Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Forbes 2017: Ази тив хамгийн олон ТЭРБУМТАНТАЙ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Азийн топ гурван баян

Жил бүр зарладаг тэрбумтнуудын жагсаалтаа Форбс сэтгүүл өчигдөр буюу Даваа гарагт зарлалаа.

Түүхэнд анх удаа манай дэлхийн тэрбумтнуудын тоо 2,000-ыг давсан нь энэ удаагийн онцлог байлаа. Үүнээс 720 нь Ази тивээс төрсөн байна. Өөрөөр хэлбэл хамгийн олон тэрбумтан төрүүлсэн бүс нутаг Ази болжээ.

Жагсаалтын тэргүүнд Билл Гэйтс $86 тэрбумын хөрөнгөтэй жагссан бол хоёрт нь Уоррен Баффет $75.6, Амазоны Жэф Безос $72.8 тэрбумтайгаар орсон байна.

Ази тивийн хамгийн баян гурван эрхэм гурвуул Хятадаас төржээ. Үүнд нэгд нь $31.3 тэрбумтай Ван Жянлинь (Дальян Ванда Групп), хоёрт $31.2 тэрбумтай Ли Ка Шин (Хонг Конгийн CK Hutchison Holdings), гуравт $28.3 тэрбумтай Жэк Ма (Алибаба Групп) тус тус жагсжээ.

Тэдний дэлхийн жагсаалт дахь байр нь 18, 19, 23 тус тус байгаа юм.

Харин Японы баячуудыг $21.2 тэрбумын хөрөнгөтэй Масаёши Сон тэргүүлжээ. Тэрээр харилцаа холбооны Softbank компанийн ерөнхийлөгч юм.

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп $3.5 тэрбумтайгаар жагсаалтын 544-т орсон байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн тэрбумтнуудын тоо 13 хувь өсөж, 2,043 хүрснийг Форбс онцолжээ. Үүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сайн байсан нь нөлөлсөн гэнэ.

Бүс нутгаар авч үзвэл Ази тив тэрбумтны тоогоор тэргүүлсэн бол улсуудаар жагсаавал АНУ 565, Хятад 319, Герман 114, Энэтхэг 101 тэрбумтантай эхний байруудад жагссан байна. Зөвхөн Хятад улс өнгөрсөн жил шинээр 76 тэрбумтантай болжээ.

 

Эх сурвалж: Nikkei