Уншиж байна ...

Д.Бадрал: “Үнэт” санхүүгийн нэгдлээрээ бид өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг бизнесийн соёлыг түгээнэ

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2024 оны 5 сарын 2
Өдрийн сонин
Зураг зураг

“Үнэт” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч Д.Бадралтай ярилцлаа. Тэрбээр банкны салбартаа төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон төслүүдэд гар бие оролцож явсан чадварлаг удирдагчдын нэг.

Тэгвэл Д.Бадрал одоо санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж, “Үнэт” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулжээ. Түүнтэй шинэ бизнесийнх нь талаар болон ажлын туршлага, хувь хүний карьер, цаг үеийн асуудлаар өргөн хүрээнд ярилцлаа.


-Та Голомт банкны албан тушаалаа хүлээлгэн өгсөн тухай саяхан цахим хуудсандаа мэдээлсэн. Бүтэн 20 жил банкны салбарт мэргэшиж, өөрийгөө харуулж чадсан Д.Бадралыг энэхүү хаалгаа хааж байгаа нь анхаарал татлаа. Тэгэхээр хоёулаа энэ талаар ярьж эхэлбэл ямар вэ?

-Ямар ч хүн амьдралдаа зорилготой, тэмүүлэлтэй оршин тогтнодог. Миний хувьд эхний 20 жил “Дандарын Бадрал” буюу эцэг эхийн үүрэг захиасыг биелүүлж, сайн хүү, сайн сурагч, сайн оюутан байхыг хичээж ирсэн. Үүний дараагийн 20 жил Голомт банктай холбогддог. Энд хувь хүнийхээ болон байгууллагын үнэт зүйл, итгэл үнэмшил, алсын харааг ажил хэрэг болгоход энэ хугацааг зарцуулсан байна. Мөн банкны системээс гадна Монголын аж ахуйн нэгж байгууллагын том үсрэнгүй хөгжлийн өөрчлөлтийн цаг үе хамт явсан.

Хүний 20-30 нас сурдаг, мэддэг, баг хамт олон дотроо хэн байх, түүнийг ойлгодог нас юм байна. Харин 30-40 нас сурсан мэдсэн, баг хамт олондоо өөрийгөө ойлгуулсан зүйлээ эргүүлээд гаргах, түүгээрээ дамжуулаад бусдад илүү их боломж бололцоог олгох, үнэ цэнийг бүтээх ёстой цаг хугацаа юм болов уу. Ингээд Д.Бадрал дараагийнхаа 20 жилийн зорилгыг тавьсан хэрэг. “Дөч гарсан эр, дөрөв дарсан ат” гэдэгтэй адилхан би юу бүтээв, ямар үнэт зүйлтэй байв, юу хийж явсан бэ гэдгийг бодсон. Эхний 20 жил Дандарын Бадрал, сүүлийн 20 жил Голомтын Бадрал, сүүлийн хоёр жил Шарк Бадрал, жижиг дундыг дэмжигч Бадрал байлаа. Үүнээс цааш нийгэмд илүү идэвхтэй, оролцоотой байх, бусдад өөрийнхөө мэдлэг туршлагыг хуваалцдаг байх, өнгөрсөн 20 жилийнхээ сурсан зүйлийг гаргах ёстой цаг хугацаа юм байна гэж үзсэн учраас дараагийн аян замдаа гарч байгаа юм. Тэр маань бидний үүсгэн байгуулсан компани гэсэн үг.

-Улс төр рүү орох нь гэдэг яриа дуулдсан. Хий “хардлага” байжээ?

-Улс төрд өнөөдрийн хувьд орохгүй. Мэдээж хүн өөрийгөө тодорхой хэмжээнд бэлдэх ёстой. Үнэ цэнтэй, мэдлэг туршлагатай болж, түүнийгээ бусдад хуваалцах чадвартай байх ёстой гэж би боддог. Тиймээс өнөөдрийн цаг хугацаанд улс эх орондоо эдийн засаг, нийгмийн амьдралд өөрийнхөө үүсгэсэн компани, аж ахуйн нэгжээрээ хувь нэмэр оруулах нь чухал гэж үзсэн. Тиймээс улс төрд орох зорилго одоогоор байхгүй.

-Манай улсын хувьд эдийн засаг жижиг, санхүүгийн салбар банкан дээр түлхүү хөгжсөн гэж шинжээчид үздэг. Тэр ч үүднээс санхүүгийн нэгдлүүд тийм ч олон биш. Харин та ямар нөхцөл боломжийг олж харж, “Үнэт” санхүүгийн нэгдлийг байгуулах болов?

-Энэ бизнест маань ямар нэгэн гаднын, томоохон компанийн хөрөнгө оруулалт байхгүй. Цэвэр банк, санхүүгийнхээ салбарт 10-20 жил ажилласан, олон улсад мэргэшсэн, олон улсын санхүүгийн корпорацид ажиллаж байсан, Оксфорд, Лондонд төгссөн таван залуу итгэл үнэмшлээрээ нэгдсэн.

