Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын дипломатчийг байцаах хүсэлтийг Малайзийн цагдаа гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын аллагын хэрэгтэй холбогдуулан дипломат ажилтныг байцаах хүсэлтээ Малайзийн цагдаа Хойд Солонгосын элчин сайдын яаманд хүргүүлснээ өнөөдөр мэдээлжээ.

Мөрдөн байцаагчид Хойд Солонгосын нийт таван хүнийг хэрэгт холбогдуулан шалгахаар болоод байгаагийн дотор элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Хён Кван Сон, агаарын тээврийн компанийн ажилтан Ким Ук Ил нар байгаа гэнэ.

Малайзийн цагдаагийн төлөөлөгч Халид Абу Бакар “Энэ хоёр хүнтэй уулзаж, ярилцах боломж олгохыг бид элчин сайдаас бичгээр хүссэн” гээд хэрвээ элчин сайд татгалзсан хариу өгвөл “албадан байцаах шаардлага хүргүүлнэ” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Куала Лумпураас Макао руу аялахдаа нисэх буудалд алагдсан Ким Жон Намын үхэл хоёр орны хооронд үл ойлголцол үүсгээд байгаа.

Хойд Солонгосын элчин сайд Ким Жон Намын цогцсыг хөндөлгүйгээр шилжүүлж өгөхийг Малайзаас шаардсан бол Малайзийн тал үхлийн шалтгааныг тодруултал цогцсыг хэнд ч шилжүүлж өгөхгүй гэсэн юм.

Үүний хариуд Хойд Солонгосын элчин Малайзийг өөрийнх нь “дайснуудтай хуйвалдаж байна” хэмээн буруутгасан ба дараа нь Малайзийн тал Пьёньян дахь элчин сайдаа эргүүлэн дуудаад байна.

 

Эх сурвалж: Korea Herald