Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сард Трамп Ши Жиньпинтэй Флоридад уулзана

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп, Ши Жиньпин нар

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг ирэх сард Флоридад хүлээж авч уулзах болсон талаар Америкийн хэвлэлд өчигдөр мэдээллээ.

Дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Палм Бич дэхь Трампын Мар-а-Лаго тансаг амралтын газарт болно гэж АНУ-ын албаны хүн ярьсан байна.

Энэ үеэр удирдагчид гольф тоглохгүй бөгөөд зөвхөн ажлын уулзалтууд болно гэжээ. Гэхдээ уулзалтын тов урьдчилсан байдлаар гарсан нь энэ гэнэ.

1985 онд Трампын худалдаж авсан Мар-а-Лаго байгууламжийг сүүлийн үед “Өмнөд Цагаан ордон” гэж нэрлэх болоод байгаа. Уулзалтын талаар Хятадын дипломат албаныхан хэлэхдээ “Яг одоо хоёр тал удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах бүх боломжит хувилбарыг ярилцаж байна. Гэхдээ албан ёсоор зарлахад хэтэрхий эрт байна” гэжээ.

Хятадын тал уулзалтын талаар тодорхой зүйл хэлэхээс зайлсхийсэн нь Трампын туйлбаргүй байдлаас болгоомжилж байгаагийнх гэж зарим ажиглагчид үзэж байна.

Нэгэн дипломатч хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Трампаас ойлгож авсан гол зүйл бол бүх зүйл боломжтой хэдий ч тодорхойгүй нөхцөл байдал үүсэхэд үргэлж бэлтгэлтэй байх юм” гэсэн нь үүнийг баталж байгаа юм.

Энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Бээжинд айлчлах ба энэ үеэрээ Ши Жиньпинтэй уулзаж магадгүй байна. Энэ уулзалт ирэх сард болох дээд хэмжээний уулзалтын өмнөх чухал шат болох юм.

Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш Америк-Хятадын харилцаа хэд хэдэн хүнд сорилттой тулгарсан. Тэгвэл ирэх сард болох хоёр гүрний удирдагч нарын уулзалт тийм ч найрсаг уур амьсгалтай болохгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post