Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нууцлаг цацраг идэвхит бодис Европ даяар тархаж байгааг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Иод-131 (iodine-131) хэмээх хүний гараар бүтээгдсэн цацраг идэвхит материал Европ даяар бага хэмжээтэй тархсан нь саяхан илэрсэн байна. Эхлээд уг бодис нэгдүгээр сарын эхээр Норвегийн хойд хэсгээс илэрсэн бол цаашдаа тив даяар тархаж эхэлжээ.

Анх илрүүлснийхээ дараа эрх баригчид энэ талаар олон нийтэд мэдээлээгүй байснаа саяхан ил болгосон байна. Үүний шалтгаан нь уг бодис хаанаас гаралтай, хэрхэн тарж байгаа зэргийг тайлбарлаж чадахгүй байсантай холбоотой бололтой.

Уг нь Иод-131 нь ихэнхдээ өөр төрлийн цацраг идэвхит бодистой хамт оршдог. Гэтэл энэ тохиолдолд дангаараа илэрч байгаа юм. Үүнээс гадна Иод-131 нь хагас задралын хугацаа богинотой бодист тооцоогддог мөртлөө их хэмжээгээр илэрсэн нь түүнийг бий болоод удаагүйг харуулж байна.

АНУ-ын тусгай тоноглогдсон онгоц үүнийг ялган салгах гэж Европ дээгүүр хэд хэд нисээд сайн үр дүнд хүрч чадаагүй гэнэ. Зарим онол дэвшүүлэгчид үүнийг хойд туйлын бүсэд Оросуудын туршсан цөмийн бөмбөгний үр дүн гэж таамаглаж байна. Үнэхээр Иод-131 нь атомын бөмбөгтөй холбоотой бөгөөд туршилтынх нь дараа дэлхийн янз бүрийн бүс нутгуудад илэрдэг, Чернобыль, Фүкүшимагийн гамшгийн газруудаас бас илэрч байсан юм.

Гэхдээ үүнийг бас хорт хавдар зэрэг зарим өвчнийг эмчлэхэд ашиглах нь бий.

Өөр бас нэг таамаг нь Иод-131-ийг аль нэг эмийн үйлдвэр алдаад, үүнийгээ эрх баригчдаас нуусан байж магадгүй гэсэн хувилбар.

Одоогоор илэрсэн бодисын хэмжээ нь хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд биш байгааг Францын цөмийн аюулгүй байдлын IRSN байгууллага мэдээлжээ. IRSN олсон мэдээллээ Европын бусад мэргэжил нэгт байгууллагуудтай хуваалцаж, үргэлжүүлэн судлахаар болсон байна.

 

Эх сурвалж: Independent