Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

10 өдрийн гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал тэргүүлж байна

Э.Мөнхзаяа
2017 оны 4 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт зургаа ба 10 өдрийн “Self-transcendence” USA open тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 17-ноос эхэлжээ.

Өнөөдрийг дуустал үргэлжлэх энэхүү тэмцээнд Монгол Улсын гүйлтийн спортын мастер Бямбаагийн Буджаргал 10 өдрийн ангилалд, Баянгол дүүргийн тамирчин Д.Баярсайхан, Ц.Түвшинжаргал, Л.Сумъяа, Ж.Одгийв нар зургаан өдрийн гүйлтэд тус тус амжилттай оролцож байгаа юм.

10 өдөр, шөнө тасралтгүй гүйнэ гэдэг өөрийгөө ялах тэсвэр хатуужлын шалгуур. Энэхүү хүнд сорилтыг даван туулж буй манай тамирчин Б.Буджаргал өчигдрийн байдлаар 632 миль буюу 1,011 км гүйж, эрэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигдэж байгаа аж. 

Тэрбээр “Надтай хамт байж гүйхэд минь цуг гүйцгээн бүдрэхэд минь бөөцийлөн, ядрахад эрч хүч, шантрахад сэтгэлийн дэм өгч байгаа та нартаа баярлалаа. Зорьсон зорилгоо биелүүлэхэд цөөхөн хором үлдэж байна. Цаашид хамт байж бүгдээрээ тэргүүн байранд улсынхаа нэрийг зарлуулан дуудуулъя” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Тэмцээнд дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин оролцож байна

Энэхүү тэмцээнийг Шри Чинмойн марафоны багийг үндэслэгч, хүндийг өргөлтийн дээд амжилт тогтоогч Шри Чинмой үндэслэсэн. 20 дахь жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээнд орон орны тамирчид хүрэлцэн ирж, тэсвэр тэвчээр, алхах, байнгын ачаалалтай байдлаас эрүүлжих арга туршлагаа шалгадаг байна. Өрсөлдөгчид аль болох олон миль зай туулахын тулд маш бага хэмжээгээр нойроо авдаг.

Нью-Йорк хотод дөрөвдүгээр сард цаг агаар өдөртөө +12-оос +17 хэм, шөнөдөө +3-аас +8 хэмд хэлбэлздэг.

Бороотой, салхитай, нартай гээд энэ 10 өдөр цаг агаар харилцан адилгүй байдаг бөгөөд энэ бүгд тамирчдын тэсвэр тэвчээрийг шалгадаг нэгэн үзүүлэлт болдог аж.

Зураг