Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Амарсайхан: "Оддын хөлбөмбөг"-ийн тоглолтод оролцох багууд таван саяын төлөө өрсөлдөнө

Н.Пунцагболд
2017 оны 4 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын Хөлбөмбөгийн холбоо, “Арвайн үндэс”ХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй ‘Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн нээлтийн уйл ажиллагаанд зориулсан “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолт маргааш 14:00 цагт эхлэх билээ. Энэхүү тоглолт болон хөлбөмбөгийн лигийн тэмцээний талаар Монголын Хөлбөмбөгийн холбооны Маркетингийн албаны дарга Э.Амарсайхантай ярилцлаа.

-Монголын Хөлбөмбөгийн холбооноос “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтын талаар мэдээлэл өгөөч?

-Монголын Хөлбөмбөгийн холбоо “Арвайн үндэс” компанитай гэрээ байгуулж, гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Дөрвөн жилийн 500 сая төгрөгийн буюу их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ байгуулсныг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ жилийн “Хүрхрээ” дээд лигийн шагналын сан 120 сая төгрөг болж өссөн.

Цагийн хувьд бага зэрэг өөрчлөлт орсон. Бямба, ням гарагуудад 13:00,16:00, баасан гарагийн орой 19:00 цагаас тоглолтууд болно. Долоо хоногтоо гурван өдөр тоглолт болно. Уламжлал ёсоор NTV телевизээр шууд дамжуулна. Бямба гарагийн нээлтийн тоглолтын өмнө 14:00 цагаас “Оддын хөлбөмбөг”-ийн тоглолтыг зохион байгуулах юм.

Урлаг, спортын олны танил хүмүүс Монголын хөлбөмбөгийг хүүхэд, залуучуудад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, цаашлаад нийгмийн хариуцлагын үүднээс аутизмыг таниулах нэг сарын аяныг дэмжиж энэхүү тоглолтод оролцож байгаа юм. Мөн Монголын хөлбөмбөгийн төлөө нэгэн дуугаар “За” гэж дуугарч байна. “Оддын хөлбөмбөг”-т оролцох олны танил, нэртэй жүжигчин, дуучин, спортын тамирчдад Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар өөрийн гарын үсэгтэй урилгыг гардуулсан.

Урилга гардуулах үйл ажиллагаа сүүлийн долоо хоногийн турш болсон. Цаашдаа “Оддын хөлбөмбөг”-ийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Магадгүй намар “Хүрхрээ” дээд лиг өндөрлөхтэй зэрэгцээд энэ тоглолтыг дахин зохион байгуулахаар ярьж байгаа. “Оддын хөлбөмбөг”-ийн тэмцээнд оролцох “Цагаан барс” болон “Хөх чононууд” баг таван сая төгрөгийн төлөө өрсөлдөнө. Эхний гоолын эзнийг 500 мянган төгрөгөөр урамшуулахаар болсон. Тоглолтыг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгох үүднээс ийм урамшуулал олгохоор шийдсэн. “Оддын хөлбөмбөг”-ийн тасалбар 3,000 төгрөгийн үнэтэй. Энэ мөнгөний 1,000 төгрөг тутам нь аутизмтай хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулагдана.

-“Оддын хөлбөмбөг”-ийн тоглолтод оролцох олны танил эрхмүүдийг хэрхэн сонгосон юм бэ. Мэдээж хөлбөмбөгг дуртай, дөртэй хүмүүсийг сонгосон биз дээ?

-Мэдээж хөлбөмбөгтэй ямар нэг байдлаар холбоотой хүмүүсийг сонгосон. Гадаадын хөлбөмбөгийг үзэж, дэмждэг хөгжөөн дэмжигчид их байна. Тэр дундаа “Челси”-г дэмждэг 5-6 хүн орох гэж байгаа. Түүнээс гадна Испанийн “Барселона” клубийг дэмждэг гурван олны танил эрхэм оролцоно. Цаашлаад Италийн “Рома”, “Интер”, “Милан”, Английн “Арсенал” клубыг дэмждэг хөгжөөн дэмжигчид байгаа.

