Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын гишүүд намын даргадаа дахин шаардлага хүргүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ТАНАА

2017.03.10 Санал хүргүүлэх тухай

Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд хүнд ялагдал хүлээж, намын шинэчлэлийг бүх шатанд нэн даруй хэрэгжүүлэх шаардлага тулгарсан билээ.

Ардчилсан намын VI их хурлын төлөөлөгчид намын шинэчлэлийн хөтөлбөрийг баталж намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, гишүүддээ нээлттэй, оролцоотой, хууль, дүрэм журмаа дээдэлдэг эрүүл, хүчтэй Ардчилсан намыг төлөвшүүлэх намын шинэчлэлийн хөтөлбөрийг баталсан.

Харамсалтай нь сүүлийн үед намын дотоодод дээрх хөтөлбөрийн үзэл санаанаас ихээхэн гажсан, ардчиллын үнэт зүйл, хууль дээдлэх зарчмыг үл тоомсорлосон дараах зүй бус үйл явц өрнөж байгаад нухацтай дүгнэлт хийх шаардлага тулгарч байна. Үүнд:

1. Намын VII их хурлын өмнө намын дүрмийн төслийг эцэслэн боловсруулах үйл явц, намын их хуралд танилцуулах, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх намын дүрмийн хувилбар бүгд гишүүдээс нууцалсан хаалттай байдалтай явж ирлээ. Ардчилсан нийгэмд хууль, дүрэм журам батлах хэлэлцүүлэг, үйл явц нээлттэй явагдах ёстой байтал Ардчилсан намын дүрэм батлах, хуулийн хүрээнд баталгаажих үйл явц ийнхүү гишүүддээ хаалттай өрнөж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй эрүүл бус үйл явдал гэж үзэж байна.
2. Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос намын бүх шатны сонгуульд нэр дэвших гишүүдийн татвар, дэнчин төлөх VII Их Хурлаар хэлэлцсэн намын үндсэн дүрмийг илт зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасныг ноцтой алдаа хэмээн үзэж байна.
3. Дотоод сонгуулийн хорооноос тогтоосон гэх хураамж, дэнчингийн хэмжээ нь АН-ын өмнөх сонгуулиудтай харьцуулахад 6-90 дахин өссөн, намын гишүүдийн санхүүгийн боломжоос үл хамааран сонгох, сонгогдох эрхийг боомилсон, гишүүдийн ахуй амьдралд ихээхэн дарамт учруулсан, намын албан тушаалыг үнэлгээжүүлж худалдах зүй бус хандлагатай байгаа нь хэн бүхэнд ил байна.
4. 2016 онд татвар төлсөн намын гишүүдэд 2017 оны татвараа урьдчилан төлж саналын эрхтэй болох шаардлага тавьж байгаа нь гишүүдийн сонгуулийн эрхийг дүрмийн бус аргаар хязгаарлах үр дагавартай гэж үзэж байна. Намын дүрмээр намын гишүүд 2017 оны татвараа оны аль ч хугацаанд төлөх боломжтой атал 3 дугаар сарын 13-ны дотор татвар төлж амжаагүй гишүүдээр санал өгүүлэхгүй хэмээн хязгаарлах нь хөдөө орон нутагт, алслагдсан газар байгаа олон гишүүдийн эрхийг хөндөж байна.
5. Ардчилсан намын Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэнтшинэчилсэн дүрэм одоо хүртэл гишүүдэд нээлттэй болоогүй, дүрэм баталгаажсан эсэх нь тодорхойгүй байгаа энэ нөхцөлд намын бүх шатны сонгуулийг явуулах нь хожим сонгууль дүрмийн хүрээнд явагдсан эсэх маргаан дагуулах үр дагавартай гэж үзэж байна.
6. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хугацаа ойртсон энэ хариуцлагатай үед АН-ын дотоод сонгуулийг иймэрхүү хэлбэрээр зохион байгуулж байгаа нь намын дотоод нөөцийг тарамдуулж, эв нэгдлийг бусниулах ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг шаардаж байна

Үүнд:

  1. Намын гишүүдээс авах татварыг дүрмийн хүрээнд оновчтой тогтоох,
  2. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед намын дотоод сонгуулийг гишүүдийн идэвх оролцоонд тулгуурлан зардал багатай зохион байгуулах. Сонгууль зохион байгуулах зайлшгүй шаардлагатай зардлын тооцоог гаргаж нээлттэй мэдээлэх,
  3. Намын дансыг яаралтай шилэн болгож, намын гишүүдийн итгэлийг сэргээх,
  4. Намын дотоод сонгуулийг дээрх асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа явуулахыг санал болгож байна.

Энэ бүх алдаа дутагдлыг нэн даруй засах арга хэмжээ авч, 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 10 цагаас өмнө хариу өгөхийг хүсье.

Намын дотоод эв нэгдэл, зөвшилцлийг хангах дээрх арга хэмжээг аваагүй нөхцөлд энэ удаагийн сонгуулиудад оролцох боломжгүй бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа үр дагавар, хариуцлагыг намын даргын хувьд Та биечлэн хүлээх ёстой болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ардчилсан намын гишүүд