Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Одгэрэл: Аутизмтай хүүхдүүд харилцан адилгүй, тэдний дотор онцгой авьяастан, бүтээл туурвигч, хөгжимчин бий

Ч.Олдох
2017 оны 4 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Аутизмыг таниулах дэлхийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сард тохиодог. Саяхныг болтол Монголд төдийлөн ойлголтгүй байсан ийм эмгэгтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэднийг хөгжүүлж төлөвшүүлэх талаар ямар ажил хийж байгаа талаар МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, доктор Д.Одгэрэлтэй ярилцлаа.


-Монгол Улсын Боловсролын Их сургууль  дэргэдээ аутизмтай хүүхдүүдийг суллах, тэдэнд тусгай хэрэгцээт боловсрол олгох “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” байгуулаад нэг жил өнгөрлөө. Ямар ахиц дэвшил гарав. Сүүлийн үед ямар судалгаа хийж байна?

-Би тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр Япон улсад 2002 онд докторын зэрэг хамгаалсан. Монголдоо ирээд найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд тусгай хэрэгцээт боловсролын хөтөлбөрийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлсэн байдлаар өөрчлөн боловсруулж, сургалт явуулж ирлээ.

Өнгөрсөн жил МУБИС, Японы Нагоя их сургуультай хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв” байгуулагдсан. Энэ төвд бид гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

Нэгдүгээр чиглэл нь судалгаа. Судалгаанд үндэслэн цаашид хүүхдүүдтэй хэрхэн ажиллах вэ гэсэн байдлаар аутизмтай хүүхдүүдийн илрүүлэлт, оношилгоо үнэлгээ гэх зэрэг судалгааг хийж байна.

Сүүлийн үед оюун  ухааны хөгжлийн түвшинг тодорхойлох тестийг боловсруулан судалж байна. 385 багшаас ангид нь тусгай хэрэгцээ, шаардлагатай хэд байна вэ, эдгээр хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг вэ, Тэр хүүхдүүдийн шинж тэмдэг ямар байна вэ, багшийн арга барил ямар нөлөө үзүүлж байна, өөрчлөлт гарч байна уу гэсэн судалгаа авсан.

Энэ судалгаанд багш нар “Манай ангид ийм хүүхдүүд байна, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай харилцахад бэрхшээлтэй, уурладаг, найз нөхөдтэй болдоггүй гэх мэт зан төлөвийн өөрчлөлттэй, тооны хичээлүүддээ хоцрогдолтой, уншиж, бичиж чаддаггүй" гэхчлэн янз бүрийн бэрхшээл байгааг тоочиж байгаа.

Тэдгээр хүүхдүүдтэй яаж ажиллаж байна вэ гэхээр зурж, бичүүлдэг, давтлага өгдөг гэх мэтээр хариулдаг. Багш нарын хамгийн гол анхаарлаа хандуулж байгаа зүйл нь юу вэ гэхээр хичээл, түүний агуулга.

Яаж ийж байгаад хичээлийг нь л ойлгуулчихъя гэсэн хандлага байгаад байдаг. Гэтэл тэд шууд хичээл ойлгох түвшинд байж чадахгүй. Өөрөөр хэлбэл, анхаарлаа төвлөрүүлж сууж чадахгүй байгаа хүүхдүүдэд шууд хичээл зааж, тоо бодуулах боломжгүй.

Анхаарлаа төвлөрүүлж сууж чадахгүй байгаа хүүхдэд шууд хичээл зааж, тоо бодуулах боломжгүй.

Хүүхэд бүрийн түвшин адилгүй, харилцаанд асуудал бий. Мөн орчин нь тохирохгүй зэргээс үүдэж хичээлийн хоцрогдолтой, зарим нь сурч чадахгүй байна.

Үүнийг нь багш тухайн хүүхдэд асуудал байна, сурч чадахгүй гэсэн хандлагаар хандаад байдаг.