Хүн энэ хорвоод ирэхээс авхуулаад утга учиртай байдаг. Аж ахуйн нэгж байгууллага ч анх үүсгэн байгуулахдаа зорилго, үнэт зүйлтэй байх ёстой. Тиймээс бидний хувьд бид үнэт зүйлдээ их хайртай. Үнэт зүйлийг баримталж, хичээж ажиллаж ирсэн залуусын нэгдэл. Тиймээс энэ аж ахуйн нэгж үнэт зүйлтэй байснаар илүү урт хугацаанд оршин тогтноно гэж үзсэн. Энэ үүднээс “Үнэт” гэдэг нэршлийг авсан. Нэг ёсондоо компанийн маань эрхэм зорилго дээр үүссэн нэр. Нөгөө талаар мэдээж танд ч туршлага байгаа, надад ч бий. Бид хоёр жижигхэн ч гэсэн үнэ цэнэ бий болгоно. Тэгвэл танд, надад байгаа боломжийг нийлүүлээд хоёр биедээ үнэ цэн бүтээвэл улс эх орондоо өөрсдийнхөө амьдралд сайн сайхан зүйлийг цогцлоож чадна гэдэг үндсэн дээр “Үнэт” гэдэг нэрийг сонгосон. Эцэст нь дэлхий дахинд аливаа аж ахуйн нэгж олон нийтийн байх нь чухал гэж харж байгаа учраас санхүүгийн нэгдэл гэдэг утгаараа хүний хөрөнгийг үнэ цэнтэй байлгах, удирдах гэдэг утгаар энэ нэрийг сонгосон.

Мэдээж санхүүгийн нэгдэл маш олон функц, үйлчилгээнээс бүрддэг. Санхүүгийн салбарт банк, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг багтана. Түүнээс гадна жижиг дундуудыг дэмжих, тэдэнтэй хамтраад дараагийн түвшинд гаргах үйлчилгээ, зорилгуудыг аж ахуйн нэгжүүд, санхүүгийн компаниуд тээж явдаг. Гэтэл үүнийг хөрөнгийн зах зээлд холбож өгдөг. Өдөр тутмын үйл ажиллагаанд зөвлөж, магадгүй шинэ шийдлүүдийг хийж өгдөг. Мэдээж эхний байдлаар хүрэхэд шаардлагатай санхүүжилтийг дотоод болон олон улсаас босгож өгдөг баг хамт олны хувьд харьцангуй ховор байдаг. Тиймээс санхүүгийн ийм цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор компаниудаа угсраад бэлдэж эхэлж байна.

Санхүүгийн нэгдлийн хувьд СЗХ зөвшөөрөл авах ажиллагаа, хүний нөөцийн бүрдүүлэлт явж байна. Бид бие биедээ үнэ цэн бүтээх ёстой. Манай компанийн эрхэм зорилго бол өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг үнэт бизнесийн соёлыг түгээхийг зорино. Нөгөө талд бидний хувьд тодорхой хэмжээний хязгаарлагдмал нөөцтэй. Хувь хүний, мэдлэг чадвар, санхүүгийн хувьд ч. Тэгэхээр бидний зорилго энэ компанийг ганцаараа биш олуулаа эзэмшье. Харилцагч тухайн компанитайгаа хамт үнэ цэнэ нь явах ёстой. Нийгмийн хамгийн том шаардлага энэ. Дараагийн зүйл бол ажилтан хамт явах ёстой, хамтрагчид хамт явах ёстой. Ганцхан баялгийн эзэн, ганцхан компанийн эзэн гэж суух зарчмын өөрчлөлтийг хийхгүй бол томорч, тэлэх, ажиллах хүчин, харилцагчаа хадгалахад хэцүү. Тиймээс миний хувьд өөрийн энэ үзэл бодлоо, улсдаа хийсэн бүтээсэн зүйлтэй байх хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө энэ компанийг үүсгэн байгуулсан юм.

Манай компанийн эрхэм зорилго бол өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг үнэт бизнесийн соёлыг түгээхийг зорино.

Үүнийг би ганцаараа эзэмшихгүй. Би маш бага хувьцаа эзэмшигч байсан ч болно. Хамгийн гол нь миний хамтрагч, ажилчид надад итгэж, бизнестээ хамтрал үүсгэж байгаа хүмүүс маань илүү их томрох, хамтрах бололцоог олгоно гэж үзсэн. Тиймээс хувьцаа эзэмшлийн хувьд энэ бол эхлэл. Цаашид бид бүх компанийг эзэмшихгүй. Өөр өөрсдийн чадвартай бүх хүмүүст компаниудыг нэгтгэж, хамтарч байгуулна. Үүнийхээ төлөө бид ёс зүйтэй, энэ багийг авч явах хамтралуудыг хийнэ. Буцаад эцсийн өмчлөгч бид бүгд шүү гэдгийг л харуулна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг та онцоллоо. Банк, даатгал, хөрөнгийн зах зээлийг санхүүгийн салбар гэж олон нийт, салбарынхан хардаг. Үүн дээр таныхаар жижиг дундыг татаж оролцуулах нь зөв гэж үзжээ. Яагаад?

-Улс орны ажиллах хүчний гол цөм жижиг дунд дээр төвлөрч байдаг. Эргээд энэ нь эдийн засгийг солонгоруулах, импортыг бууруулахад хамгийн чухал анхан шатны хэрэгцээ, үйлчилгээ эндээс л гардаг. Яахав, жижиг дунд хай технологи, өргөн массын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, том бүтээн байгуулалт хийдэггүй. Өрхийн амьдралд, дэлгүүрт ороод, гудамжинд гараад анхан шатны үйлчилгээг авах том суурийг хийж байгаа юм. Энэ утгаараа энэ нь улс эх орны хамгийн том суурь. Мэдээж бидний хувьд Самсунг, Apple шиг энэ улсыг авч явах том брэнд компаниуд маш чухал. Энэ компаниуд улс орныг авч явдаг. Үүнээс гадна энэ олон иргэдийг дараагийн шатанд дээшээ гаргах холбож өгөх зүйлийг жижиг дунд хийдэг. Томоохон ААН-үүд жижиг дундыг дэмжих гэж оролдож байна.

