Уншиж байна ...

Францын цэрэг Украинд ирэх тухай яриа гарсны дараа Орос улс тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалт зарлалаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам тактикийн цөмийн зэвсгийн байлдааны сургуулилалтад бэлдэж эхэлснийг зарлажээ.

“ОХУ-ын зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчийн тушаалаар стратегийн бус цөмийн зэвсэгт хүчний байлдааны үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой дадлага сургуулилалтыг жанжин штаб ойрын үед зохион байгуулахаар бэлдэж эхэллээ” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Сургуулилалтад Доны Ростов хотод төвлөрдөг Оросын зэвсэгт хүчний өмнөд цэргийн тойргийн пуужин, агаарын болон тэнгисийн хүчний анги нэгтгэлүүд оролцох юм байна.

“Сургуулилалтын үеэр стратегийн бус цөмийн зэвсгийг бэлтгэх, ашиглах үйлдлийг дадлагажуулах цогц арга хэмжээг авна” гэж мэдэгдэлд бас өгүүлжээ.

“Өрнөдийн зарим албан тушаалтнуудын ОХУ-ын эсрэг өдөөн хатгасан мэдэгдлийн хариуд” ийм сургуулилалт зохион байгуулах болсноо мөн тайлбарласан байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сүүлд энэхүү сургуулилалт нь Өрнөдийн зарим удирдагчдын Украинд цэрэг илгээх тухай мэдэгдэлтэй холбоотойг баталжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт “The Economist” сэтгүүлд Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны ярилцлага нийтлэгдсэн юм.

Макрон энэ ярилцлагадаа хэрвээ Оросын цэрэг фронтын шугамыг цөмлөж, Киевийн эрх баригчид хүсэлт гаргасан тохиолдолд Франц улс Украинд цэргийн хүч илгээх “хууль ёсны нөхцөл” бүрдэхийг мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP