Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Японы амьтны хүрээлэн “цэвэр биш цустай” 57 сармагчинг заазалжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Японы нэгэн амьтны хүрээлэн тус арлын уугуул амьтад болох 57 цасны сармагчинг “харь цусны түрэмгий ген агуулж байгаа” шалтгаанаар эмнэлгийн аргаар заазалжээ.

Такагояма хүрээлэнгийн сармагчингуудын гуравны нэг орчим нь ийм холимог цустай болсон нь шинжилгээгээр нотлогдсон юм байна. Энэтхэг, Хятадаас гаралтай макака сармагчингуудтай холилдсон нь тэднийг “Япон биш хүмүүжилтэй” амьтад болгосон гэж үзжээ. Учир нь дээрх харийн макака сармагчинг Японд хориглодог юм байна.

Цасны сармагчингууд торноосоо гарч явах үедээ өөр төрлийн зэрлэг сармагчингуудтай эвцэлдэж, ийнхүү өөр цусны сармагчингууд бий болсон гэж үзжээ.

Амьтны хүрээлэнгийн захиргаа энэ үйлдлээ “уугуул нутгийн байгалийг хамгаалахын тулд устгасан” гэж тайлбарласан байна.

Үүний дараа хүрээлэнгийн захиргаа заазлагдсан сармагчингуудад зориулж ойролцоох Буддын сүмд ном уншуулсан гэнэ.

Такагояма хүрээлэн нийт 164 цасны сармагчинтай. Эдгээр нь бүгд Японы арлын уугуул, цэвэр цустай сармагчинд тооцогддог байжээ. Сошиал сүлжээнд зарим Япончууд энэ үйл явдлыг харгис хэмээн шүүмжилж, алахын оронд яагаад өөр орнуудад илгээж болоогүйг асуусан байна.

Үүний дараа хүрээлэн сармагчингийн тор, хашааг сайжруулж, оргох боломжгүй болгох арга хэмжээ авчээ.

 

Эх сурвалж: Japan Times