Уншиж байна ...

У.Хүрэлсүх: Монгол айл бүр гэрийнхээ жаврыг үргээдэг гэрийн морин хуурчтай болохыг уриалж байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Морин хуур" үндэсний анхдугаар чуулган өнөөдөр болж байна. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол төр морин хуурынхаа хөгжлийг төрийн бодлогынхоо түвшинд онцгойлон анхаарч ирсэн түүхтэй. 

1992 онд төрийн хан хуурыг бүтээн залж, Засгийн газрын тогтоолоор морин хуурын чуулганыг байгуулж улмаар 2002 онд морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх ерөнхийлөгчийн зарлиг гарч байв. 

Холбогдох яам, төрийн захиргааны байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран чиглэл чиглэлийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр энэхүү чуулганаар санал зөвлөмжөө нэгтгэн танилцуулах гэж байна. 

Энэхүү анхдугаар чуулганаар морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, материаллаг баазыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, холбогдох төсөв санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэн ярилцаж, санал зөвлөмж боловсруулан холбогдох яамдад хүргүүлэн төрийн бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллах явдал чухал байна. 

Олон улсад морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулан заан сургах ажлыг улам эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

Цаашид морин хуур үндэсний чуулганыг дөрвөн жил тутамд зохион байгуулж, төрийн болон мэргэжлийн байгууллагууд уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид хуран чуулж үйл ажиллагаагаа хэлэлцэн төлөвлөж байх нь зүйтэй. 

Төрийн хан хуурч байдагтай адил Монгол айл бүр өргөө гэрийн хуурчтай болохыг нийт ард түмэндээ уриалж байна. 

Монголчууд бид морин хуураа эрхэмлэн залахын зэрэгцээ суралцан эзэмшиж, хуурдан эгшиглүүлж байх учиртай. 

Айл болгонд бэлгэ тэмдгийн зориулалттай өлгөөтэй байдаг биш баяр ёслолын үеэр эгшиглүүлж, гэрийнхээ жаврыг үргээдэг гэрийн морин хуурчтай болгох уриалгыг гаргаж байгаа юм" гэв.