Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Оддын хөлбөмбөг” бооцоот, халз тоглолт болно

Монголын мэдээ
2017 оны 4 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Монголын Хөлбөмбөгийн Холбооны маркетингийн хэлтсийн ахлах ажилтан Э.Амарсайхантай ярилцлаа.

-Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе “Хүрхрээ” үндэсний дээд лиг 2017 нээлтийн тоглолтын өмнөх “Оддын хөлбөмбөг” нөхөрсөг, бооцоот халз тоглолт болох талаар мөн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэмцээний талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-За баярлалаа. Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн уралдаануудаас хамгийн өндөр буюу 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний лиг”- ийн тэмцээн энэ сарын 29-нд эхлэх гэж байна.

Үндэсний Үйлдвэрлэгч “Арвайн Үндэс” ХХК-тай МХБХ гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд нийт 500 сая төгрөгийн гэрээг байгуулсан байдаг. Үндэсний Дээд Лигээс гадна 1-р Лигийг мөн ивээн тэтгэж Монголын хөлбөмбөгийн төлөө жинтэй хувь нэмэр оруулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Энэ жилийн тэмцээнд Дээд Лигийн шилдэг 10 багт 11 орны нийт 39 гадаадын тоглогчид оролцож байгаа. Энэ нь өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлт. Ер нь жил ирэх тусам шагналын сан болон зохион байгуулалтын чанар түүнийг дагаад хөлбөмбөгийг сонирхох сонирхогчид, тоглогчид, үзэх үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа. Энэ жилийн нээлтийг бид өмнөх жилүүдийнхээсээ илүү сонирхолтой, үр өгөөжтэй, илүү гоё болгох үднээс нээлтийн тоглолтын өмнө урлаг соёлын болон спортын алдартнуудаас бүрдсэн “Оддын Хөлбөмбөг”-ийн нөхөрсөг, бооцоот, халз тоглолтыг зохион байгуулж байна.

Энэ сард Дэлхийн Аутизмийг таниулах нэг сарын хүрээнд энэ өвчний талаар олон нийтэд зөв мэдээлэл хүргэх, сэтгэл санаагаараа хамт байгаагаа илэрхийлэх, дэлхийн номер нэгт ордог хөлбөмбөгийн спортоор дамжуулан спортынхныгоо энэ хүмүүнлэгийн арга хэмжээ рүү чиглүүлж байгаагаараа онцлогтой юм.

“Хүрхрээ” Үндэсний Дээд Лигийн тасалбар өмнөх жилийнхтэй адил 2,000 төгрөгөөр худалдаалагдана. Харин нээлтийн өдөр тасалбараа 3,000 төгрөгөөр борлуулах бөгөөд тасалбар бүрээс орж буй орлогын 33 хувь буюу 1,000 төгрөгийг “Аутизм Монгол Анд” Холбоонд хандивлагдаж, аутизмтай хүүхэд залуучуудын эрүүл мэндэд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилготой.

-“Оддын хөлбөмбөг” халз тоглолтод хэн хэн оролцох вэ тэднийг хэрхэн сонгож багт хуваасан бэ багийг танилцуулна уу?

-Энэхүү үйл ажиллагааг МХБХ- ноос зохион байгуулан ажиллаж байгаа. Энд МҮОХ-ны ЕНБД, Олимпын Аварга, Гавьяат тамирчин Бадар-Ууган болон ТВ Коктейль хамтлагийн жүжигчин Цолмонбаяр нар маань дэмжиж санаачилга гарган ажиллаж байгаад талархаж байна.

“Оддын Хөлбөмбөгт” оролцох тоглогчдыг сонгосон гэхээсээ илүүтэйгээр энэ үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй, хөлбөмбөгт бас хорхойтой, Монголын хөлбөмбөгийг дэмжсэн олны танил хүмүүс тэр дундаа соёл урлаг, спортын нэрт зүтгэлтнүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа гэвэл зохино.

Үндэсний шигшээ багийнхаа өмсгөлүүдээр бэлгэдэж “Хөх”, “Цагаан” багуудад хуваагдана. Хөх буюу “Хөх Чононууд” багийг Олимпын Аварга, Хөдөлмөрийн Баатар Э.Бадар-Ууган ахлах бол Цагаан багийг Олимпын Аварга, Хөдөлмөрийн Баатар Н.Түвшинбаяр ахлах юм.

Ингээд энэ хоёр багт бөхчүүдээс Улсын Арслан Н.Пүрэвдагва тэргүүтэй МУ-ын аварга, арслангууд, Х.Цагаанбаатар, Д.Отгондалай нарын тэргүүтэй Тив, Дэлхийн медальтнууд, С.Болд-Эрдэнэ, Э.Цолмонбаяр тэргүүтэй жүжигчид, Guys, Хурдынхан мөн Г.Ганхүү, П.Баярцэнгэл тэргүүтэй “Яг Түүн Шиг” шоуны оролцогчид зэрэг хүмүүс оролцоно. Дасгалжуулагчаар МУСГЗ Ш.Гүрбазар ах маань Хөх Чононууд багийг дасгалжуулан оролцох гэж байна. Мөн багийн эмч, сэтгэлзүйч нараар олны танил гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд, Дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж буй МИСС охид оролцох болно.

-“Оддын Хөлбөмбөг”-ийн үеэр өөр ямар нэгэн сюрприз байгаа юу?

-Байлгүй яах вэ. Тэр болгоныг дэлгээд яах вэ, сонирхуулахад тоглолтод оролцож буй эдгээр одод маань өөрсдийн гарын үсэгтэй бөмбөгнүүдийг тараана. Мэдээж тэдэнтэй дурсгалын зураг хамт авхуулах хүсэлтэй үзэгчид, дэмжигчид байгаа байх. Тоглолт маш өрсөлдөөнтэй болно гэдэгт итгэлтэй байгаа.

Энэ тоглолтын шагналын сан нийт таван сая төгрөг. Жишээ нь манай ХУРД хамтлагийн гитарчин МУГЖ Отгонбаяр ах маань энэ тэмцээнд зориулж өндөржүүлсэн бэлтгэлд хамрагдаж эхэлсэн байгаагаа хэлсэн. Бүр гурван хоног Бурхан Халдунд сүсэглэн залбирч тэмцээний ёндоогоо дуудах юм гээд бүх талаараа тоглогчид маань бэлтгэлээ базааж байгаа.

Мөн хамгийн эхний гоолын эзэн тусгай шагналтай. Тэр нь хэн байх бол. Төгсгөлд нь хэлэхэд дөрөвдүгээр сарын 29-ний бямба гарагийн 13:00 цаг МХБХ-ны хөлбөмбөгийн ногоон талбайд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Зураг