Банкууд ч, олон улсын хөгжлийн хөтөлбөрүүд ч тэр. Гэхдээ энэ салбарт харахад сонин зүйлүүд олон бий. 10 хүнтэй жижиг үйлдвэр байлаа гэхэд тэнд хэд нь технологийн IT, хэд нь мэргэшсэн санхүүч байх вэ. Хэд нь үйлдвэрлэлийн бүтээмжийн инноваци нөү-хау гаргадаг хүмүүс байх вэ гээд бодохоор хүртээмжийн хувьд боломжгүй. Гэтэл өрсөлдөөн бол үүнийг зайлшгүй шаардаж байдаг. Өнөөдөр яг үнэндээ Рио Тинто шиг томоохон компаниуд орж ирээд уул уурхайн төслүүд дээр л ажиллана. Тэд жижиг дундад орж ирж, энэ бизнест оролцдоггүй. Харин жижиг дунд үйлдвэрлэлд олон улсын хөгжлийн агентлагууд, санхүүгийн компаниуд дэлхийн байгаль цаг уурын нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор орж ирж байдаг. Гол нь манай жижиг дундуудад олон улсын байгууллагын шаардлага, стандарт, бичиг цаасыг боловсруулж өгөх, санхүүгийнх нь хэллэгээр моделийг нь хийж өгөх тал дээр мэдлэг, туршлага дээр дутмаг. Энэ нь тэдний буруу биш. Мэргэшсэн хүмүүс ховор байгаатай л холбоотой. Тиймээс тэд хөгжлийн дараагийн шатанд гарахад удаад байна уу гэж хардаг.

Нөгөө талаар манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 34 жил болж байна. Энэ хугацаанд том жижиг маш олон компани бий болсон. Томууд нь томорч, улсынхаа гол ачааг үүрч байгаа. Дунд шатанд аль хэдийнэ тодорхой хэмжээний хуримтлалтай болчихсон, бизнес нь тогтчихсон компани олон байдаг. Тэдний хувьд удирдлагын, хувьцаа эзэмшигчдийн түвшинд гэр бүлийн компаниас дараагийн томоохон корпорейт засаглалтай болоход, дараагийнхаа өөрчлөлтийг хийж чадахгүй гацсан ч бий. Нэг ёсондоо нэгдүгээр үеийнхэн хийдгээ хийж, бүтээдгээ бүтээчихсэн. Гэхдээ өнөөдрийн энэ инерциэрээ байх уу, орчин үеийн технологийн өөрчлөлтүүдийг мэдрээд, илүү урт хугацаанд олон жил амьдрах компани бий болгох уу гэдэг дээр асуудал үүсчхээд байгаа юм. Тиймээс эдгээр компаниудыг дараагийн шатанд гаргах, өөрчлөхөд, хувь нэмэртэй болгоход чухал шаардлагатай үе ирж байгаа гэж харж байна.

зураг
 

-Тэгвэл санхүүгийн салбарын нөхцөл байдлыг товчхон шинжье л дээ. Хөрөнгийн зах зээл, даатгалын салбар өнөөдөр ямар байна, танай нэгдэл энэ салбарт ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

-Олон улсыг харахад санхүүгийн салбар бол ДНБ-ээсээ хэд дахин том байж болдог. Жишээ нь, Хятадын банкуудын актив удирдлага улсынхаа эдийн засгаас гурав дахин том байх жишээтэй. Монгол Улсын хувьд харахад санхүүгийн салбарын 80 гаруй, өмнө нь 90 гаруй хувийг эзэлдэг байсан нь банкны салбар. Өнгөрсөн онд Монгол Улсад 67 их наяд төгрөгийн ДНБ байв. Гэтэл банкуудын удирдаж байгаа нийт актив бол 57 их наяд. Энэ утгаараа банкны салбар үнэхээр том орон зайг нөхөж, бусад санхүүгийн салбарыг тэтгэх суурийг бий болгож ирсэн.

Хөрөнгийн зах зээл, даатгалын салбар хөгжихгүй байна. Энэ нь банкны буруу, том орон зай эзэлчихсэн байна гэж тодорхой хэмжээнд ойлгодог. Яагаад хөгжихгүй өнөөдрийг хүртэл явав гэдгийг харах ёстой. Нэгд, хөрөнгийн зах зээл. Нэршлээс нь бодоход хөрөнгийн тухай яригдана. Хөрөнгийн зах зээл дээр сайн бүтээгдэхүүн, эрх зүйн орчин, улс төрийн тодорхой хууль дүрэм журмын өөрчлөлтүүд байж энэ салбар хөгжинө. Санхүүгийн салбарт ажиллаж байсан хүний хувьд харахад мэдээж 90 онд цэнхэр ягаан тасалбараар эхэлсэн. Эргэлтэд оруулахад худалдаж авах хүн байхгүй, зүгээр л цаас болоод дууссан. Эхний давлагаа энэ. Хоёр дахь давлагаа 2008 онд явагдсан. Энэ үед компаниуд бирж дээр гарсан. Ингээд жаахан сэргэх болов уу гэж харж байтал 2011 оны эдийн засгийн хямралыг дагаад буцаад хөрөнгийн зах зээл зогссон. 2017 он хүртэл гадаадын хөрөнгийн оруулалт ч тэр, дэлхий дахинд хямралтай байсан цаг үе учраас манай улсын эдийн засагт хөрөнгийн зах зээл уруудсан.

Банкны салбар үнэхээр том орон зайг нөхөж, бусад санхүүгийн салбарыг тэтгэх суурийг бий болгож ирсэн.

-Энэ үед банкууд хөрөнгө оруулалт босгох санаачилгыг эхлүүлсэн байх аа?