Ер нь зан харилцаанд нь дүн шинжилгээ хийх юм уу, ээж аавтай нь хамтарч ажиллах гэхчлэн тухайн хүүхдийн онцлогт тохирсон үйл ажиллагаа явуулахгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн.

Энэ судалгааны дүнд бид арга зүйн зөвлөгөө хэрэгтэй гэж үзэж, сургалтууд явуулсан. Өнгөрсөн оны сүүлээр нийслэл хөдөө орон нутгаас нийт 150 багш оролцсон нь үр дүнтэй болсон.

-Монголд тусгай хэрэгцээтэй /аутизмтай/ хүүхэд хэр олон байдаг вэ. Төрөөс хэрхэн хандаж ирсэн байдаг юм бэ?

-Манайд 1964 оноос хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан 29 дүгээр сургууль байгуулсан. 1967 онд 25 дугаар сургууль байгуулагдсан. Энэ жил 50 жилийн ойгоо хийх гэж байна.

Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дөрвөн сургууль Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь эдгээр сургуульд оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийг явуулдаг,  аутизмтай хүүхдүүд түүнд багтдаг байсан.

Нарийн онош тавьж байгаагүй. Сүүлийн жилүүдэд аутизм гэх нэр томьёо Монголд нэвтэрсэн. Гадаадын орнуудад 1940-өөд оноос энэ өвчний талаар ярьж, бичиж, оношийг тодорхойлж ирсэн.

Аутизмтай хүүхдүүд оюун ухаан нь хэвийн, зарим нь бүр өндөр хөгжилтэй, 70-75 хувь нь оюун ухааны бэрхшээл хосолсон, хавсарсан шинжтэй байдаг.

Тэдэнтэй хэрхэн харилцах вэ, яаж хөгжүүлэх вэ гэдэг арга замыг тодорхойлсноос хамаарч арга барилаа тодорхойлно. Яагаад гэвэл хүүхэд бүрийн онцлог өөр. Сүүлийн үеийн аутизмын хүрээний эмгэг гэсэн байдлаар оношилж байгаа. Тэр дотор маш олон төрлийн аутизмын эмгэг орно.

-Энэ оношилгоог хэн хийдэг вэ. Манайд бол их л ойлгомжгүй,  мухардмал байдалтай явж ирсэн. Одоо алхам хийж байгаа ч бүрхэг зүйл их байна?

-Гадаадны улс орнуудад аутизмыг тодорхойлох стандарт гэж байдаг. Мэргэжлийн баг бас байна.

Тэр нь цаашид тухайн хүүхдэд эрүүл мэнд талаас, эсвэл боловсролын чиглэлд үйлчилгээ хэрэггүй юу, нийгмийн халамж талаас үйлчилгээ хэрэгтэй байна уу гэдгийг тодорхойлж зорилт дэвшүүлдэг.

Одоогоор эмчлэх талаас шинжлэх ухаан нээлт хийгээгүй байна. 

Тиймээс бид “Хүүхдийн хөгжлийн төв" дээрээ энэ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

Бидэн дээр олон төрлийн аутизмтай хүүхэд ирж байна. Энэ чиглэлээр манайд хоёр ТББ ажилладаг. Тэд сүүлийн 2-3 жилд эрчимтэй идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. 

- Манайд аутизмыг оношлох стандарт, мэргэжлийн баг алга. Хэзээ бий болох бол?

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн сэтгэл мэдрэлийн эмгэгийг судалдаг эмч нар ажилладаг. Хүүхдүүдийн зарим тэнд оношлогдож байна.

Тайвшруулах эм өгөх гэхчлэн эмчилгээ талаас тэд ханддаг. Яг боловсрол талаас хүүхдийг хөгжүүлэх талаас зөвлөгөө өгдөггүй.

