан. Baabar.mn дээр энэ сонгуулийг бойкотлох хэрэгтэй гэдэг уриалгыг би тавьсан. Яг үнэндээ сонгуулийн ажлыг луйвардаж, санал худалдаж авах ажлын бэлтгэл хангагджээ. Хууль бусаар төрийн эрх мэдэл авах бэлтгэл үнэндээ хангагдсан.

Орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн судалгаа гарсан байна лээ. Хууль бус аргаар санал худалдаж авдаг явцыг өөрчлөхгүй бол бид тайван замаар дарангуйлал руу шилжих гэж байна. 

Өнөөдөр төр нь авлигалд автсан нийгэмд хэн нэгэнд эрх мэдлийг төвлөрүүлбэл дарангуйллыг бий болгоно. АН үүнд оролцсоноороо, мэдсээр байж сонгуульд оролцоно гэдэг хамтран оролцогч болно гэсэн үг. Ийм байдалд орж болохгүй.

Бусад намуудтай ярилцаад, бүх нийтийн бойкот хийх ёстой. Би энэ асуудлыг намын даргатай ярьсан. Луйвар боллоо гэдгийг мэдсээр байж тоглоомд орчихоод дараа нь луйвар боллоо гэж хашхирах утгагүй. 

Санал худалдан авалт урьд хожид байгаагүй өргөн дэлгэр болно. Би өөрөө бойкот хийе гэж уриалчихаад нэр дэвшинэ гэдэг утгагүй. 

-Та сунгаанд АН-аас хэнийг дэмжиж байгаа вэ?

-Би хэнийг ч дэмжихгүй байгаа. Бойкотол гэж байгаа. Ардчиллаас дарангуйлал руу шилжсэн Турк зэрэг улсууд одоо үүнийг хууль ёсны болгосондоо амаа бариад сууж байна. 
Одоо та нар харж байгаа. Тэнд Ардчилсан хүчнийг гудамжинд гаргачихаад бүгдийг нь барьж хорьж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/662627980589440/


Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.