Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: ОУВС-гийн шаардлагуудтай санал нэг байна

Ч.Олдох
2017 оны 3 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОУВС-гаас хэрэгжүүлэх “Extended fund facility”  хөтөлбөрийн эргэн тойронд  УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа. 

-ОУВС-гаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн эхний мэдээллүүд ил болсон. Энэ талаар таны байр суурийг сонирхъё?

-ОУВС–гийн манайд хэрэгжүүлэх хөтөлбөр бол яг  “Stand by” биш. Түүнээс арай өөр нөхцөлтэй “Extended fund facility”  хөтөлбөр юм. Энэ нь зээлийн нөхцөлийг  илүү өргөжүүлсэн хэлбэр. Сая ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголбанк хамтарсан эхний танилцуулгаа хийсэн байгаа. Түүний өмнө манай намын бүлэг хэлэлцсэн. Ер нь бол хэлэлцээ үргэлжилж байгаа  гэж ойлгож болно. Дараагийн шатанд Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэх гэх мэт хэлэлцээ явна гэж эхний танилцуулгадаа дурдаж байсан. Тэгэхээр хэлэлцээ эцэслэгдээгүй үргэлжлээд явж байхад ийм тийм байна гэж дэлгэрэнгүй ярих боломжгүй. Ер нь манайхан гурван үгийг буруу ойлгож хэрэглээд байгааг энэ дашрамд залруулъя.

-Тэр нь юу билээ?

-Манайхан хэлэлцээр гэж ярьж, бичээд байх юм. ОУВС-тай бол яриа хэлэлцээ явж байгаа. Хэлэлцээ гэдэг бол Олон улсын гэрээ, хэлэлцээр гэдэг бол Засгийн газар хоорондын үйл ажиллагаа. Тэгэхээр гэрээ, хэлэлцээр, хэлцэл гэдэг ялгаатай.

-ОУВС-гийн тавьж байгаа шаардлагуудыг та юу гэж үзэж байна?

-ОУВС бол Монгол Улсын санхүүгийн сахилга батыг сайжруулах гэж л  шаардлагууд тавиад байгаа юм. Санхүүгийн сахилга бат, төсвийн санхүүгийн менежмент  харилцан хяналттай, боломжоо бодитой тооцсон байх шаардлагатай. Хууль батлагдангуут санхүүгийнхээ орон зайг хаагаад байх биш, хамгийн өндөр ач холбогдолтой салбарууддаа санхүүгийнхээ боломжуудыг зөв хуваарилдаг байх ийм нарийн програмчлал, тооцооллуудаар төсөв, санхүүгийн үйл ажиллагааг хийдэг болсон шүү дээ, орчин үед. Энэ бол програмчлал юм. Бүх үзүүлэлтийг нарийн тооцдог. Үүгээр ОУВС шаардлагуудаа тавьж байгаа.

-Одоо төлж эхлэх 580 сая ам.доллар дээр олон янзын тайлбар явж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Гол нь манайх 580 сая ам.долларын зээлээ төлөх нь чухал уу гэвэл мэдээж ямар нэгэн байдлаар шийдүүлэх нь чухал. Хамгийн гол нь санхүүгийн сахилга батаа яаж сайжруулах юм бэ. Урт хугацааны санхүүгийн тэнцлийн алдагдлаа яаж сайжруулах вэ. Төлбөрийн балансаа яаж сайжруулах вэ, мөнгөний бодлого, валютын ханшаа яаж зохицуулах вэ. Үүнд нэгдсэн бодлого, стратеги хэрэгтэй. Энэ маань ОУВС–гийн нэгдсэн программд ордоггүй. Бид өөрсдөө чадахгүй, Засгийн газар чадахгүй байгаа учраас ОУВС–гийн бодлогод орж байж,  тэр программаар нь явж байж л байдал сайжирна. Тиймээс ОУВС–д орох нь зайлшгүй шаардлагатай байсан.

-Санхүүгийн сахилга батын сэдвээр  та нэг бус удаа ярьж байсан. Одоо санал нийлж байгаа болоод  нийлэхгүй зүйл нь юу байна?

-Төсвийн үр ашиггүй зардлуудыг танах, төсвийн орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанд  миний   хэлж байсан шаардлагуудтай ОУВС-гийн шаардлага нийцэж байгаа учраас би дэмжиж байгаа. Манай зардлууд социалист маягтай, орлого тал нь капиталист маягтай болчихсон. Зарлага талдаа бид төрөл бүрийн нийгмийн халамжийн бодлогыг ихээхэн өргөжүүлдэг. Орлого талдаа татварыг бууруулж, илүү либерал маягтай нэг шатлалтай татварын тогтолцоо руу шилжчихсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар ч тэр. Дэлхий нийтийн жишиг бол нийгмийн баялгаас арай илүү хүртэж байгаа хүн арай илүү төлчих ёстой л гэсэн зарчим. Түүгээрээ  хүн өдрийн хоолоо, эмчилгээний зардлаа хасахгүй, гадаадад зугаалах юм уу тансаг хэрэглээний зардлаа  л хасдаг. Ер нь хямралын үед тансаг хэрэглээний зардлыг танах шаардлага тавигддаг.

-Манай улс ОУВС–гийн хөтөлбөрт ямартай ч хамрагдчихлаа. Ер нь бол энэ зам руу орохоос өмнө өөр боломж хайж, тухайлбал офшорчидтой хариуцлага тооцох, хилийн чанадад байгаа мөнгийг оруулж ирэх талаар танай нам яагаад арга хэмжээ авсангүй вэ. Авлигачдынхаа толгойг илээд улс орноо  “Stand by”  тэр дотроо хамгийн хүнд нөхцөлтэй “Extended fund facility”  хөтөлбөр рүү  оруулчихаж байгаа юм биш үү?

-Офшорчидтой хариуцлага тооцох асуудлыг огт яриагүй биш ярьж байгаа манай нам. Гарц гаргалгаа ярьж, олон гишүүн шаардлага тавьж байгааг та бүхэн мэдэж байгаа. Гагцхүү хууль эрхзүйн зохицуулалт, тэр дотроо хуулиар биш гүйцэтгэх засаглалын ажлууд хийгдэж байж хэрэгжүүлэх ёстой. Үүнд холбогдох яамд, хүчний байгууллагууд гэж нэрлэдэг тэр газрууд мөнгийг олж илрүүлэх, хууль бус гарсан мөнгөний гүйлгээг хянах бүрэн бололцоотой.

Өнөөдөр манай санхүүгийн мэдээллийн албанд 20 саяас дээш бүх гүйлгээ хянагдаж байдаг, ил тодоор. Ер нь бол гарсан, орсон мөнгийг хэний мөнгө хаашаа орсныг бүгдийг тооцоолоод гаргаад ирэх бололцоотой. Энэ ажлаа л хийх ёстой. Үүнийг л бид засгаасаа шаардаж ажиллах хэрэгтэй юм.

Зураг