Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"ОУВС-аас татвар нэм гэж хэлээгүйг Нийл Сакер тодорхой илэрхийлсэн байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намын олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Магнай болон тус намын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд нар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд "Өнөөдөр Монголын түүхэнд хар будгаар тэмдэглэгдэх өдөр болж байна.

Учир нь эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхаргын амьжиргаанд ноцтойгоор халдлаа. 4 сарын 14-ний өдөр долоон төрлийн татвар нэмсэн.

ОУВС-аас татвар нэмэхийг шаардаж байгаа гэж эрх баригчид тайлбарласан.

Гэтэл ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакерын сонинд өгсөн ярилцлагаар бол ямар зардлыг танах эсэх нь засгийн газрын өөрийнх нь асуудал гэсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл ОУВС-аас татвар нэм гэж хэлээгүй гэдгийг тэрээр тодорхой илэрхийлсэн байна. 

Монголчуудын дундаж давхаргын амь амьдралаа залгуулж байгаа машин нь 10-аас дээш жилийн насжилттай машин гэдэг судалгаа гарсан. 

Татвар нэмэхгүй байх талаар төрийн захиргааны албан хаагчдын шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл эрх баригчид мэргэжлийн хүний, судлаачдын үгийг сонсохгүй байгаа.

АН-ын зүгээс үндэслэлгүй, судалгаагүй татвар нэмж байгаа явдлаа дахин нэг харахыг эрх баригчдаас шаардаж байна" гэв. 

УИХ-ын дарга М.Энхболд  нэр дэвших эрхээ хасууллаа гэж дүгнэж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга​ О.Магнай "УИХ-аар концесстэй холбоотой асуудал батлагдаж гарсан. Долоон концессын нийт хэмжээ 744 тэрбум 90 сая төгрөг.

Эдгээр концессын гэрээнүүд хийгдэхэд бэлэн болоод байгаа. Нэр бүхий хүмүүс концессын гэрээ зурж байгаа талд байна гэдэг нь нууц биш болсон.

Ардчилсан нам үүнийг хулгай ил цагаандаа гарлаа гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын Мак гэх компани 78 тэрбум 752 сая төгрөгийн концессын гэрээ хийхэд бэлэн болсон. Ямар ч тендер зарлалгүйгээр ийм гэрээ хийж байгааг хулгай гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Хууль зүйн сайд С.Бямбацогтын үндсэн хийдэг ажил нь улсаас тендер авах юм. Өнөөдөр хууль зүйн сайд хийж байж цадаагүй, ханаагүй байна.

С.Бямбацогт Чойрын дэд станцын өргөтгөл шинэтгэл нэрээр 77 тэрбум 695 сая төгрөгийн  концессыг засгийн газраас авчээ.

Засгийн газрын гишүүд нь засгийн газартайгаа гэрээ хийж концесс авна гэдэг чинь байж боломгүй үйлдэл. 

Гуравдугаарт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 26 тэрбум төгрөгийн концессын гэрээ байгуулжээ.

Дархан эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах, барих, шилжүүлэх нөхцөлтэйгөөр 22.2 км замын концессыг Ерөнхий сайд нь өөрөө авч байна. 

2014 оны 11 сарын 12-нд Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат хоёр хоорондоо гэрээ хийж нэгэндээ машин бэлэглэсэн байгаа юм. 2012 онд үйлдвэрлэсэн Toyoto lexus 570 машиныг 150 сая төгрөгөөр нэгэндээ зарлаа гэж яриад гэрээ хийжээ.

Энэ машин одоо хаана байгаа вэ? машины 150 сая төгрөгийг Ж.Эрдэнэбат хаанаас олсон бэ? одоо хүртэл тодорхойгүй. 
 
Тун удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. Хуулиар сонгуулийн сурталчилгаа 21 хоногийн өмнө эхлэх ёстой гэж заасан.

Гэвч УИХ-ын дарга М.Энхболд 10 гаруй телевизээр "Бүрэн зураглал" нэртэй нэвтрүүлгийг хийлгэн цацаж, хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан сонгуулийн сурталчилгаа хийлээ.

МАН-ын байдлаас харахад өнгөрсөн сонгуулийн бөхийн холбооноос хүн дэвшүүлсэн энэ удаад уяачдын холбооноос хүн дэвшүүлэх нь гэсэн сэтгэгдлийг төрүүллээ.

АН-ын зүгээс энэ асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороонд хандана.

Шударга шүүх гэж байдаг юм бол УИХ-ын дарга М.Энхболд нэвтрүүлэг цацаж сурталчилгаа хийснээр нэр дэвших эрхээ хасууллаа гэж дүгнэж байна. 

Татвар нэмж байгаа асуудлыг дундаж давхарга руу дайрсан дайралт гэж үзэж байгаа" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.