Түүнээс гадна хөлбөмбөгийг идэвхтэй тоглодог, чөлөөт цагаа хөлбөмбөгт зориулдаг хүмүүс ч бий. Жишээлбэл, жүжигчин Х.Манлайбаатар, Б.Батзаяа гээд олон хүнийг нэрлэж болно. Хөлбөмбөгийн талаар мэддэгтэй, тайлбарлаж явсан хүмүүс ч бий. Хоёр багийг олимпын аваргууд ахална. “Хөх чононууд” багийг Э.Бадар-Ууган, “Дагаан барсууд” багийг Н.Түвшинбаяр ахалж талбайд гарна. Тэдний араас Үндэсний бөхийн улсын арслангууд нэг нэг багт хуваарилагдсан.

Тухайлбал, Улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар оролцоно тоглоно. Мөн тулааны тамирчин Ж.Нарантунгалаг, Ц.Амарсайхан буюу Шинобу Амараа нар хоёр багт нэг нэгээрээ багтаж байгаа. Цаашлаад жүдо, чөлөөт бөхийн тамирчид, соёл урлагийнхан оролцоно. Нэлээд сонирхолтой бүрэлдэхүүн гарсан гэж хэлж болно. “Хөх чононууд” багийг Ш.Гүрбазар дасгалжуулна. Нөгөө багийн дасгалжуулагч хараахан тодроогүй байна. Хоёр хүнд санал тавьсан. СГЗ Г.Золжаргал, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Д.Отгонцагаан гэсэн хоёр хүнд санал тавьсан.

-Хэдэн минут тоглох вэ?

-Талдаа 20 минутаар хоёр үе тоглоно. Бооцоо таван сая төгрөг. Үүнээс үүдээд хоёр багийн өрсөлдөөн аль хэдийнээ эхэлсэн. Сошиал ертөнцөөр нэгэн рүүгээ сэтгэл зүйн дайралт хийх, ёжлох зэрэг ажиллагаа аль хэдийнээ эхэлсэн байсан.

-“Оддын хөлбөмбөг”-ийг зохион байгуулж байгаа гол зорилго нь юу вэ. Мэдээж аутизмын эсрэг үйл ажиллагааг дэмжинэ гэж байсан. Түүнээс гадна?

-Үндсэн зорилго бол Монголын хөлбөмбөгт үзэгчдийг татах, сонирхолтой болгох юм. Энэ тэмцээнд оролцох олны танил хүмүүс Монголын хөлбөмбөгийг илүү их сонирхолтой болгох, сүүлийн 2, 3 жилийн хугацаанд гарсан үсрэнгүй хөгжлийг таниулах, хөлбөмбөгөөр монголчууд цаашаа явах боломжтой гэдгийг мэдрүүлэхээр гэсэн юм.

Тиймээс л цэнгэлдэхэд үзэгчдийг татах үүднээс энэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Гэхдээ энэ хүмүүс бооцоо гаргаад, зүгээр нэг хөлбөмбөг тоглоод, мөнгө төгрөг олохдоо биш. Дэлхийн нийтийн жишиг байдаг. Нийгмийн хариуцлагаа дэмжиж, үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ сард бол аутизмыг таниулах аян явагдаж байгаа. Энэ аян маргааш өндөрлөж байгаа юм билээ. Яг тэр өдөр нь бид “Монгол аутизм” ТББ-тай хамтраад, дэмжиж ажиллаж байна.

-Минут нь арай цөөн биш үү. Хэтэрхий хурдан дуусчихгүй юу?

-Яг спортоор хичээллэдэггүй хүмүүс болохоор хэцүү шүү дээ. Тэгээд ч стандарт хэмжээтэй, том талбайд тоглохоор бүр хэцүү, Тэгээд ч талдаа 20 минут гэдэг чинь ахмадуудын тоглодог цаг. Манай соёл урлагийнхан сэтгэл гаргаад, за гээд дэмжиж байгаа боловч халуунд, том талбайд 20 минут тасралтгүй гүйнэ гэдэг бол хэцүү. Тийм болохоор багадахгүй байх.

