Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Харин өнгөрсөн хоногт Увс, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Ховд аймгийн нутгаар ихээхэн хэмжээний цас орсны улмаас иргэд төөрч алга болсон, осгож нас барсан тохиолдол гарчээ.
Нэг хүн осгож нас баржээ
Завхан аймгийн Баянхайрхан сумаас Нөмрөг сум орохоор Портер загварын ачааны автомашинтай хоёр иргэн 2017.03.20-ны өдрийн 03:00 цагт гараад Нөмрөг сумаас 33 км-т “Агуйтын дөрөлж” гэдэг газар машин цасанд суусан тул иргэн Х /62 настай, эрэгтэй / татах машин олохоор сум руу яваад сураггүй болсон тухай дуудлага 2017.03.21-ний өдрийн 14:15 цагт ирснээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, сумын төвөөс 15 км-т “Сант толгойн-Ар” гэдэг газраас осгож нас барсан байдалтай байсныг олж цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн “Ямаан-Ус” гэдэг газар өвөлжиж байсан малчин Ц /57 настай, эмэгтэй/ малдаа яваад сураггүй болсон дуудлагаар /03 дугаар сарын 21-ний өдөр 14:00 цагт/ эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 22-ны өглөөний 04:00 цагийн орчим эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн “Буга-Уул” гэдэг газар хаваржиж байгаа малчин С /34 настай, эмэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 21:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22-ны 00:50 цагт гэрээс нь хойд зүгт 5 км-т Буурал багийн Цахир гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас мал тууж авчирахаар яваад сураггүй болсон иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар, мөн аймгийн Тариалан сумын “Шар бүрдийн хөдөө” гэдэг газраас малтайгаа уруудаж төөрсөн иргэн Я-гийн 10-15 насны гурван хүүхэд, Өмнөговь сумаас Холбоо баг руу дуудлагад яваад сураггүй болсон сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нарыг эсэн мэнд олсон байна.
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газраас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон гэх иргэн С /50 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд оллоо гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Сэрэмжлүүлэг