Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Цагаанбаатараар ахлуулсан “Цагаан барс” илүү байлаа

Э.Туул
2017 оны 5 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улирал эхэллээ. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улиралд 10 багийн 200 гаруй тоглогч, 11 улсын 39 легионер тамирчин өрсөлдөх бөгөөд дээд лигийн түүхэнд хамгийн өндөр буюу 120 сая төгрөгийн шагналын сантай юм.

Үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш үндэсний тодотголтой “Алтан Жолоо” групп, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компани “Хүрхрээ” брэнд гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна.

“Хүрхрээ” лигийн нээлтийн үйл ажиллагааны нэгэн сонирхол татсан үйл явдал нь хөлбөмбөгийн ногоон талбайд Монголын урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн “Цагаан барс”,”Хөх чононууд” багуудын тоглолт байлаа.

“Цагаан барс”-ыг Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр ахалсан бол “Хөх чононууд” МУСГЗ Ш.Гүрбазараар ахлуулсан байсан юм. Тэмцээний нээлтийн өмнөх сорил тэмцээнд багууд эн тэнцүүхэн өрсөлдөж, 4:4-өөр тоглолт өндөрлөсөн.

Харин шинэ улирлын нээлтийн үеэр “Цагаан барс” илүүрхсэн юм. Тоглолтын эхний гоолыг Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар оруулж, 500 мянган төгрөгийн эзэн болсон бол “Цагаан барс” баг хожлыг авч таван сая төгрөгийн шагнал гардан авсан. Харин хоёр дахь гоолыг “Цагаан барс” багийн гишүүн, “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва оруулснаар тэмцээнийг 2:0-ээр тэргүүлж, таван сая төгрөгийн шагналыг багтаа авчирсан юм.

Түүнчлэн тус тоглолтыг үзсэн 1,300 үзэгчийн тасалбараас олсон 1,000 төгрөг бүрийг Монголын хөлбөмбөгийн холбооныхон “Аутизмыг таниулах сарын аян”-д зориулж, нийгэмд тустай үйл хийв. Мөн Монголын охидын шигшээ багийн тоглогчид тус аяныг таниулах алхаанд оролцлоо. Ийнхүү бүтэн улирлын турш үргэлжлэх Хүрхрээ үндэсний дээд лигийн шинэ улирал эхэллээ. Хөлбөмбөгийн үнэнч фанатууд, хөгжөөн дэмжигчид ээ, Хүрхрээ үндэсний дээд лигээ үзэж Монголынхоо хөлбөмбөгчдийг дэмжицгээе.

Зураг