Энэ асуудалд бид Японы сэтгэц, мэдрэлийн эмч, судлаачидтай хамтран тухайн хүүхдэд боловсролын үйлчилгээ хэрхэн үзүүлэх вэ гэдэг талаас үнэлж байгаа.

-Аутизм эмчлэгдэх үү?

-Олон хүн ингэж асуудаг. Эмч нар “эмчлэгдэхгүй" гэж хариулах байх. Яагаад гэвэл уураг тархинд нь өөрчлөлт орчихсон байдаг. Энэ нь төрөлхийн эмгэгтэй гэсэн үг.

Одоогоор эмчлэх талаас шинжлэх ухаан нээлт хийгээгүй байна. Харин багш нар юу гэж үзэж байна гэхээр аутизм өвчин биш, эм тариагаар эмчлэгдэхгүй учраас байнгын эмгэг юм.

Ийм эмгэгтэй хүүхдүүдийг сэтгэл судлаач, багш нар xэрхэн хөгжүүлэх вэ гэдэг арга замыг гаргаж, тодорхойлох нь чухал. Тэднийг хөгжүүлэх боломж бий.

Ямар чиглэл байна, яаж хөгжүүлэх вэ гэдэгт боломж нь өөр, хүүхэд тус бүртээ онцлогтой. Зарим хүүхэд хөгжим тоглох, зураг зурах, зарим нь унших, бичих чадвар сайтай.

Тухайлбал, “Би яагаад үсэрдэг вэ” номыг бичсэн хүүхэд бол бичих, туурвих чадвартай. Тэгэхээр эргэн тойрных нь хүмүүс тэдгээр хүүхдийн онцлогийг таньж мэдээд, чиглэл чиглэлээр нь хөгжүүлбэл тэд нийгэмшиж чадна, ямар нэг чиглэлээр өөрсдөө бүтээл туурвил хийж чадна.

Гол нь тэр арга замыг нь олж хөгжүүлэх л чухал. Энэ зорилгоор манай япон багш нар хоёр сард нэг удаа Монголд ирж байгаа. Хүүхдүүдийн эцэг, эх, багшид зөвлөгөө өгдөг.

Нөгөөтэйгүүр, тухайн хүүхдийн хөгжил эцэг, эхчүүдээс бас их хамаардаг. Хүүхдээ мэддэг, санаа тавьдаг, хүүхэдтэйгээ ажиллаж тодорхой хэмжээгээр хөгжүүлсэн эцэг эх байна.

Ор тас мэдэхгүй, орхигдуулчихсан, хүүхдээ аашилж загнаж зандрахаас өөрийг хийдэггүй, өөрсдөө стрестчихсэн яах учраа олохгүй яваа эцэг, эхчүүд ч бас байдаг.

Иймээс бид юуны өмнө ээж, аав нарт нь хамгийн түрүүнд зөвлөгөө өгдөг. Түүний дараа хүүхдийг нь ажиглана, тоглож, харилцаж үзнэ. Тэгж байж эцэг, эхэд нь зөвлөгөө өгдөг.

-Цаашид төр засгийн зүгээс, мэргэжлийн яамд, хувь хүний хөгжил, төлөвшлийг бий болгох үүднээс юу шаардлагатай байна вэ?

-Энэ чиглэлийн мэргэжилтэн ихээхэн дутагдалтай. Тусгай боловсролын багш нар төдийлөн хангалтгүй байна.

-Бас багш нарын чанарын асуудал сүүлийн үед сөхөгдөх боллоо?

-Тусгай сургуулийн сурагчдын зүгээс ч, хараагүй хүүхдүүдийн сургууль дээр ч сүүлийн үед асуудал үүсэж байна. Энэ бол үнэхээр тулгамдаж байгаа асуудал.

-Ер нь манайх энэ чиглэлийн боловсон хүчнийг өмнө нь болоод одоо яаж бэлтгэж ирсэн бэ?

