Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

О.Бум-Ялагч: Дэлхий нийтэд Монголын цаг уурын өөрчлөлтийг анхааруулна

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Даян дэлхийн Ногоон намын чуулганд оролцох Монголын Ногоон нам Улаанбаатар хотын агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн анхаарлыг хандуулахаар болжээ. Ирэх сарын 30-ны өдөр Английн Ливерпүүл хотноо зохион байгуулагдах уг чуулганд Монголын Ногоон нам 15 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна.

Ногоон намынхны зүгээс дээрх чуулганд Улаанбаатар хотын агаарын бохирдол, Монголын цаг уурын өөрчлөлт гэсэн хоёр асуудлыг хөндөн, олон улсад танилцуулахаар болжээ.

“Манай намын зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг сэргээгдэх эрчим хүч ашиглан, иргэдэд ээлтэйгээр бууруулах төслийг олон улсын төлөөлөгчдөд танилцуулна. Монголд дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байгааг онцолж, энэ тал дээр дэлхий нийтийн анхаарлыг хандуулна” гэж Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч ярьлаа.

Тус намын зүгээс иргэдэд өмчлүүлсэн 0.07 га талбайд, Засгийн газрын хөнгөлөлттэй үнээр нарны хавтан нийлүүлж, айл бүрийн өмчлөлийн талбайд суурилуулснаар агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, хувь иргэнд ашигтай гэдгийг онцолж байгаа юм.

Даян дэлхийн Ногоон намын чуулганд оролцох үеэрээ гадаадын төлөөлөгчидтэй уулзаж, энэ талаар санал бодлоо солилцох юм байна.