Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Зөрчлийн тухай хууль биш жижиг гэмт хэргийн хууль болчихлоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 УИХ-ын өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явууллаа.

Уг хуулийн төсөл хэлэлцэх үеэр гишүүд гүтгэх болон зөрчилтэй холбоотой заалтуудын талаар асуулт асууж үг хэллээ.

Ингээд зарим гишүүний ярианаас хүргэе.

Хүний эрхийг дордуулах биш дээшлүүлэх хууль баталмаар байна

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Зөрчлийн тухай хуулинд хүний эрхтэй холбоотой зөрчилтэй концепцууд байна.

Гүтгэх, хулгайлах, хүний эд хөрөнгө завших гэдэг нь зөрчил биш гэмт хэрэг. Үүнийг зөрчлийн хуулиар зохицуулна гэж байхгүй. 

Зөрчлийн тухай хууль биш жижиг гэмт хэргийн тухай хууль болчихлоо.

Монгол хүний эрхийг дордуулах биш дээшлүүлж хуулиа шинэчилмээр байна. 

Өдөр болгон хэдэн зуугаараа гарч байгаа зөрчил дээр баривчилна гэх юм бол эдгээр хүмүүсийг хаанаа багтаах вэ?" гэлээ.

Дөрвөн төрлийн зөрчил дээр 100 сая төгрөгийн торгууль хэвээрээ үлдэж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Дөрвөн төрлийн зөрчил дээр 100 сая төгрөгийн торгууль хэвээрээ үлдэж байна.

Торгохоосоо өмнө сануулдаг баймаар юм. Зарим зөрчлийн торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биччихсэн заримыг нь нэгжээрээ байна.

Олон нийтийн газар бие зассан, нус, цэрээ хаясан бол 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасан байгаа.

Тэгсэнээ хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сар.

Энэ зургаан сарын дотор цагдаа иргэнийг хэд дахин торгох тохиолдол гарах вий" гэлээ. 

Хүүхэд уйлах тоогоор айл руу орж хүчирхийлэл болж байна уу гээд асуух уу?

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Гүтгэхийг эрүүгийн байцаан шийтгэх хуульд хамруулах хэрэгтэй.

Сониныхоо бүтэн нүүрээр дүүрэн хүн гүтгэчихээд дараа нь булан дээрээ жижигхэн нийтлэлээр уучлаарай гээд болчихдог байж болохгүй.

Тэгэхээр торгуул шийтгэл нь нарийн байх нь зөв. Нийгэмд тэмцье, босъё гэж уриалаад байгааг бид нар юу гэж тодотгох вэ?

Энэ чинь нэг талаараа гэмт хэрэг. Жирэмсэн эхийн хүүхдийг зориулалтын бус аргаар төрүүлэхийг хориглоно гэсэн байна.

Тухайн эх тонус өгөөд эмнэлэг дээр ирээд дутуу төрчихсөн бол хариуцлаганоогдуулах уу?

Хүүхэд уйлсаныг мэдэгдээгүй бол шийтгэл хүлээх юм байна.

Энэ чинь арай л өрөөсгөл шүү дээ. Хүүхэд уйлсаны тоогоор айл гэр рүү ороод хүчирхийлэл явагдаж байна уу гээд асуух юм уу?

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл шүү дээ.

Үүнийг зөрчлөөр биш эрүүгийн байцаан шийтгэх хуулинд нь үлдээх нь зөв.

Энэ мэтчилэн зөрчилтэй, өрөөсгөл заалтууд байна шүү" гэлээ.  

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Маргаашийн хуралдаанаар Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.