-Бид тухайн үед “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүй бол банкан дээр энэ салбар дан ганц тулгуур, бүх эрсдэлийг үүрч чадахгүй. Хөрөнгө оруулагч нарт хөрөнгө хайж байгаа хүмүүст урт хугацаатай томоохон компанийн бага хүүтэй гэдэг шиг урт хугацаатай хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна” гэж ярилцаад 2016 оноос хоёр жилийн хугацаатай төслүүдийг эхлүүлсэн. Монголын томоохон банканд 16 жил ажилласан, хөрөнгө оруулалтын банкны хэсэг дээр буюу том санхүүжилт хийж байсан хүний хувьд том, ёс зүйтэй компани гаргая гэдэг зорилго тавиад MCS-ээс эхлээд томоохон компаниуд дээр очиж уулзсан. Тэд дэмжсэн, оролцмоор байна гэсэн. Ганцхан зүйл л асуудал байсан. 100 тэрбум босгох уу, 10 тэрбум босгох уу. Том компаниуд 50, 100 тэрбумыг хөрөнгийн зах зээлээс босгож өгөөч гэдэг эрэлт гарч ирсэн. Гэтэл хөрөнгийн зах зээл дээр тавхан тэрбум төгрөгийн Лэнд.мн гарч ирсэн байсан. Ийм цаг үед 50, 100 тэрбумыг босгох хэцүү гэдгийг ойлгосон.

Харин үүний оронд сайн компани буюу олон нийтийн бидний мэдэх брэнд, ёс зүйтэй өргөн хэрэглээний компанийг олох ёстой юм байна гэж харсан. Ингээд “Түмэн шувуут” бидний саналыг хүлээж авсан. “Монос” ХХК “Монос хүнс” охин компаниа гаргая гэсэн. Ингээд ажиллаж эхэлсэн. Үр дүнд нь хөрөнгийн зах зээл дээр 2019 онд хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй буюу 4000 гаруй хөрөнгө оруулагчаас 10 тэрбум төгрөг татаж байсан. Энэ цаг үеэс тэр компаниуд хөрөнгө оруулалтаа татаж, ёс зүйтэй ажиллаад өнөөдөр үйлдвэрийн бүтээмжээ 4-5 дахин өсгөчихсөн, ногдол ашиг тарааж байгаа нь тухайн үед хөрөнгийн зах зээл дээр дараа дараагийн компани гарч ирэх суурийг сайн тавьсан болов уу гэж хувь хүнийхээ хувьд харж баярлаж явдаг. Үргэлжлээд банкууд IPO гаргах боломж олдлоо. Ингээд хөрөнгийн зах зээл одоогийн түвшиндээ буюу 11 их наяд төгрөгт хүрчхээд байгаа юм.

-Даатгалын салбарын хувьд?

-Даатгалын салбар бол бас л банктай адилхан. Мэдээж чөлөөт зах зээлд орсноос хойш адилхан хөгжиж ирсэн. Даатгалын хувьд албан журмын даатгал гарч ирснээр энэ салбарт тэсрэлт болсон. Өмнө нь томоохон ААН, байгууллагууд л даатгалын системийг ашигладаг байсан. Даатгал эрсдэлээс хамгаалахаас гадна дүрэм журамтай байх суурийг тавьдаг гэсэн ойлголтыг маш чухал. Даатгалын салбарын тоог харахад жилээс жилд 10 гаруй хувиас өсөж байгаа. Энэ хурдаараа тодорхой хугацааны дараа илүү их тэлэх байх. Энэ бүхнийг том тогоо суурь эргээд л банктай холбогддог. Банкуудад өнөөдөр 57 их наядын удирдлага явж байна. Энэ дотроо хадгаламж өнгөрсөн жилийн тоогоор 21 их наяд, харилцах хадгаламжид 13 их наяд, нийт 34 их наяд төгрөг банкны салбарт хуримтлал хэлбэрээр эргэлтэд орж байна. Энэ нь эргээд бусад салбарт шилжих боломжуудыг бий болгож байгаагаараа хүчний тэнцвэр гэхээс илүү санхүүгийн хуваарилалтууд зөв болж байдаг гэж хардаг.

-Банкаар бодоход л санхүүгийн салбар маш хурдан өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Шийдвэр гаргалт, хөрвөх чадварууд энэ салбарт хамгийн хурднаар хийгдэж байдаг гэж харагддаг. Тиймээс үүнийг дагаад хууль эрх зүйн орчны асуудал хөндөгдөнө?

-Санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайн шүү. Учир нь олон нийтийн итгэл дэр явдаг, маш богино хугацаанд хурдтай шийдвэр гаргалтууд, өөрчлөлтүүд дээр тулгуурлаж байдаг салбар. Магадгүй уул уурхайн салбарт нэг хууль, журам гаргаад хэдэн жил мөрдөж болдог бол санхүүгийн салбар богино хугацаанд хурдан өөрчлөхгүй бол олон сөрөг үр дагавар гардаг. Сүүлийн 20 жил банканд ажилласны хүний хувьд Монголбанкны дүрэм журам цаг үетэйгээ, олон улсын шаардлагатайгаа өдрөөс өдөрт уялдаж, сайжирч хатуу болж байгаа нь сайшаалтай. Төр засгаас хараат бус, олон улсын стандарт шаардлагуудад нийцүүлж ажилладаг болсон.

Хөрөнгийн зах зээл ч тэр. Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн дөрөв таван жил маш сайн ажиллаж байна. Өмнө нь тэнд хэдэн банк бус, үнэт цаасны компани л харьяалагддаг байлаа. Одоо банкууд, үүсмэл хэрэгслүүд харьяалагдаж байна. Нэмэгдээд сангууд бий болж байна. Технологид суурилсан компаниуд гэх мэт хүний амьдралын хэрэгцээнд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болсоор байгаа учир хамгийн хурднаар харж эрсдэлийг бууруулах алхмуудыг хийж байгаа зохицуулагч байгууллага.

