Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Лестэрчүүд Испанийн багт ялагдав

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жил итгэмээргүй амжилт үзүүлж Английн дээд лигт түрүүлсэн Лестэр Сити клуб өнгөрсөн шөнө хасагдах шатны эхний тоглолтод оролцов. Тэд Испанийн лигт муугүй амжилттай яваа Севийя клубын талбайд зочилж хожигджээ.

Өнгөрсөн жил Европа лигт түрүүлсэн Севийячууд тоглолтын эхнээс л Лестэрчүүдийг илүүрхэж байсан. Тоглолтын 14 дэх минутад эзэн багийн довтлогч Хоакин Корреа гоол оруулсан боловч отон тоглолт гэж үзэн тооцсонгүй.

Тоглолтын 25 дахь минутад Севийя клубын хагас хамгаалагч Пабло Сарабиа гоол оруулснаар эзэд тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Эхний гоолоос хойш эзэд тоглолтыг бүрэн хяналтдаа авсан гэхэд болно. Тоглолтын эхний үед өөр гоол орсонгүй. Харин тоглолтын хоёрдугаар үеийн 62 дахь минутад Хоакин Корреа гоол оруулснаар эздийн тэргүүллийг улам баталгаажуулжээ. Эзэд үүнээс хойш гоолын олон боломж гаргасан ч гоол оруулж чадаагүй юм.

Харин тоглолтын эцсийн цэгийг зочин баг болох Лестэр ситичүүд 73 дахь минутад тавьсан. Гоолын эзэн нь Жейми Варди байжээ. Түүнд гоолын дамжуулалтыг Дани Дринкуотер өгчээ.

Эх сурвалж: www.soccerway.com