Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

У.Уранчимэг: Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх тусмаа нууцлаг байдаг

Монголын мэдээ
2017 оны 3 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ээр эхэлж, “Зүрхээр наадагч”-аар үргэлжлүүлж, “Атганд үлдсэн эрдэнэ”-ээр уран бүтээлээ залгамжлуулж байгаа “Хувьсал” продакшнынхан ээлжит уран бүтээл болох “Миний нууц” киногоо энэ сарын 02-нд нээсэн билээ. Олны анхаарлыг татаад буй “Миний нууц” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн авьяаслаг, хүчирхэг, хувьсаж, өөрчлөгдөж чаддаг уран бүтээлч болох МУГЖ У.Уранчимэгтэй ярилцсанаа хүргэе. 
 
-Юуны өмнө шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авч, үзэгчдийн хүртээл болгосон танд баяр хүргэе. “Хувьсал” продакшны уран бүтээлүүдийг үзэгчид хоног тоолон хүлээдэг, шимтэн үзэх дуртай байдаг. Тэгвэл дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Миний нууц” киноныхоо нээлтийг хийлээ. Энэхүү киног хийх сэдэл, санааг анх хэн гаргасан, мөн зохиол нь хэрхэн,  яаж  бичигдсэн талаар ярихгүй юу? 

-Баярлалаа. Шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байгаадаа туйлын их баяртай байна. Жүжигчин хүний аз жаргал уран бүтээлээ туурвиад, тэрхүү уран бүтээлийг маань үзэгчид хэрхэн хүлээж авч байгааг харах л хамгийн чухал байдаг. “Миний нууц” киноны зохиол “Атганд үлдсэн эрдэнэ” кино хийгдэж байх үед л яригдаж байсан. Ер нь манай продакшин нэг кино хийж байхдаа л дараагийн уран бүтээлээ ярилцаж, санал  бодлоо хэлэлцдэг. “Миний нууц” киноны хамгийн анхны сэдэл, санааг миний нөхөр Г.Цоггэрэл арав гаруй жилийн өмнө гаргасан.

Ийм сэдэв, агуулгатай кино хийвэл зүгээр юм уу гэж ярьж байсан. Харин үүнийг нь Д.Ганцэцэг, А.Ганчимэг хоёр маань үнэхээр соргог, уран бүтээлчээр хүлээж аваад, нарийн задаргаа хийж, зохиолыг буулгасан. Зохиол гэдэг бол тухайн уран бүтээлийн үндэс суурь болдог шүү дээ. Суурь нь хэр сайн байна, төдий чинээ тухайн кино үзэгчдэд хүрдэг. Тиймээс хэр сайн кино болсныг үзэгчид маань л дүгнэх байх даа.

-Аливаа нэг уран бүтээлээс шинэ, соргог зүйлийг үзэгчид хүлээж байдаг. Тэгвэл “Миний нууц” кино өмнө нь гарч байсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Зүрхээр наадагч” кинонуудаас юугаараа илүү өвөрмөц, онцлог болсон юм бол?

-Урьд нь гарч байсан кинонуудыг бодоход илүү онцлогтой хийгдсэн, сайхан кино гэж хэлж болно. Мэдээж бүх кино маань сайхан л даа. Гэхдээ “Миний нууц” кино бол илүү өвөрмөц, олон баярт явдлуудыг араасаа дагуулсан уран бүтээл болсон. Энэ жил манай “Хувьсал” продакшины 15 жилийн ой тохиож байгаа. Тэр ч утгаараа 15 жилийн ойгоороо шинэхэн уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулж байгаа нь бидний хувьд асар их аз завшаан тохиож буй хэрэг. Мөн “Хувьсал” продакшин анх удаагаа хөндлөнгийн найруулагч урьж оролцуулсан. Миний хувьд ч гэсэн сэтгэхүйн драм төрлийн кинонд анх удаагаа тоглосон гэдгээрээ илүү онцлог болсон.

-“Миний нууц” киноны гол дүрд тоглосон.  Мэдээж киноны гол дүрийг бүтээнэ гэдэг бол жүжигчин хүнээс асар их хариуцлага, ур чадвар шаарддаг байх. Дүрийнхээ тал­аар бидэнтэй хуваалцахгүй юу?

-Миний хувьд гол дүр болох Хандмаагийн дүрийг бүтээсэн. Энэхүү дүрийг бүтээхийн тулд сэтгэлзүйн хувьд ч, бие мах бодийн хувьд ч өөрийгөө асар их бэлтгэсэн. Жүжигчин хүнийхээ хувьд өөрөөсөө гарч болох бүхий л зүйлээ кинондоо зориулж чадсан гэж бодож байгаа. Хэдийгээр би гол дүрийн жүжигчин ч гэсэн, ганц гол дүрийн жүжигчин байгаад тэр кино хол явахгүй шүү дээ.

Энэ бүхний ард хамт олон, фитнесийн багш нар, найруулагч гээд олон хүмүүс байсан болохоор кино маань амжилттай хийгдсэн. Хандмаагийн дүрийг бүтээхийн тулд фитнесээр маш их хичээллэсэн. Миний ар талыг хариуцаж, энэ мундаг эмэгтэйн дүрийг бүтээхэд чухал нөлөө үзүүлсэн хүмүүс бол яах аргагүй миний фитнесийн багш нар. Энэ завшааныг ашиглаад тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэдгээ хэлье.  Хандмаагийн дүр бол хэзээ ч мартагдахааргүй дурсамжийг надад үлдээж чадсан. 

-Хандмаагийн дүр өмнө нь бүтээж байсан дүрүүдээс  тань өөр үү?