-Миний хувьд 1996-2002 он хүртэл Японы Цүкүба их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалж, тэндээ хэсэг хугацаанд ажиллаж байгаад Монголдоо ирсэн. Өмнө нь энэ чиглэлээр хүний нөөцийг манайх ЗХУ /ОХУ/-Д бэлтгэж ирсэн байдаг. Зах зээл эхэлснээр орхигдсон.

МУБИС дээр сүүлийн хоёр жилд нэг жилийн анги нээсэн. Хичээл нь ерөнхий, багш нар нь олон биш. Гэсэн ч бид боломжоороо оюутнуудаа хамруулахаар ажиллаж байна.

Өмнө нь тусгай сургуульд багшилсан багш нарыг хамруулсан. Нэг жилийн хөтөлбөр маш үр дүнтэй болсон. Өмнө нь Монголд төдийлөн байгаагүй аутизм, анхаарлын дутмагшил, суралцахуйн бэрхшээл зэрэг агуулгаар хичээлийн хөтөлбөр бэлтгэн явуулсан.

Хэцүү хүүхэдтэй ажиллахад багш маш их юм бодно, сэднэ, хийж хэрэгжүүлнэ.

Ер нь бүх талын багш энэ төрлийн ойлголттой байх ёстой. Яагаад гэвэл, эдгээр хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд хамруулах боломж бүрдэнэ.

Ангид нь ийм эмгэгтэй хүүхэд байхад мэргэжлийн холбоо, төрийн болон ТББ-ууд нь тухай бүртээ багшийг давтан сургаж, хүүхдийг ч тэр орчинд нь сургах талаас оновчтой байх болов уу.

Ингэж чадвал боловсролын салбарт хүүхдүүдийг  тэгш хамруулах боломж 100 хувь бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийг өөрчилж, сургалтын орчинд тохируулна гэж үзэж ирсэн бол одоо багш нар өөрчлөгдөж хүүхдийнхээ онцлогт тохируулж хичээлээ заах ёстой.

Тэгэхээр боловсролд ямар өөрчлөлт хийх ёстой вэ гэвэл, тухайн хүүхдийн онцлогт тохирсон үйлчилгээг л бид үзүүлэх ёстой. Тэр хүүхдийн, ирээдүйн төлөв байдал ямар байна, түүнд нь зориулсан онцлогоор зорилт дэвшүүлнэ.

Түүнд нь тохирсон онол, арга зүйгээр ажиллана. Энэ манайд хоцрогдоод байгаа. Хүүхэд төвтэй бус агуулга төвтэй, судлагдахуун төвтэй, тухайлбал ийм үйлдлийг ингэж бодож сурна гэсэн байдлыг чухалчлахаас биш тэр үйлдлийг Дорж гэдэг хүүхэд бодох нь өөр, Дулмаа гэдэг хүүхэд хүлээж авах нь бас өөр шүү дээ.

Тэгэхээр ганцаарчилсан хандлага гэдэг юм учир дутагдалтай байгаа. Мөн аль нэг рүү нь туйлширч бас болохгүй.

-Японы Нагоя их сургуулийн хамтын ажиллагаанаас оор ямар улс тусламж, дэмжлэг үзүүлдэг вэ, энэ чиглэлд?

-Жайкагийн нэг төсөл хэрэгжиж байгаа. Гол зорилго нь ерөнхий боловсролын сургууль, тусгай сургууль хоёрын хоорондын идэвхтэй үйл ажиллагааг дэмжихэд чиглэдэг.

Манай тусгай сургуулийн багш нар ганцаарчилж ажиллах чиглэлд ур чадвар сайтай, туршлагатай байдаг. Ер нь бол хүүхдийн сурах ур чадвар хэдий чинээ хүндрэлтэй байна, багшийн заах ур чадвар сайн байна гэсэн эрдэмтний хэлсэн үг бий. Хэцүү хүүхэдтэй ажиллахад багш маш их юм бодно, сэднэ, хийж хэрэгжүүлнэ.

Зураг