Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оксфордын Олон Улсын уран зургийн үзэсгэлэнд Монголоос 10 уран бүтээлч оролцоно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Британийн Оксфорд хотноо жил бүр зохиогддог Оксфордын Олон Улсын уран зургийн үзэсгэлэн яармаг 2017 оны 2 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно.

Урлаг, соёлын салбарын олон улсын томоохон арга хэмжээний нэг энэ үзэсгэлэнд орчин үеийн уран зураачдын төлөөлөл болох Д.Батбилэг, Т.Отгонбаяр, Д.Түвдэндорж, Ч.Сэндэм, Х.Элбэгзаяа, С.Алтанцоож, О.Одгэрэл, М.Очир-Эрдэнэ, О.Молор-Од нарын 10 уран бүтээлч Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.  

Монгол уран бүтээлчдийг төлөөлж буй Британи дахь Монгол Улсын соёлын элч, Creative Curating компанийн захирал Ж.Өнөрмаа “Олон улсын соёл, урлагтай танилцахаар ирсэн хүмүүс манай уран бүтээлүүдтэй танилцаад Монгол орныг сонирхох нь цөөнгүй байдаг. Тэд Монголын соёл, өв уламжлалаас сонирхож мөн  аялахаар төлөвлөдөг” хэмээн дурдсан юм.

30 гаруй орны авьяаслаг уран бүтээлчид үзэсгэлэн яармагт оролцох бөгөөд дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэ үзэсгэлэнг жил бүр Оксфорд болон бусад ойр орчны мужуудаас урлагт дуртай 6,000 гаруй хүн зочлон ирж сонирхдог. 

Британийн орчин үеийн нэрт уран бүтээлч Дэмиен Хёрстийн эх бүтээлийг нэгэн галерей дэлгэн үзүүлэх гэж байгаа нь энэ жилийн томоохон онцлог үйл явдлаар тодроод байна.

 Үзэсгэлэнтэй холбоотой мэдээллийг www.facebook.com/MongolianArtLondon хуудаснаас авах боломжтой


2015 онд Монголын уран бүтээлчдийн стенд уг үзэсгэлэнгийн 2 дугаар байрын шагнал хүртэж, цомоор шагнуулж байсан юм.