-Тантай ярилцсаных Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар байр суурь, мэргэжлийн хүний үг өнцгийг тодруулах нь зүй. Монгол төдийгүй дэлхий нийтээр ковид цар тахлыг даван тууллаа. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл гэдэг үгийг гээж эхэлж байгаа харж байгаа. Харин таныхаар өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, гарч болзошгүй эрсдэлийг юу гэж харж байна?

-Бидний хувьд ковидын өмнөх ба, ковидын үе, ковидын дараах үе гурван цаг үе дээр байгаа. Монгол Улсын хувьд 2019 он буюу ковидын өмнө 36.5 сая тонн нүүрс экспортолсон. Мэдээж хил гааль хаагдаад 2022 оноос нээгдэж 31 сая тонныг гаргасан. Өнгөрсөн жил түүхэндээ хамгийн өндөр дүнтэй буюу 66.7 сая тонн нүүрсний экспорт хийлээ. Энд юу нөлөөлөв гэхээр Хятад өөрөө 4.5 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг, дэлхийн гангийн 55 хувийг үйлдвэрлэдэг том улс. Өөрсдөө нүүрсний асар том нөөцтэй, үйлдвэрлэлтэй орон. Монгол Улсын гаргаж байгаа нүүрсний суурь коксжих нүүрс.

Тэгвэл Хятад өнгөрсөн жил нүүрсний хэрэглээний 10 орчим хувийг гаднаас авсан. Энэ нь 470 орчим сая тонн нүүрс гэсэн үг. Үүний 371 нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс байлаа. Харин үлдсэн 103 сая тонн нь кокс нүүрс. Үүний 69 хувийг буюу 67 сая тонныг Монгол Улс нийлүүлсэн. 26 сая тонныг нь ОХУ нийлүүлсэн. Австрали том тоглогч байсан ч худалдааны дайны хоригтой холбоотойгоор бага хэмжээгээр нийлүүлсэн. Бид ийм өндөр хэмжээгээр нийлүүлсэн бас нэг шалтгаан Хятадын дотоодын үйлдвэрлэлтэй манайх өрсөлдөхүйц байж чадлаа. Нөгөө талаар Оросоос 20 хувиар хямд нүүрсээ зарсан. Австрали тээвэрлэлтээсээ хамаараад үнийн хувьд бүр өндөр.

Энэ бол өнгөрсөн жилийн манай эдийн засгийн хамгийн том суурийг бий болгож өгсөн хэрэг. Үүний үр дүнд Монгол Улс долоон хувийн эдийн засгийн өсөлтийг гаргаж чадлаа. Угтаа найман хувийн өсөлттэй байсан. Эдийн засгийн өсөлтийг хойш татсан салбар нь газар тариалан мал аж ахуй. Улсын төсвөө эргээд харвал сонирхолтой тоо харагдаж байгаа. Манайд төсвийн орлого байнгын алдагдалтай гардаг, Төсвийн тухай хуулиа зөрчиж явдаг. Гэтэл 2023 онд төсөв маань анх удаа ашигтай гарсан. Зардлаасаа орлого нь давсан. Хоёр жилийн дотор манай эдийн засгийн өсөлт бараг нэг дахин өссөн. 2022 онд 18 их наядын орлоготой байсан бол одоо 27 их наяд хүрчихлээ. Үүнийг дагаад төсөв данхайсан. Ажиллах хүчинд цалин нэмж байна. Гол үйлчилгээний салбарт 20 хувь, Засгийн газрын ажилтнуудад 10 хувь, тэтгэвэр тэтгэмж дээр 100 мянган төгрөг нэмлээ. Энэ бол инфляцаа дагаад байх ёстой үзэгдэл. Гэхдээ байнга энэ хэрэгцээг дааж чадах уу гэвэл асуудалтай.

-Тэгвэл энэ онд яах бол. Сонгуулийн жил, гадаад ертөнцөд геополитикийн олон асуудал өрнөж байна. Аль салбарт юуг анхаарах ёстой вэ?

-2022 онд долларын ханш өсөж байсан. Тэр үед дөрвөн тэрбум ам.долларын нөөцийг ханш тогтоох гээд алдаж байсан бол одоо нөөц таван тэрбум долларт хүрчихлээ. Манай улсын сарын экспортоор бодоход бид бараг 10-аад сарын импортын валютын урсгалыг даах чадамж байна. Үүнийг дагаад долларын урсгал уул уурхайн салбар дээр суурилж орж ирж байгаа учраас харьцангуй ханшны дарамт бууж байна. Гэвч энэ жилийн хувьд ханш яг энэ чигээрээ байх уу гэдэгт эргэлзээтэй. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд мөнгөний нийлүүлэлт, арилжааны банкны эх үүсвэрийн чадамж, иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаа зэрэг хүчин зүйлээс хамаарч инфляцад тодорхой хэмжээний дарамт өгөхөөр байна. Гэхдээ Монголбанкны зорилтот түвшин 6+/-2 барих байх. Инфляц долоон хувьтай байгаа бол ханшны эрэлт нийлүүлэлтээс хамаараад дээшээ өслөө гэхэд найм дотроо барих болов уу гэж харж байна.

