Уншиж байна ...
Зураг
Зураг

Израильтай байгуулсан бизнесийн гэрээг эсэргүүцсэн 28 ажилтнаа Google компани халжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Израилийн засгийн газартай байгуулсан үүлэн тооцоолуурын (cloud computing) үйлчилгээний гэрээг цуцлахыг шаардсан 28 ажилтнаа Google компани халжээ.

Эдгээр ажилтнууд энэ долоо хоногт тус компанийн Нью-Йорк хот, Калифорни мужийн Саннивэйл хот дахь байруудын дотор эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан юм байна.

Тухайлбал Саннивэйлд тэд Google Cloud компанийн гүйцэтгэх захирал Томас Курланы албан тасалгаанд хүчээр нэвтэрч байжээ.

Тэд “Ашгийн төлөө Геноцид үйлдэхээ зогсоо”, “Бид Палестин, Араб, Муслим хэрэглэгчидтэй хамт” гэх мэт зурагт хуудас барьсан байв.

“Цөөн тооны ажилчид манай хэд хэдэн байранд нэвтэрч, үйл ажиллагаанд болон бусад ажилтнуудыг ажлын байрандаа нэвтрэхэд саад учруулсан нь дотоод журмыг зөрчсөн хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл юм. Байрнаас гарах хэд хэдэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаны дараа оффисын аюулгүй байдлыг хангах үүднээс хууль сахиулах байгууллагуудад хандсан. Бид шалгалтын үр дүнд одоогоор 28 ажилтантай хөдөлмөрийн гэрээгээ цуцлаад байна. Шаардлагатай бол үргэлжлүүлэн шалгаж, нэмэлт арга хэмжээ авах болно” гэж Google компаниас мэдэгджээ.

Google болон Amazon компаниуд тус тусдаа $1.2 тэрбумын дүнтэй үйлчилгээний гэрээг Израилийн засгийн газар, батлан хамгаалах яамтай байгуулсан байдаг тухай “No Tech for Apartheid” хөдөлгөөн мэдээлсэн байна.

2021 онд анх гэрээг байгуулахдаа Google компани тус улсын эрүүл мэнд, зам тээвэр, боловсролын салбарт үйлчлэх тухай мэдээлж байжээ. Харин “No Tech for Apartheid” хөдөлгөөнийхөн тус компанийг батлан хамгаалах салбарт нь бас үйлчилж, Палестины иргэдийн эсрэг байлдааны ажиллагаанд тусалдаг гэж буруутгаж байна.

 

Эх сурвалж: CNN