Түүнээс гадна хүмүүс урлагийнхан спортынхны эсрэг тоглоно гэж ойлгоод байх шиг байна. Холилдоно. Хэдийгээр хөлбөмбөгийнх биш ч гэсэн жүдо, чөлөөт гээд байнга спортоор хичээллэдэг, бэлтгэлтэй гэдэг утгаараа урлагийнхантай тогловол тэнцвэр нь алдагдана. Манай урлагийнхан чинь хэдийгээр хөлбөмбөгийг сонирхдог ч гэсэн тоглож үзээгүй. Зарим нь жингийн илүүдэлтэй шүү дээ. Тийм болохоор хэцүү.

-Зөвхөн хөлбөмбөг тоглоод өнгөрөхгүй үзэгчдэд зориулсан өөр үйл ажиллагаа байгаа биз дээ?

-Оролцож буй 32 тоглогч өөрийнхөө гарын үсэгтэй бөмбөгийг үзэгчдэд тараана. Тоглолтын дараа оролцогчидтой чөлөөтэй уулзаж, зургаа авхуулна. Сүүлийн үед “Яг түүн шиг” шоунд оролцож, үзэгчдийг байлдан дагуулж байгаа урлагийнхан оролцоно. Үндэсний бөхийн арслангууд, Олимпын аваргууд байна. Ийм хүмүүстэй гар барьж үзэх, зургаа авхуулахыг хүсэж буй хүүхэд, залуучууд зөндөө байгаа байх. Тэдэнд боломж гарч байна гэсэн үг.

-Монголын хөлбөмбөгийн лиг хөгжиж, дэвжиж л байна. Мэдээж үзэгчид бага байгаа нь ойлгомжтой. Гэхдээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа болов уу?

-Жил жилээр нэмэгдсээр байгаа. “Хүрхрээ үндэсний дээд лиг” гэдэг нэртэй болсноор гурав дахь жилдээ л орж байна. Эхний жилдээ хөлбөмбөгийн лигийг үнэгүй үзүүлж байсан. Түрүү жилээс 2000 төгрөгөөр зарж эхэлсэн. Ингэснээр 11 сая төгрөгийн орлоготой ажилласан. Энэ мөнгөө эргүүлээд 4-10 дугаар байрт орсон багууддаа шагнал маягаар өгсөн. Зорилго нь юу вэ гэхээр, багуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх. Дөрөвдүгээр байрт орсон баг долдугаарт жагссан багаас 1.5 саяар илүү мөнгө авах жишээтэй. Энэ бол өрсөлдөөнийг сүүлчийн тойрог хүртэл хадгалах зорилготой. Тэгээд ч энэ жил шагналын сан 120 сая төгрөг болж өссөн. Одоогоор дээд лигт 10, доод лигт 10 баг тоглож байна. Доод лигээс шалгарсан “Атлетик 220”, “Гоёо” багууд дээшээ гарна. Харин дээд лигээс мултарсан хоёр баг доошоо орно.

-Энэ жил 40-өөд легионер тоглогч Монголд ирж тоглоно гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Дэлхийн 11 орны 39 легионер тоглогч ирж, 10 багт тоглоно.  Уламжлал ёсоор Африкийн улсуудаас ирж байгаа. Япон, Солонгосоос тамирчин ирнэ. Энэ жил Ардчилсан Солонгосоос тамирчин ирж байгаа нь нэлээд нөлөө үзүүлэх байх. Хойд Америкаас Канад, Америкийн тоглогчид ирж байна. Европоос гэвэл Серби улсаас ирж буй тамирчдын цуваа улам л нэмэгдэж байгаа. Серби бол хуучин Югеслав шүү дээ. Хөлбөмбөг өндөр хөгжсөн орон. Сербийн тамирчдаас суралцах зүйл маш их байгаа. Өнгөрсөн жил Сербиэс хоёр тамирчин тоглосон. Серби дасгалжуулагч Монголд 7, 8 жил ажиллаж байна. Энэ нь тус улсын тамирчид манайх руу ирэх “гүүр”-ийг тавьсан байх.

-Легионер тамирчдыг авчрахад холбоо яаж оролцож байна. Багуудыг дэмжиж байгаа юу. Эсвэл багийн эзэд өөрсдөө авчирч байгаа юу?