зураг
 

Эдийн засгийн хувьд Хятадын нүүрсний хэрэглээ өндөр байна. Уг нь бодит хэрэглээг нь харахад Хятад өөрийгөө хангачих бүрэн бололцоотой. Ханш бас урд талд унаад эхэллээ. Хятад эдийн засгийн өсөлтөө таван хувь руу дөхүүлнэ гэдэг зорилт тавьж байна. Тиймдээ ч урд хөрш дотооддоо бужигнаантай сайн өсөлттэй байгаа. Гэхдээ Хятад өөрийнхөө эдийн засгаар тогтдог улс биш. Дэлхийн гол хэрэглээг хангадаг улсын хувьд өөрөөр харагдана. Европын холбоо бодлогын хүүгээ бууруулах болов уу гэж харж байтал ёсоор болсонгүй. АНУ харин энэ жил бодлогын хүүгээ гурван удаа бууруулна гэж байгаа. Ингэхдээ тэд Монгол шиг нэг хоёр пунктээр буулгадаг улс биш. 0.25-иар буюу 5.75-аас буулгасаар тав руу л хүргэх байх. Энэ нь дэлхий дахинд инфляц дахиад байна аа л гэсэн үг. Тиймээс иргэдийн худалдан авах чадвар сул байна гэсэн үг. Хятадын дэлхийд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрэлт сул байгаа үед нүүрсний хэрэглээ төдийлөн дэмжигдэхгүй байх суурь болчихно. Монголоос 70 сая тонн нүүрс гаргаж чадах ч гэсэн өнөөдөр шиг бид төсвийн орлогын хувьд 27 их наяд төгрөгтэй байж чадах уу. Өрхийн хэрэглээ тэлчихсэн улс танах л хэцүү. Төсвөө танахад хэцүү. Тэгэхээр төсөв дээр тодорхой хэмжээний тасалдлууд гарах магадлалтай. Үүнийг дагаад хүндрэлүүд үүсэх болов уу.

-Дэлхийн банк манай эдийн засгийн өсөлтийг бууруулаад зарлачихлаа. Энэ нь өнгөрсөн өвлийн зудтай холбоотой гэж үзсэн. Энэ тухай?

-Дэлхийн банк зургаан хувь байсныг тав болгосон. Монголбанк ч сая гурав гаруй хувь руу буулгаж байх шиг байна. Миний хувьд 3.5-4.5 дээр барих болов уу гэж харж байна. Мэдээж зуд нөлөөлнө. Зуд инфляц дээр дарамт болж орж ирдэг. Бидний инфляцын сагсан дотор мах гурилан бүтээгдэхүүн өндөр нөлөө үзүүлж байгаа. Гэтэл энэ инфляц бол өнөөдрийн өрхийн хэрэглээний инфляц дээр айхтар нөлөөлөхгүй. Учир нь малчид олон тооны малаа эдийн засгийн эргэлтэд оруулсан. Тэгэхээр одоо нөөцийн мах гарч эхэлнэ. Гэхдээ мал аж ахуйн салбар урлаг соёл, түүх шиг биш. Эдийн засгийн маш том салбар. Тэр утгаараа олон малчин малгүй болж байна. Зээлтэй иргэд гарч ирнэ. Эдийн засгийн өсөлтийг хойш татах хамгийн гол суурь энэ болно.

Бас нэг зүйл манайх эрчим хүчний асуудал гарч болзошгүй. ОХУ дайнтай байна. Израиль, Ираны дайн үргэлжилж байна. Цаашлаад Жо Байдены Засаг унаад дараагийн Трампын Засаг гарвал Орос Украины дайн дээр өөр тоглолт орж ирнэ. Оросын хувьд сонин байдалтай байна. Бид шатахууныхаа хувьд Оросоос зуун хувь хамааралтай. Яахав, өөр газраас авах тухай бодож болно. Хятадаас авлаа гэхэд Оросоос 30 гаруй хувиар илүү үнэтэй нийлүүлнэ. Казахстан 60 гаруй хувиар өндөр үнэтэй өгнө. Арабын орнуудаас хоёр дахин үнэтэй нийлүүлнэ. Нөгөө талд Орос дайны нөхцөл байдлаас болж шатахууны үйлдвэрлэлийнхээ 12 хувийг дроны халдлагад алдчихсан. Ингэхээр манайд шатахууны үнэ өсөх магадлал өндөр. Хоёрт, үүнийг дагаад экспортын орлого буюу түүхий эд гаргах бололцоонд асуудал үүсэх магадлалтай.

Геополитикийн хувьд АНУ-д Трампын засгийн газар гарч ирэх, Оросын дайнд өөр байдал үүсэх юм бол Хятад үүнийг анхаарч байна. Хятадын дараагийн алхам бол Тайвань руу орох явдал шүү дээ. Тайвань бол дэлхийн хамгийн том чийпний үйлдвэрлэлтэй. Энэ нь эргээд маш олон технологиудын суурь болдог. Энэ технологиудын үнэ өсөх, хомсдол бий болбол яах вэ гэдэг асуудал бий болно. Сая АНУ-аас Хятадад очоод мэдэгдэл хийчхээд явлаа. “Та нар Оросыг санхүүжүүлээд байна. Хэрэв та нар дахин ийм алдаа гаргавал хориг тавина” гэсэн. Хятад эргээд “Бид хууль дүрмийн дагуу дайны худалдаагаа хийж байгаа. Бид аль нэг талыг баримтлаагүй” гэж байна. Эндээс хамаараад Хятадын банкууд санкцид орвол төлбөр тооцооны асуудал яригдана. Орос санкцид ороход бид шатахуун, наранцэцэгийн тосны төлбөрийг хийж чадахгүй хэсэг сандарсан шүү дээ. Түүнтэй адил Хятад орвол бид том асуудалд орно. Иймэрхүү геополитикийн нөхцөл байдал эргээд манай эдийн засагт нөлөө үзүүлнэ. Бид өөрөө хоёр гүрний дунд байгаа жижиг улс. Эдийн засгийн хувьд их сонирхолтой жил болох болов уу. Бид хэт их дэврүүн байж болохгүй.

