Уншиж байна ...

Иргэн Дамдиндорж: Амьдралдаа үзээгүй, гайхамшигтай луйварчидтай тааралдлаа

Б.Манлай
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв" ТББ-ын тэргүүн болон хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд газрын асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Иргэн н.Дамдиндорж "Амьдралдаа үзээгүй, гайхамшигтай луйварчидтай тааралдлаа. 2013-2014 оны зааг дээр "Газар худалдана" гэсэн зарын дагуу Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутагт бараг 2,000 орчим м.кв талбайтай газрыг харилцан тохиролцож, 170 сая төгрөгөөр авсан. Газар худалдан авах, худалдах гэрээ хийж, 85 сая төгрөгийг эхэлж төлөөд хотын захиргаанд очиж гэрээгээ шилжүүлж өгөөд хоёр сарын дотор үлдсэн мөнгийг авна гэж хэлээд н.Оюунтунгалаг гэдэг хүнээс 2012 оны нийслэлийн Засаг даргын 119 дүгээр захирамжтай газрыг худалдаад авчихсан. Гэтэл мөнгө аваад явсан хүнтэй 10 жил надтай уулзаагүй. Хоёр жил хүлээгээд 2016 он гарангуут хуулийн зөвлөгөө өгдөг газар очоод хохирсон тухайгаа хэлсэн. Төрийн байгууллага алдаатай захирамж гаргаж болохгүй учир нийслэлийн Газрын албанд гомдол гаргах зөвлөгөө өгсөн.

Энэ дагуу 2016 онд Газрын албанд очиж асуудлаа хэлэхэд Хуулийн хэлтсээс "Таныг хохироосон байна, зөндөө олон захирамж хүчингүй болж байгаа, луйврын юм гараад байгаа. Бид хийгээгүй. Өмнө нь  ажиллаж байсан хүмүүс ийм зүйл хийсэн" гэдгийг хэлсэн.

2016 оны сонгуулийн өмнө надаас хүсэлт авсан. Таны газар үйлдвэрийн зориулалтаар олгох газар биш гэдгийг хэлсэн. Газрыг зарсан хүнийг олохгүй байгаа учир зөрчлийг арилгаад газраа авч болох уу гэж гуйсан. Нийслэлийн Газрын албаны удирдлагууд "Өндөр хүчдэлийн шугам дор үйлдвэрийн зориулалттай газар олгож болохгүй хуультайг хэлсэн. Үйлдвэрийн зориулалттай газрыг хасаж, 400-700м.кв газрыг олгож болно, дүүрэгтээ ярих хэрэгтэй" гэсэн. Хан-Уул дүүргийн тухайн үеийн засаг дарга н.Ганхуягт хүсэлт гаргаад орхисон. Ерөнхийдөө захирамж гарахаар болоод явсан.

2016 оны сонгуулийн дараа Газрын албанд очтол бүх хүн солигдсон байсан. Гуравдугаар хороог хариуцсан н.Мягмарсүрэн гэдэг залуу захирамж гараагүй, Алтанцэцэг гэдэг хүний газартай давхардсан юм шиг байна, очоод уулзаарай гэсэн.

Ингээд нийслэлийн газрын албаны н.Алтанцэцэг гэдэг хүнтэй очоод уулзтал "Та манай дүүд мөнгөө өгсөн юм байна, газрыг чинь шилжүүлж өгнө, санаа зовох хэрэггүй" гэж хэлээд 2016-2020 оны хооронд намайг хуурсан. Уг нь миний газрын захирамж гарсан байсныг дөрвөн жил нуусан байсан. 2020 оны зургаадугаар сард хашаандаа байж байтал нэг эмэгтэй орж ирээд "Танай энэ газрыг худалдаж авсан, чөлөөлж өгнө" гэж хэлсэн юм. Ингээд АТГ-т өгсөн. АТГ шалгаж, эрүү үүсгэсэн.

Хуурамч бичиг баримт бүрдүүлж, нэг захирамжийг нөгөө захирамжаар орлуулсан нь урт хугацаанд илэрсэн" гэж ярилаа.

"Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв" ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг "Иргэн н.Дамдиндорж бидэнд хандсан учир албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, мэдээлэлд ойроор далимдуулж бүлэглэн иргэдийг хохироосон залилангийн асуудал гэж үзээд АТГ-ын дарга З.Дашдаваа болон НЗД Х.Нямбаатарт албан тоот хүргүүлж байгаа юм" гэв.