-Хандмаагийн дүр бол миний өмнө нь бүтээж байсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн Соёо ч юм уу, “Атганд үлдсэн эрдэнэ”-ийн Бүжингээс их өөр байсан. Илүү дотогшоо, хүний дотоод мөн чанарыг харуулсан. Би драмын урлагт 22 жил тасралтгүй ажилласан. Хөндлөнгийн хүний нүдээр харахад олон жил ажилласан, туршлагатай жүжигчин гэж л хэлэх байх.

Харин миний хувьд бол ямар ч дүр бүтээсэн өөрийгөө шинэхэн жүжигчин гэж боддог. Тиймээс ч кино болгон минь шинэхэн, сонихон, өвөрмөц болж, дүрдээ илүү сайн орж чаддаг.  Мэдээж мэдэхгүй, чадахгүй зүйл олон байсан. Энэ бүхний ард миний нөхөр, охин, гэр бүл маань байсан болохоор даваад гарч чадсан.

-“Хувьсал” продакшн анх удаагаа хөндлөнгийн найруулагчийг урьсан. Хөндлөнгийн найруулагчтай ажиллахад хэр санагдсан бэ?

-Киноны маань  ерөнхий найруулагчаар Д.Галбаяр ажилласан. Энэ хүн маш сайн найруулагч, маш сайн  хамтрагч байж чадсан. Бид хоорондоо санал бодлоо солилцож, эвсэг хамт олон болж, ажилласаар шинэхэн киноныхоо нээлтээ хийчихээд байна. Киноны нээлтээр бас нэг сайхан үйл явдал тохиосон нь “Миний нууц” киноны  ерөнхий найруулагч Д.Галбаяр маань МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан явдал. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ.

“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” гээд олон сайхан киногоороо үзэгчдэд танигдсан чадварлаг найруулагч гэдгийг хүн болгон мэдэх байх. Энэхүү кинонд ч гэсэн найруулагчийн зүгээс олон шинэлэг санаа, шийдлүүдийг хийсэн. Кино маань олон сайхан зүйлийг араасаа дагуулсан, олон хүний хөлс хүчээр бүтсэн болохоор үзэгчдийн таашаалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

-Киноны зураг авалт хэдий хэр хугацаанд үргэлжилсэн бэ. Бэрхшээлтэй зүйл тохиолдож байв уу?

-Кино зураг авалт бол жүжигчин хүнээс маш их тэсвэр, тэвчээр шаарддаг. Энэ киноны хувьд ч гэсэн эрсдэлтэй, хүндхэн зураг авалт олон байсан. Тэр бүхнийг тэсээд, тэвчээд, гарах зориг, ур ухаан жүжигчин хүнд мэдээж байх ёстой. Өвөл ч бай, зун ч  бай ямар ч хүнд хэцүү нөхцөлд дүрээ бүтээж чаддаг байх нь л хамгийн чухал. Миний хувьд зураг авалт явагдаж байх үед маш хүнд бэртсэн. Азаар киноны маань зураг авалт  95 хувьдаа орчихсон байсан учраас  дөрвөн сар тасралтгүй эмчилгээ хийлгэсэн. Тэгээд эмчилгээ хийлгэсний дараа үлдсэн зураг авалтуудаа дуусгасан. 2016 оны наймдугаар сарын 01-нээс өнөөдрийг хүртэл маш завгүй ажиллаж чадсаны үндсэн дээр киногоо үзэгчдэдээ хүргэлээ.

-Таныг ямар ч дүр бүтээсэн маш сайн хувьсаж, өөрчлөгдөж чаддаг жүжигчин гэдэг. Хандмаагийн дүр таны хувьд хэр их өөрчлөлтийг авчирсан бэ?

-Намайг  маш сайн хувирч чаддаг жүжигчин гэж үзэгчид маань магтдаг. Гэхдээ энэ нь хоёр талтай. Энэ бүх хувирал ганцхан миний хөлс хүчээр зогсохгүй. Мэдээж ар тал маш сайн байж хамтын хүчээр энэ бүх өөрчлөлт хувирлыг бүтээдэг. Кино болгон өөр өөрийн гэсэн өнгө аяс утга, агуулгатай байдаг. Энэ кино маань ч гэсэн эмэгтэй хүний нууцлаг, дотоод мөн чанар  юунд оршдогийг харуулсан.  Дээрээс нь миний нөхөр дөрвөн жилийн өмнө “Хувьсал” продакшныг надад хүлээлгэж өгөхдөө хэлж байсан юм.

“Хувьсал” гэдэг бол байнгын өөрчлөгдөж хувьсаж, шинэчлэгдэж байх ёстой. Хэзээ ч нэгэн хэвийн байгаагаараа байж болохгүй. Хамт олон, уран бүтээл гээд бүхий л  зүйл нь өөрчлөгдөж, шинэчлэгдэж, заавал продюсерийн продакшн байх ёстой шүү” гэж хэлж байсан. Тиймээс ч нөхрийнхөө хэлснээр шинэ залуу уран бүтээлчидтэй түлхүү ажиллаж, шинэ нүүр царайг бүтээж, хувьсаж, өөрчлөгдөж ажиллахыг хичээдэг. 

-Энэхүү киногоор эмэгтэй хүний нууцлаг байдал, дотоод чанарыг харуулахыг зорьсон гэлээ. Тэгвэл та өөрөө амьдрал дээр  хэр нууцлаг хүн бэ?

-Би бодохдоо эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх тусмаа илүү нууцлаг байдаг гэж боддог. Өөрөө ч тийм байхыг хичээдэг. Гэхдээ урлагийн хүний бүх зүйл нууцлаг байна гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар ил гардаг. Кинонд маань ч гэсэн маш олон санаа нуугдаж байгаа. Ер нь аливаа зүйл нууцлаг байх тусмаа  хүний сонирхлыг илүү татдаг.

Зураг