-Дэлхийн нийтэд жишиг байдаг. Холбоо тэмцээн зохион байгуулах, дүрэм журмаа хариуцна, барина. Нөөц бололцоогоор хангана. Талбай, шүүгч болоод бусад зүйлээр хангана гэсэн үг. Харин клубүүд өөрсдөө тамирчнаа авчирна. Дэлхий нийтэд ч тийм байгаа. Ямар тамирчин, хаанаас авах вэ гэдгээ өөрсдөө шийднэ. Хамгийн гол нь стандартын дагуу л ажиллах ёстой. Агентаар дамжуулж, клубээс клубийн хооронд гэрээний дагуу авах ёстой шүү дээ. Тэр журмаар л явж байгаа.

-Та спортын сэтгүүлч хүн. Тэр дундаа хөлбөмбөгтэй нэлээд ойр. Одоо холбоонд ажиллаж байна. Тэгвэл манай хөлбөмбөгийн тамирчдын ур чадвар хэр дээшилж байна вэ?

-Улам л дээшилж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Лиг сүүлийн гурван жилд өөрчлөгдлөө. Өмнө нь ажлын өдрүүдээр лигийн тэмцээн болдог байсан. Одоо болохоор амралтын өдрүүдээр зохион байгуулдаг болсон. Учир нь, манай тамирчид чинь өөр ажилтай шүү дээ. Дан ганц хөлбөмбөгөөр хоолоо олж идэхгүй. Тийм болохоор амралтын өдрөөр тоглох боломжуудыг нээгээд өгчихлөө.

Мөн олон нийтэд хөлбөмбөгийн тэмцээнээ хүргэе гээд телевизээр шууд цацаад эхэллээ. Дээрээс нь шагналын санг нэмчихлээ. Түүнийгээ дагаад клубүүдийн тэмцээнд оролцох ашиг сонирхол нь нэмэгдсэн. 120 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцож байгаа баг хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах вэ.

Түрүүлээд 30, 40 сая төгрөгийн шагнап авахын төлөө юу хийх вэ. Хэдэн тамирчин гаднаас авах вэ гэх зэргээр боломж нээгдэнэ. Цаашлаад дотоодын тамирчдын үнэ ч гэсэн нэмэгдэнэ. Тухайлбал, нэг багаас ур чадвар сайтай тамирчныг таван сая төгрөгөөр авах жишээтэй. Улмаар нөгөө тамирчиндаа нэг жил тоглосных нь төлөө автомашин өгөхөөр тохиролцож байгаа юм. Энэ мэтээр ханш тогтоод эхэлчихсэн.

Монголын шилдэг тамирчид болох Төрбат, Наранболд гэхэд шинэ багтайгаа улирлын таван сая төгрөгийн гэрээ байгуулах жишээтэй. 5-6 cap тоглоод л авах мөнгө. Мэргэжлийн хөлбөмбөгийн лигтэй болох эхлэл тавигдаад л байна. Дээрээс нь энэ боломжийг хангахын тулд холбоо зөв менежменттэй ажиллах хэрэгтэй. Амралтын өдрүүдээр тэмцээн зохион байгуулах ч гэдэг юм уу.

-Манай лигт хамгийн үнэтэй тамирчин хэдэн төгрөгөөр зарагдаж байна вэ?

-3-5 сая төгрөгөөр л наймаа хийж байна. Шигшээ багийн шилдэг довтлогч, хамгаалагч нарын наймаа энэ үнийн дүнд хүрдэг. Тэгэхдээ зарим тамирчныг худалдаж авсан үнийг ил тод зарлахгүй тохиолдол ч байна. Гэхдээ сайн тамирчин автомашины үнэ хүрээд, цаашлаад өөрөө машин авах гэрээ хийж байна гэдэг бол өмнө нь байгаагүй л дэвшил шүү дээ.

Цаашлаад Монголын хөлбөмбөг илүү хөгжинө. Африкаас, Ардчилсан Солонгосоос тамирчид ирж байна. Тэднийг чинь зүгээр л хүнд үзүүлэх гэж авчраагүй. Эцсийн эцэст багаа сайжруулж, цом авах гэж, өндөр шагналтай байранд шалгарахын төлөө л тэмцэж байгаа байхгүй юу.

Зураг