Уншиж байна ...

Британийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Британийн хэсэг археологичид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээснээ өнөөдөр нийтэд үзүүлжээ.

Уг эмэгтэйг 2018 онд гавлын яс нь олдсон Иракийн Курдистаны нутагт оршдог агуйн нэрээр “Shanidar Z” гэж нэрлэсэн байдаг.

Нас барахдаа 40 орчим настай байсан энэ эмэгтэйн гавлаас бусад араг ясыг 1960 онд Америкийн археологич Ральф Солецки энэ газраас 10 гаруй неандерталь хүний булшийг малтахдаа ухаж гаргасан гэж судлаачид үздэг.

Улс төрийн харилцааны асуудлаас болоод Кэмбрижийн их сургууль, Ливерпүүлийн Жон Мурын их сургуулийн археологичид 50 орчим жилийн дараа умард Иракийн Загросын уулсын дундах энэ газарт дахин очих боломжтой болж байжээ.

зураг
 

Неандерталь хүмүүсийн сүүлчийн хэсэг одоогоос 40,000 орчим жилийн өмнө буюу орчин үеийн хүний өвөг дээдэс ирснээс хойш хэдхэн мянганы дараа нууцлаг шалтгаанаар устаж алга болсон гэдэг.

“Shanidar Z”-ийн үлдэгдлийг Неандерталь хүний хамгийн сайн хадгалагдаж үлдсэн гавлын ясны нэг гэдэг.

зураг
 

Шанидар агуйн голд босгосон асар том чулууны ар талаас хэдэн зуун жилийн хугацаанд тус тусад нь оршуулсан олон неандерталь хүний булш олдсон юм.

Нүүдэллэн амьдардаг байсан неандертальчууд энэ чулуугаар оршуулгын газраа олдог байсан гэж археологичид үзэж байгаа.

Үхэгсдэдээ хүндэтгэл үзүүлж, оршуулдаг байсан нь неандертальчууд бусдыг өрөвдөж хайрлах мэдрэмжтэй байсныг, булшнуудыг нэг жигд байрлалаар, ижил зүгт хандуулсан нь тэдэнд “уламжлал”, “мэдлэгээ өвлүүлэх чадвар” байсныг батлан харуулж байгааг судлаачид онцолжээ.

 

Эх сурвалж: AFP