Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрх Дорнод, Хойд Африкаас АНУ руу нисэхдээ гартаа нөүтбүүк авч явахыг хоригложээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрөөс эхлэн Ойрх Дорнод, Хойд Африкийн найман улсаас АНУ руу ирэх шууд нислэгт гар тээшиндээ зөөврийн компьютер, iPad, камер зэрэг электроник төхөөрөмжүүдийг авч явахыг АНУ-ын засгийн газар түр хугацаагаар хоригложээ.

Ийм хоригийг нэвтрүүлж байгааг Даваа гарагт Royal Jordanian Airlines компанийн нислэгт анх удаа мэдэгдсэн байна. Ингэхдээ дээрх найман орны 10 нисэх буудлаас АНУ руу шууд нисэх нислэгүүдийг хамруулжээ.

Эрх баригчид яагаад ийм хориг тавьсан, ямар хугацаатай, ямар улс, ямар нисэх буудлууд хамрагдсаныг нийтэд зарлаагүй байгаа юм.

Royal Jordanian компани гар утас, эмчилгээний багаж төхөөрөмжүүдийг энэхүү хоригт оруулахгүй байгааг мэдээлсэн байна.

Эдгээрээс бусдыг нь заавал савлаж, ачаанд өгөх хэрэгтэй болжээ.

АНУ-ын албаныхан энэ талаар мэдээлэл хийхээс зайлсхийж байгаа ба ажиглагчид ямар нэг болзошгүй халдлагын тухай тагнуулын мэдээлэл дээр үндэслэсэн шийдвэр гэж үзэж байгаа гэнэ.

Мэргэжлийн хүмүүс ийм алхам хийсэн нь аль аль талдаа эрсдэл дагуулж байгааг онцолжээ. Тухайлбал 2006 онд Британид ийм шийдвэр хэрэгжихэд ачаанаас үнэтэй эд зүйлс хулгайлах хэрэг эрс нэмэгдэж байсан байна. Мөн ачаанд яваа зөөврийн компьютерийн баттерей доргилтоос болж тэсрэх, гал гарах магадлал нэмэгддэг гэнэ.

 

Эх сурвалж: Japan Times