-Дэлхийн улс орнууд цар тахлын дараагаас бүх салбараа эрчимтэй хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ нь хүн төрөлхтөнд дахиад өөр нэг сорилт бэрхшээл тулгарвал бэлэн байх, эрсдэл багатай даван туулах технологи гэж зарлаж байна. Тэгвэл дотооддоо бид ч үүнд анхаарах хэрэгтэй. Та үүн дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ковидын үед улс бэлэн байгаагүй. Аж ахуйн нэгжүүд ч тэр. Харин хамгийн бэлэн байсан нь, магадгүй бэлэн биш ч гэлээ хамгийн хурдан дасан зохицож чадсан салбар нь банк. Хамгийн чухал нь технологийг хүчтэй эзэмшиж байсан учраас бидний хувьд нэг өглөө гэрээсээ гарч чадахгүй гацахад л маш богино хугацаанд төлбөрийн системүүдээ асаах. Тэдгээрийн үйл ажиллагааг зайнаас хийх, ажилтнуудаа компьютероор хангах гэх мэт аюулгүй байдлаа хангаад хурдтай дасан зохицсон. Банканд эрсдэлийн бодлого гэдэг маш том хатуу бичиг баримт байдаг. Үүнийгээ олон улсын дүрэм журмаар хийж явдаг.

Үүнтэй адил ААН байгууллага том жижиг нь хамаагүй, бидэнд ямар өөрчлөлт, ямар хүндрэлүүд гарах юм бэ гэдгийг тооцох ёстой гэж би хардаг. Түүхий эдийн хомсдол гарахад ямар зүйлээр тооцох вэ, дотоодын үйл ажиллагаанд эрсдэл гарвал яах вэ. Геополитик байгаль цаг уурын өөрчлөлтийн давлагааг яаж давах гэх мэт том жижиг нь хамаагүй бид бүгд эрсдэлийн бодлоготой байх ёстой. Дүрэм журам лоозон, цаас байж болохгүй. Бодитой хэрэгжүүлж, пайникт орохгүйгээр даван гарах ёстой. Банк энэ зүйлийг маш олон жил хийж явсан учраас бодитой хэрэгжүүлсэн. Миний хувьд системийн шинэчлэлүүд дээр ажиллаж байсан учраас заавал том жижиг гэлтгүй иргэд ААН улс ч гэсэн үүнийг хийх ёстой. Өрх гэр ч тэр. Манай гэрт ямар санхүүгийн хүндрэл, ямар эрүүл мэндийн асуудал учрахад юугаар яаж даван туулах вэ гэдэг нөөц төлөвлөгөөтэй байх ёстой.

ААН байгууллага том жижиг нь хамаагүй, бидэнд ямар өөрчлөлт, ямар хүндрэлүүд гарах юм бэ гэдгийг тооцох ёстой

-Ярилцлагын төгсгөлд таны Голомт банканд ажиллаж байсан 20 жил рүү цухас өнгиймөөр байна. Энэ хэмжээний хугацаанд танд Голомт юу өгөв, та банкандаа юуг өгөв гээд харахаар сонин байх. Нэг ёсондоо энэ 20 жилийг та товчхоноор юу гэж дүгнэдэг вэ?

-Бид шилжилтийн үеийн хүүхдүүд. Өсвөр нас маань ардчиллын цаг үед картын бараан үед өнгөрсөн. Дараагийн үе буюу чөлөөт зах зээл бий болсон. Энэ үед манай аав ээж хоёр төсвийн албан хаагч. Манайх ах дүү дөрвүүлээ. Би айлын дундах хүүхэд. Дундах хүүхэд хамгийн их зүйл хийдэг гэдэгт би итгэдэг. Өглөө гэрээ цэвэрлээд л үлдэнэ. Дүү нараа сургуульд нь хүргэж өгнө. Орой ээж аав ирэхэд хоол хийчихсэн байх ёстой гээд их үүргийг гүйцэтгэсэн болов уу/инээв/. Энэ маань намайг хөдөлмөрт сургасан. Хоёрдугаар ангиасаа би найзынхаа гэр бүлд туслахаас эхлээд тамхи ширхэглэн зарах, тавдугаар ангидаа Говь, Гоёо үйлдвэрт ундаа зарж анхныхаа дугуйг өөртөө тохирсон хувийн бизнес хийх гэж оролдсон. Энэ бол намайг ажлын гараан дээр очих бэлтгэл, суурийг сайн тавьж өгсөн эхлэл байсан. Нэг ёсондоо би хөдөлмөрийн зах зээл дээр гарахаас өмнө хөдөлмөрийн үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг ойлгож авсан.

Голомт банкандаа оюутан байхаас ажиллаж эхэлсэн. Сургууль төгсөхөд банк маань дуудсан. Тухайн үед банканд анхны картын төлбөрийн систем дээр ажиллаж байлаа. Анх карт гэдэг пластикны ард мөнгө байгаа шүү, цалингаа та үүгээр авч болно шүү гэдгийг ажил хэрэг болгосон. Намайг ажилд ороод удаагүй байтал өөр нэг банкнаас хоёр дахин өндөр цалинтай ажлын байр амладаг юм. Үүнийгээ ээждээ хэлтэл “Миний хүү чамайг хэн байхад тоосныг хэзээ ч битгий март. Эхлээд чи банкандаа хийх ёстой зүйлээ хийчих. Хүний итгэлийг хариулсан гэж бодсон цагтаа яваарай” гэсэн юм. Ингээд л би үлдсэн. Аав минь ч бас хэлдэг. “Төр түмэндээ үнэнч яваарай. Эх орондоо хайртай байгаарай” гэдэг байсан.

Үнэхээр ч би том эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед банкандаа ажиллаж, олон шинэ түүх бүтээсэн. Том байгууллагуудыг дэмжих корпорет санхүүжилтийн хэсэг дээр менежереер орж ажилласан. Тэр үед анхны Тавантолгойн нүүрсний уурхай олборлолтоо эхэлж байсан. Эдийн засгийн салбарт хэн ч мэдэхгүй байхад манай банк түүний санхүүжилтийг өгч байлаа. Монгол Улс анхныхаа онгоцыг авахад санхүүжүүлж байлаа. Шангрилла зочид буудлын бүтээн байгуулалтын санхүүжилт гэх мэт тухайн үеийн нийгэм эдийн засгийн салбарт өөрчлөлтүүдийг авчрах том төслүүдийг хийх бололцоо гарсан. Тэр үед л би “Аан, аав ээж, эмээ өвөө маань би 40 мянгатыг барьж байсан, миний үед хийж байсан гэдэг нь эх орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй байж, түүнийгээ үр хүүхдэдээ дурсах түүхтэй амьдрах ёстой юм байна” гэдгийг ойлгосон.

Тиймээс өнөөдрийг хүртэл би Голомтын Бадрал гэдэг нэршлийг автлаа хүмүүсийнхээ итгэл үнэмшлийг алдахгүйн төлөө, өөрийнхөө түүхийг байгууллагынхаа түүхтэй хамт бүтээлцэхийн төлөө 20 жил ажиллажээ. Ингээд өнөөдрийн цэг дээр ирээд “Бадрал аа одоо чи харилцагч хамт олон, улсдаа тодорхой хэмжээний зүйл бүтээсэн. Одоо шинэ нэг өөрчлөлт хийж үзээч” гэж өөртөө хэлсэн. Өнөөдрийн энэ сайхан цаг үед эх орондоо ажиллах суурь бололцоо залууст байна. Энэ үед л юу сурсан мэдсэн, чаддагаа харуулах ёстой гэж үзсэн.

-Тэр дунд энэ том системийг удирдах арга барил, чадвар гэдэг хувь хүнээс маш их зүйл шаардсан нь лавтай. Удирдагч, манлайлагч байх гол онцлог, хэмжүүр таныхаар юу байв?

-Удирдагч хүн бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой гэдгийг ойлгосон. Энэ бол миний удирдах албан дээр очоод авсан хамгийн анхны мэдрэмж. Бусдын өмнөөс хариуцлага хүлээж, бусдын ажил бүтээмжийг сайжруулж ахуй амьдрал карьерт нь нөлөө үзүүлэх ёстой. Тиймээс би эндээс эхлээд удирдагч хүн бол бусдын төлөө явах сэтгэл зүрхтэй, тэдний өмнөөс хариуцлага хүлээх нь удирдагч хүний эхний шаардлага юм байна гэж харсан.

Мэдээж өдөр тутмын үйл ажиллагаанаас илүү стартегич алсын хараатай, хоёр алхмын цаанахыг харах, байнгын мэдрэг соргог, тархи оюунаа дайчилж, магадгүй миний нөөц бололцоо сул ч гэсэн нөхөх сайжруулах чиглэлээр хөгжүүлж байх ёстой гэж үздэг. Тиймээс би дотроо ямар нэгэн зүйлийг нуудаггүй. Чадахгүй, мэдэхгүй байхаас санаа зовдоггүй. Харин би өөрийнхөө дутаад байгаа зүйл дээр мэддэг залуустай суугаад тэдний оролцоог үр бүтээлтэй, өөр өөрсдийнхөө хөгжих суурин дээр байж хамт хөгжихийг хичээдэг. Энэ бүхний эцэст, ний нуугүй хэлэхэд хүн сэтгэл зүрх, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, дур сонирхол байхад ямар ч даваа нугачааг давдаг. Бизнес хийхэд ч тийм л байдаг. Мэдэхгүй, мөнгөгүй гэдэг бол зүгээр л шалтаг. Хүсэл байвал ямар ч том уул нурж ирсэн давж гарч чаддаг.

Би өглөө болгон ажилдаа явахдаа дуртай байсан. Өглөө бүр хослолоо өмсөөд гарах мэдрэмж сайхан. Нийгэмд залуустайгаа нэгдээд оролцоотой байх, хүсэл мөрөөдлөөрөө өөрийгөө жигүүрлэж явсан нь олон жил банканд туслах ажилтнаас удирдах албан тушаалд хүрсэн жигүүр болсон байх гэж хардаг.

-“Шарк Бадрал”-аар бас багагүй хугацаанд нийгэмд танигдсан. Магадгүй жижиг дунд үйлдвэрлэлийн талаарх таны үзэл бодол, хандлага өөрчлөгдсөн үү?

-Би өөрөө банк буюу бусдын мөнгийг зээлээр олгож, санхүүжилт хийдэг энэ том институтэд ажиллаж байсан. Энд маш их хэмжээний туршлага хуримтлуулсан. Зээл яаж олгодог, ААН яаж судалдаг, бизнест ямар хүндрэл бэрхшээл гардгийг гадарлана. Энэ үед Монгол HD олон улсын нэр хүндтэй шоуг оруулж ирсэн. Энд оролцох боломжийг олгосон. Хувь хүний хувьд сурсан мэдсэнээ гаргаад үзье. Олон нийтэд таниулах гээд үзье. Хоёрт, алсаас оффисоос зээл олгохдоо үнэлгээ дүгнэлт өгч байсан шиг тэр зүйл маань бодит амьдрал дээр ямар байна вэ. Өөрөө хувьцаа эзэмшигчийн түвшинд очиж, тэр зовлон жаргал, өдөр тутмын асуудлыг бодитоор үзье гэж хүссэн. Ингээд их зүйл сурлаа. Зарим хүндрэлүүдийг тууллаа. Заримд нь ч бууж өглөө. Энэ бол маш том сургамж. Үүнийгээ мэргэжлийн, зөвхөн “Шарк танк” Бадралаар биш олон итгэмжит залуучуудаараа оролцоотой байгаад явбал их боломж байна гэж харж байна.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.